Эили нэрээр Солонгостоо төдийгүй дэлхий дахинд алдаршаад буй америк-солонгос гаралтай залуу дуучин, дууны зохиолч Эми Лигийн намтар, уран бүтээл, хувийн амьдралын тухай сонирхуулъя.
Эми Ли АНУ-ын Колорода мужийн Денвер хотод 1989 оны тавдугаар сарын 30-нд мэндэлжээ. Нью-Жерсид хүүхэд насаа өнгөрөөсөн бүсгүй ахлах сургуулиа төгссөний дараа хөгжмийн карьераа эхлүүлэхээс өмнө Pace University-д харилцаа холбооны чиглэлээр суралцаж байж. К-поп уран бүтээлээ хийж эхлэхээс өмнө тэрээр АНУ-ын “Muzo” энтертайнментад харьяалагдаж байжээ. 2010 онд Өмнөд Солонгос руу нүүхийнхээ өмнө Youtube-д өөрийн гэсэн сувгуудыг нээж “mzamyx3” буюу “aileemusic” гэх нэрийг өгчээ. Энэ үеэс л интернэт орчинд олны анхааралд өртөж эхэлсэн гэдэг.
ТВ ШОУГААР ТЭСЭРСЭН НЬ …
Тэр авга ахынхаа холбож өгсний дагуу хоолойгоо шалгуулж Солонгосын алдарт эмэгтэй хамтлаг болох Big Mama-гийн “Resignation” дууг дуулснаар YMC энтертайнмэнтийн дуучин болжээ. Энэ үедээ буюу 2011 оны аравдугаар сард Эили дуучин Wheesung-тай хамтран “They are coming” буюу “Тэд ирж байна” дуугаа бичүүлсэн аж. Мөн энэ үедээ Жэй Парк, Жоннипло, Клара-Си нарын алдартнуудтай хамтарч уран бүтээл туурвиж байжээ. Ингээд 2011 оны есдүгээр сард Солонгосын MBC телевизээс зохион байгуулсан “Singer and Trainee” шоу тэмцээнд алдарт дуучин Беойнсегийн “Halo” дуугаар оролцож үзэгчид болон шүүгчдээс өндөр үнэлгээ авч чадсан байдаг. Шүүгчид түүнийг “Тэр хаана ч байлаа гэсэн үргэлж од болон гялалзах болно. Тэр үнэхээр их авьяастай юм” хэмээн магтаж байж. Тэр тэмцээнд Эили тэргүүн байр эзэлж байв.
2012 оны хоёрдугаар сарын 6-нд түүний “Диваажин” дууны клип цацагдсан юм. Уг дууг Эилигийн уран бүтээлийн хамтрагч Wheesung бичиж продюсерложээ. Нэг сарын дараагаар тэр энэ дуугаараа Солонгосын сошиал компани болох Cyworld-ийн хөгжмийн номинацийг тэргүүлээд зогсохгүй “Азийн хөгжмийн наадам”-ын “Шилдэг шинэ уран бүтээлч” өргөмжлөлийг хүртжээ.
Мөн оныхоо гуравдугаар сард KBS телевизийн “Immortal songs-2” буюу “Мөнхийн дуунууд-2” шоунд 1967 онд Өмнөд Солонгосын поп дуучин Пэтти Кимийн дуулсан “Гэрэл ба сүүдэр” дуугаар оролцсон байна. Петти Ким сүүлд нь Эилиг “дараачийн агуу дуучин” хэмээн дүгнэн хэлсэн байдаг. Тавдугаар сарын 19-ний өдрийн шоугаар тэрээр мөн л Өмнөд Солонгосын алдартай дуучин, хөгжмийн зохиолч JYP буюу Пакийн “Намайг бүү орхиоч” дууг дуулж Солонгосын охидын хоёрол хамтлаг болох “Давичи”-гийн Ли Хэериг ганцхан онооны зөрүүгээр ялж байжээ. Мөн зургадугаар сарын 30-ны өдрийн үзүүлбэртээ тэрээр Солонгосын хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг болох Ли Сүн Чолын “Тавилан” дуугаар оролцож мөн л ялалт байгуулсан байна. Наймдугаар сараас нь харин өөрийн уран бүтээлдээ анхаарал хандуулах хэрэгтэй байна гэх шалтгаанаар уг шоуг орхих болсноо мэдэгджээ.
Тус оныхоо аравдугаар сарын 6-нд “Invitation” нэртэй EP (extended play буюу 5-6 дуутай бөгөөд бүрэн хэмжээний биш) цомгоо гаргажээ. “Invitation” буюу “Урилга” цомог зургаан дуунаас бүрдэх бөгөөд түүний хамгийн алдартай уран бүтээл гэгддэг “I’ll show you” болон “Heaven” дуунууд нь багтжээ. 2012 онд тэрээр шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд “Сөүлийн хөгжмийн авардс”, “Мелон хөгжмийн авардс”, “М нет Азийн хөмжмийн авардс” болон “Алтан цомог авардс”-аас “Шилдэг шинэ уран бүтээлч” цом хүртжээ. Мөн К-попын шилдэг хамтлаг, дуучдыг шалгаруулдаг “Gaon chart awards”-аас “Шинэ эмэгтэй соло уран бүтээлч” номинацийг тэргүүлсэн байна. Эилиг 55 дугаар Грэммиийн шагнал гардуулах үйл ажиллагааны өмнөх Улаан хивсний ёслолын ажиллагаанд Лос Анжелос хотноо хүндэт зочноор урьж байж. Энэ үеэр тэр “Mnet America Rising Star” шагналыг хүртсэн юм.
“A’S DOLL HOUSE” БА ЯПОН ДАХЬ КАРЬЕРИЙН ЭХЛЭЛ
2013 онд гаргасан “A’s doll house” нэртэй хоёр дахь EP цомогт нь багтсан “U&I” сингл нь цацагдаад дөрөвхөн цагийн дотор хөгжмийн чаартыг тэргүүлжээ. Цомог гарсан даруйдаа Солонгосын ойр орчмын бүх дэлгүүрээр зарагдаж дууссан гэдэг. 2013 оны наймдугаар сарын 4-нд Эили Японы “Warner Music Japan”-тай хамтран “Heaven” дуугаа япон хэлээр гаргажээ.
2013 оны арваннэгдүгээр сарын 13-нд К-попынхныг ангуучилдаг “Allkpop” хэмээх шар сайт түүний хэд хэдэн нүцгэн зургийг нийтэлж шуугиан тарьж байв. Үүний дараа түүний харьяалагддаг YMC энтертайнмэнт уг зургуудыг дотуур хувцасны зар сурталчилгаанд зориулсан зургууд байсан хэмээн мэдэгджээ. Дуучин нүцгэн зураг тараагчдыг цагдаад мэдэгдсэн бөгөөд өөр олон охиныг ийм байдалд оруулсан болох нь тогтоогджээ. Тэд хуучин найз залуутайгаа бичиж байсан фэйсбүүк мессенжерийг нь хакердаж нүцгэн зургуудыг олж авсан байж. Энэ дуулианаас болж тэрээр хэд хэдэн рекламны зураг авалтаас хасагдаж уналтад орсон гэдэг. Гэвч фэнүүд нь түүний энэ асуудлыг сүртэйгээр хүлээж аваагүй юм.
2014 оны нэгдүгээр сард Эили зургаан сарын турш олны нүднээс хол байсны эцэст эргэн гарч ирэв. Мөн оны есдүгээр сард “Don’t touch me” буюу “Надад бүү хүр” дуу нь гарч, мөн гурав дахь бие даасан EP цомог болох “Magazine”-ээ гаргасан байна. Энэ цомог нь “Gaon single chart”-ийн хоёрдугаарт бичигдэж байв.
АНХНЫ БИЕ ДААСАН ТОГЛОЛТОО ХИЙЖ БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ЦОМГОО ГАРГАСАН ЖИЛҮҮД
Жэй Парк болон Сан И нартай Торонтод хамтарсан тоглолт хийснийхээ дараа Эили өөрийн бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж эхэлжээ. Зургадугаар сарын 4-нд Сөүлийн олимпийн хүрээлэнгийн 3000 хүний суудалтай Гимнастикийн асарт анхны бие даасан тоглолтоо хийжээ. Тавдугаар сарын 27-ноос тоглолтын тасалбарыг интернэтээр худалдаалж эхлэхэд дороо дуусч, хамгийн хурдан зарагдсан тасалбарын рекордыг эвдэж байв. Эили олон алдартай дуучинтай хамтран гайхалтай шоуг үзүүлж чадсан байна.
2015 оны есдүгээр сард клипний зураг авалтанд орж байхдаа хөлөө гэмтээжээ. YMC энтертайнмэнтийн зүгээс түүнийг зураг авалтын турш суугаагаараа байвал ажлаа цааш үргэлжлүүлж болох юм хэмээн үзэж байсан бөгөөд дуучин бүсгүй ч өөрөө энэхүү бэртэл гэмтэл маань фэнүүддээ амласан амлалтыг маань зөрчүүлж чадахгүй хэмээж байжээ.
2015 оны есдүгээр сарын 30-нд дуучин бүсгүй маань анхны бие даасан бүрэн хэмжээний цомог “VIVID”-ээ гаргасан байна. Энэ үедээ тэрбээр шилдэг эмэгтэй дуучин төрөлд гурван ч удаа нэр дэвшээд байсан юм.
2016 онд Эили “Superstar K 2016” тэмцээний шүүгчээр ажиллахаар сонгогдов. Аравдугаар сарын 5-нд “New Empire” EP цомгоо гаргасан байна. Энэхүү цомог нь “Gaon chart awards”-ийн 10 дугаарт, АНУ-ын Billboard чаартын есдүгээр байранд бичигдэж байжээ.
АМЕРИК СИНГЛ, АЯЛАН ТОГЛОЛТУУД
2017 оны нэгдүгээр сарын 7-нд “West side” энтертайнмэнттай хамтран анхны америк сингл болох “Fall Back”-ийг A.Leean нэрийн дор гаргажээ. Энэ нь “Gaon Digital Chart”-ийг гурван долоо хоногийн турш тэргүүлсэн байна. Мөн 2016 онд гарсан Өмнөд Солонгосын телевизийн “Хамгаалагч: Ганцаардал ба агуу бурхан” олон ангит киноны дууг дуулсан нь 2017 оны шилдэг киноны дуу шагналыг хүртэж байжээ. Энэхүү дуу нь маш олон шагналыг ар араасаа дагуулсан гэдэг. “Сөүлийн үндэсний драм авардс”, “М нет Азийн хөгжмийн авардс”, “Мелон хөгжмийн авардс”, “Сөүлийн хөгжмийн авардс”, “Алтан цомог авардс”-аас “Шилдэг киноны дуу” шагналыг хүртэж байв. “Music Bank” хөгжмийн сувгийн жагсаалтыг мөн 20 долоо хоногийн турш тэргүүлэн рекорд эвдэж байлаа. Үүнээс хойш тэрээр өөрийн улсын томоохон хотуудаар аялан тоглолтуудаа хийж эхэлсэн юм. Тайванд “Эили-Сайн байна уу Тайпэй 2017” нэртэй анхны тоглолтоо хийж байсныг нь бас онцолъё.
2018 оны гуравдугаар сарын 18-нд Эили Пёнчаны олимпийн цэнгэлдэх хүрээлэнд Паралимпийн олимпийн хаалтан дээр “I will show you” дуугаа дуулж сонирхуулж байжээ. Өмнөд Солонгосын соёлын элчээр сонгогдож Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод болсон дээд хэмжээний уулзалтанд ая дуугаа өргөж байв. Мөн оныхоо 10 дугаар сарын 24-нөөс “Ailee I am” нэртэй хоёр дахь үндэсний хэмжээний аялан тоглолтоо эхлүүлж байжээ. Саяхан буюу энэ сарын 2-нд тэрээр хоёр дахь бүрэн хэмжээний цомог болох “Butterfly” цомгоо гаргасан юм байна.
Дуучин бүсгүй Солонгостоо мэдэхгүй, танихгүй хүнгүй болтлоо нэр алдарт хүрч, дэлхийн тайзнаа од болон гялалзаж яваа хэдий ч хувийн амьдрал нь олонд ил биш. Нууцлаг амьдралтай од. Хэд хэдэн залуутай болзож байсан ч энэ талаараа огт дурсдаггүй. Ийм байдал нь ч үзэгч фенүүдэд нь таалагддаг гэсэн. Баруунд төрж өссөн болоод тэр үү, маш энгийн. Энгийн даруу зан нь алдрын оргилд хүрэхэд нь том нөлөө үзүүлсэн гэдэг юм билээ.
А.МӨНХЗУЛ