БААБАР
ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
ХХ зууны Монголын түүхийг бүтээгч голлох содон хүмүүсийн намтрын “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын дараагийн дугаар болох гурван ном хэвлэгдэн гарлаа. Ерөнхий сайд асан Гончигжанцангийн Бадамдорж (Б.Цэнддоо), Ерөнхий сайд асан жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазар (Ё.Отгонбаяр), Цэвээний Жамсран (С.Лочин). “Хүмүүн хорвоо” нийгэмлэгээс эрхлэн НЭПКО хэвлэлийн газраас гаргаж буй эдгээр цуврал өдгөө хорь гаруй түүхэн хүний намтрыг хэвлэж уншигчдад хэдийнэ танил болжээ. Энэ удаа ХХ зууны Монголын хоёрын хоёр Ерөнхий сайдын намтар зэрэг хэвлэгдсэн нь онцлог. Урьд нь Ерөнхий сайд асан нараас Бодоо, Чойбалсан, Цэдэнбал, Батмөнх нарын намтар нэгэнт олны хүртээл болсон ба одоо удахгүй Амар, Гэндэн нарын намтар бүтээл гарах учиртай юм. Ерөнхий сайд асан Намнансүрэн, Цэрэндорж, Жигжиджав нарын намтрыг бичих зохиогчийг хайж байна.
“Хүмүүн хорвоо” нийгэмлэгээс эрхлэн “Миний жаран” хэмээх намтрын шинэ цуврал гаргаж эхэлсний эхнийх нь дөнгөж сая хэвлэгдсэн Ерөнхий сайд асан С.Баярын “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” хэмээх өөрийн цадиг болно. “Миний жаран” цувралын онцлог нь шинэ зууны шинэ Монголын түүхийг бичилцсэн амьд сэрүүн хүмүүс өөрсдийнхөө талаар өөрснөө бичиж туурвих юм. Автобиограф ч гэж нэрлэдэг. Ерөнхий сайд асан Содном, Гунгаадорж, Бямбасүрэн, Энхсайхан, Элбэгдорж, Амаржаргал, Энхбаяр, Энхболд, Батболд, Алтанхуяг, Сайханбилэг, Эрдэнэбат нарын эрхмүүд өөрийн цадигаа туурвиж бидэнтэй нэгдэнэ гэж найдаж байна. Энд Монголын Ерөнхий сайд нарыг л онцолж сонирхуулсан төдий, түүнээс биш “Түүхэн эрхмүүдийн цадиг” ч, ”Миний жаран” цуврал ч тухайн цаг үеийн тод гэрчүүдийн намтар цадиг болохоос зөвхөн Ерөнхий сайд нарын намтрын цуглуулга биш юм шүү.
Шинээр хэвлэгдсэн гурван номоос Цэвээн Жамсрано, Жалханз хутагт нарын намтар түүх ямар нэг хэмжээгээр нийтэд танил, түүхчид ч эдний тухай заримдаг судалгаа хийсэн болохоор огт мэдэхгүй хүмүүс биш. Харин Монгол Улсын хоёр дахь Ерөнхий сайд Бадамдоржийн намтар огт судлагдаагүй цоодон шинэ сурвалж аж. Бадамдоржийг нэгэнт урвагч, улсаа худалдсан хүн, Монголын дайсан гэж 1950-иад оны үеэс намзасаг зарлан тодруулснаас болоод хэн ч түүнийг судалсангүй, намтар цэдгийг нь айгаад сонирхсонгүй. Тэр байтугай шавь нарыг удирдан даргалах “Эрдэнэ шанзадбо” хэмээх албан тушаалын нэр ч “шанзав” гэсэн Бадамдоржтой холбоо бүхий улсаа худалдагч урвагч гэсэн утгатай хараалын үг болж энэ нэрийг заналтайгаар шүдээ зуун хэлэх болсон билээ. Бадамдоржийг судална гэдэг нь намзасгийн заналт дайсны тухай эерэг материал илэрч магадгүй, энэ нь мөн шанзаваараа дуудуулж урвагч дайсан болж намаасаа хөөгдөн нийгмээс гадуурхагдах аюултай учир санаан зоргоор ”судлаад” байдаг ажил биш. Харин намзасагтаа үнэнчээ харуулахын тулд нэмж гөвөн, элдэв гүтгэлэг ахиулан зохиох нь аминд халгүйгээр барахгүй шан харамж зэрэг тушаал нэмэх харин ч сайхан боломж байлаа.
Үүний нэг тод жишээ нь Д.Намдаг гуайн “Ээдрээ” жүжгийг тайзнаа амилуулсан адал явдал байдаг. Жүжгийн зохиолд Дагдан билүү, нэг муу талын баатар бий. Тэр нь гамин бороонтой нийлдэг ч билүү. Гэтэл жүжгийг найруулахдаа зохиолд байгаагүйгээр “да лам” хэмээн авгайлна. Гамин борооны үед Да лам Цэрэнчимэд хэдийнэ нас барсан байсан болохоор энэ нь мэдээж да лам Бадамдорж болж таараад байгаа юм. Энэ муу баатрын дүрд “муухай” хочтой авьяаслаг жүжигчин Пүрэв гуайг сонгосон ба гамин борооноос авсан гэх алт мөнгөн хахуулийг тэврэн “насаараа идэх хөрөнгө минь!” гэж зэвүүнтэйгээр бархирна. Жүжгийг зохиогч Намдаг гуай “Би уг нь цагаан яст сурвалжтануудаа жаахан өмөөрөх гэсэн юмсан. Найруулагчид нь харин пад хараар будчих юм” гэж харууссан гэдэг. Хожим нь нь Мөнхдоржийн шинэчилж найруулсан бүтээлийг үзээд “Мөнхдоржид баярлалаа” гэсэн гэдэг. Тэнд феодалууд гэгддэг язгууртан сурвалжтан сэхээтнүүдийг хэр чадлаараа эерүүлэн үзүүлжээ. Түүнээс бүр өмнө 1942 онд оросуудын бүтээсэн “Его зовут Сухе-Батор” кинонд Богд хаантай нэн холбоотой ойрын хүн болох Бадам хэмээх оточ жанжин Сүхбаатарт хор өгч алдаг.
1921 оноос өмнө ноёд язгууртан сэхээтэн лам хуврагууд Монголын ард түмнийг дарлан зовоож махыг нь зулгааж цусыг нь сорж байв гэсэн тогтсон номлолтой байсан намзасагт тэдний төлөөлөл болсон нэг адгийн муухай шаар хэрэгтэй болж Бадамдоржийг сонгожээ. Анх улаан оросууд санаачилж, 1954 онд зохиосон “История МНР” хэмээх Монголын “албан ёсны түүх”-дээ тодоор ингэж тусгасан ба улмаар түүнд нь тохируулж түүхч гэрч гэх хэдэн хүн нэмж баахан гүтгэсний дараа урлаг уран сайхан руу халин зохиолчид, шүлэгчид, түүхчид, уран бүтээлчид тус болгондоо Бадамдоржийн тухай улам муухай явдал санаанаасаа зохиож нийгэмд тогтсон итгэл үнэмшил болгосон юм. Өнөө үеийнхний бараг бүгдээр цээжилсэн -Бадамдорж хятадуудтай нийлж Монголын тусгаар тогтнолыг устгах 64 зүйлт гэрээ хийсэн, тэрээр үүнийхээ төлөө асар их мөнгө цаас шанд нь авч гударсан, Сю Шүжантай хавсайдаж автономийг устгасан, тэр үед ард түмэн Бадамдоржийн тухай “Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайд” гэж дуулалдаж байсан, хүүхдүүд Сю генералын машины чагнаалыг дуурайн хашааных нь гадаа дуу гаргахад тэрээр бөхөлзөн гарч ирсэн, хойшоо Орос руу Ханддорж тэргүүтэн тусламж гуйхаар мордоход Сандо амбанд чухам Бадамдорж л очиж ховлосон гэх мэтийн үй олон “факт баримт” бүгд зохиомол, бүгд гүтгэлэг.
Б.Цэнддоо нэлээд урт үргэлжилсэн судалгааны дүнд Ерөнхий сайд Бадамдоржийн намтрыг бичиж ном болгон гаргалаа. Цэнддоог ихэнх хүн шог зохиолч, яруу найрагч, фельетонч гэдгээр нь ойлгодог. Тэр нь ч үнэн л дээ, гэхдээ миний харж байгаагаар тэрээр авьяаслаг түүхч, түүх бичлэгийн мастер гэдэг нь илүү товойж харагддаг. Их дээд сургуулийн түүхийн ангийн диплом олоод авчихаараа түүхч болчихгүй, хийсэн бүтээснээрээ ингэж үнэлэгддэг гэдгийг хүмүүс зөвшөөрөх байх гэж найдаж байна. Далимд хэлэхэд, сая Ерөнхий сайд Дамдинбазарын намтрыг бичсэн Ё.Отгонбаяр нь дипломатч, сайд гэхээсээ илүү сүрхий түүхч, түүх бичиглээч юм билээ шүү. Урьд нь тэр “Монголын ХХ зууны түүх” гэх нэлээд хэдэн цуврал ном бичсэн нь гадаадад тоогдож түүгээр нь баримтат кино хийх гэж байгаа юм билээ.
Цэнддоо энэхүү Бадамдоржоосоо өмнө БНМАУ-д 1957-62 онд зохиогдсон соёлын довтолгооны талаар “Соёлын довтолгоо: Хоньчноос барилгачин” гэсэн томоохон монограф бүтээл туурвисан. Соёлын довтолгоо бол ХХ зууны Монголд болж өнгөрсөн хамгийн үр дүнтэй, хамгийн дорвитой, тэгсэн мөртөө хамгийн чимээ шуугиангүй, тэр хэрээрээ хамгийн судлагдаагүй төсөл байсан юм. Дундад зууны нэн хоцрогдлоос ХХ зууны хоёрдугаар хагаст морио унаад модоо тохоод гэнэт ороод ирсэн нүүдэлчин монголчуудыг асар богино хугацаанд соёлжуулж иргэншүүлж орчин үеийн иргэд болгож чадсан мундаг амжилт. Үүнийг санаачилж хэрэгжүүлсэн намзасгийн удирдагч Цэдэнбалд энэ үйлсийнх нь төлөө хойч үе нь гүн талархууштай. Хачирхалтай нь соёлын довтолгоо огт судлагдаагүй онгон сэдэв байлаа. Нэг талаасаа соёлын довтолгооны үед авч байсан арга хэмжээнүүд өнөөгийн нүдээр харахад хэтэрхий инээдтэй, зарлиг тогтоолууд нь хүн үзэж сонсоход ичгэвэртэй гэж үзэж байсан байх. Гуанзангуудад зориулж гаргасан тогтоолд хоносон хоол үйлчлүүлэгчдэд өгч болохгүй, үйлчлэгчид гар хөлөө угааж байх хэрэгтэй, хүний үлдээсэн хоолыг дараагийн хүнд халааж өгөхийг хориглоно ч гэх шиг. Айл болгоноор орж шалгалт хийх байцаагчид хүн бүрийн гутлыг тайлуулж хөлийн хумсаа авсан эсэхийг үзэх заавартай. Үүнээс болоод ичдэг байсан юм болов уу, судалгаа хийхийг таашаадаггүй байсан. Нөгөө талаас соёлын довтолгоог гардан удирдсан намзасгийн хоёрдугаар хүн Цэнд гэнэт буруудаад хусуулсан учир түүнтэй холбоотой ямар нэг материал хориглогдсон талтай. Хэний ч зориглон халдаагүй энэхүү гайхамшиг болсон сэдвийг Цэнддоо барьж аван 6-7 жил судалж бүрэн хэмжээний зураглал түүх бүтээсэн юм. Ихэнх баримт Улсын төв архивт байхгүй учир олон газраас материал бичиг цуглуулсан. Энэ бол эрдэм шинжилгээний дорвитой том бүтээл болсон. Чухам энэ бүтээлд нь түүнд Төрийн соёрхол олгосонд атаачид хорсон марзан өгүүллүүд бичээд шагнал авлаа гэж боож үхдэг.
Бадамдорж бол Цэнддоогийн олж илрүүлсэн дараагийн нууцлаг түүх юм. Явж явж Бадамдорж нь ХХ зууны эхний хорин жилд Монголын улс төрийн явдлын жинхэнэ толгойлогч байжээ. Богд Жавзандамба бие ядруу, тэгээд ч улс төрийн бодлогын хувьд Бадамдоржийг л дагадаг байсан бололтой. 1900 онд холбоотны найман улсын цэрэг Бээжинг эзэлж Манж Чин гүрнийг эгээтэй л түлхэн унагах шахсан. Хоёр зууны өмнө Долон нуурт байгуулсан Манж-Халхын тохиролцоо цааш явах найдваргүй болсныг ухаарсан Бадамдорж Орос руу сэмээр мордож II Николай хаантай уулзан Монголыг Манжийн эзэгнэлээс тусгаарлахад туслахыг гуйсан байдаг. 1907 онд Манж Чингийн төр Үндсэн хуульт хаант улс болохоор бэлтгэх хүрээндээ Гадаад Монголын онцгой тусгаарласан эрхийг цуцалж, Монголд онцгой эрх олгосон 1762 оны хуулийг хүчингүй болгонгуут Монгол орон Манжийн хааны өмнө хүлээсэн үүргээсээ татгалзаж бүрэн тусгаар тогтнолоо зарлах санаагаа хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэрээр Эрдэнэ шанзадбо хэргэмтэйгээр Монголын бүх шашны асуудлыг хариуцаж Халхын хан нартай зиндаа нэгтэй байжээ. Шашны тал хариуцаж байсан тэрээр Умрын буддизм гэх онол дэвшүүлж Монголд ноёлох шарын шашин нь Төвдийн буддизмээс хараат байдаг явдлыг таслан зогсоож өөрийн гэх бие даасан шашинтай болгох гэж их тэмцсэн нь бичиг баримтад үлджээ.
1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарлахад өөрийн харьяаны доод хүн болох да лам Цэрэнчимэдийг Дотоод яамны сайд бөгөөд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг. Тэрээр далдаас удирдан чиглүүлдэг “нууц ноёнтон” байх дуртай. Сүүлд байгуулагдсан Шашин төрд туслах яамны сайд болсон. Энэ нь ерөнхийдөө хянаж шалгадаг том эрх мэдэлтэй, социализмын үеийнхээр бол Намын хянан шалгах хороо гэж бүгдийг айлгадаг газар байсантай төстэй юм уу даа. Тэнд даргалж байхдаа л ван гүнгүүдийн эрх мэдлийг нэлээд хязгаарлаж тэдний дургүйг хүргэсэн аж. Цэрэнчимэдийг оросуудад хорлогдож үхсний дараа Дотоод яамны сайд болжээ. Мөн Ерөнхий сайд Намнансүрэнг 1918 онд сэжигтэйгээр нас барсны дараа Ерөнхий сайд болсон ч Дотоод яамны сайдын үүргээ хавсран гүйцэтгэх болсон юм. Нууц ноёнтон ингэж ил гарсан нь аргагүй явдал байж, юу гэвээс энэ үеэс ноёд язгууртан ба шашны төлөөлөгчдийн хоорон дахь хагарал дээд цэгтээ хүрч улс орны орших -эс орших асуудал хоолой дээр тулсан байлаа. Чухам энэ хагарал эцэст нь Хятадын бүгд найрамдах улсын цэргийн хүчийг урьж авчран автономи эрхээ цуцлуулахад хүргэсэн билээ. Богд хаан ба Бадамдорж нар тусгаар тогтнолоо хадгалах гэж байдаг арга чаргаа хэрэглэсэн боловч гүн вангууд гэх язгууртан ноёдод дийлджээ. Сю Шүжан Монголд орж ирэн автономи устгах бичигт гарын үсэг зур хэмээн Богд хаан, Ерөнхий сайд Бадамдорж нарыг шахахад “Үүнд үсгээ зурснаас үхсэн минь дээр” гэж хэлсэн баримт бий. Үнэхээр ч тэрээр даруй хамаг хэргэм тушаалаа өгч хөдөө гаран жанч халсан юм.
Үнэндээ тухайн нийгэмд хамгийн боловсролтой анги нь лам нар байсан, харин ван гүнгүүд Манжийн хаанаас ажил хийлгүй тэтгэлэг аван эрхээрээ хатсан, язгуур угсаагаараа түрий барьсан харанхуй хүмүүс ихэнх нь байж. Иймээс ч төрийн бодлогыг боловсролтой бодол ухаантай лам нар барьж чиглүүлж байхаас өөр аргагүй байсан байх. Анхны Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Цэрэнчимэд, Ерөнхий сайд Бадамдорж, Дамдинбазар, Бодоо нар бүгд лам нар байлаа.
Бадамдоржийн намтар цэдэг урьд нь огт судлагдаж байгаагүйгээс гадна түүнтэй холбоотой материал, баримт бичиг хомс. Намзасгийн гүтгэлэг албан шаалтаар тулгагдахаас өмнө орчин цагийн Монголын бичгийн их хүмүүс болох Магсар хурц, Дэндэв, Дилав хутагт нарын дурсамжид Бадамдоржийг ихэд сайшаан сайнаар бичиж үлдээсэн. Тэд бүгд Бадамдоржтой хамт цаг үеийг туулсан амьд гэрч нар юм. Цэнддоогийн Бадамдоржид түүний намтар цэдгийг тодотгох, цаг үеийн нөхцөл байдал ямархуу байсныг тоочих, хүн ардын ахуй амьдрал, төр улсын тогтолцоо хэрхэж байсныг харуулах үүднээс Манж Чин улсад албан ёсоор хамаарах боловч бие даасан шинжтэй вассал Монголын түүх уламжлал, төрийн байгууламж, монголчуудын эрх мэдэл зэрэг зиндааг маш тодорхойгоор баримт нотолгоогоор баяжуулан өгүүлжээ. Энэ нь бас нэг тусдаа, урьд нь хэр барагтай бол судлагдаагүй, судалсан ч бодит үнэнийг гуйвуулан аль болохоор пад харлуулсан сэдэв юм. Манж Хятадын колони болж тэдэнд идүүлж шулуулж алуулж цусаа холиулж байсан гэх намзасаг асны тархи угаалтаас өөр юм сонсоогүй үй олон бидэнд өнгөрсөн түүхийн маань үнэн бодит явдлыг хэлж өгч байгаагаараа Цэнддоогийн Бадамдорж чухал ач холбогдолтой юм.
Өнөө ажиглаад байхад өөрт таалагдаагүй үг өгүүлбэр яриа мэдээ сонсуутаа л “тархи угааж байна” хэмээн чихээ бөглөн толгойгоо тэвэрч хараал зүхэл урсгадаг болж дээ. Үнэндээ “тархи угаах” гэсэн хэлц нь мэдээллийн бүх сувгийг хаагаад, дарангуйлагч дэглэмийн намзасаг өөрийн “үнэн” гэгчийг бүх нийтэд тулгаж албадан хүчээр цээжлүүлэх ба үүнээс өөр мэдээлэл олж үзэхийг тас хориглох төдийгүй хэрэв олж үзсэн байвал хатуу цээрлүүлдэг тогтолцоог хэлдэг. Монголчууд ХХ зуунд гурван үе дамжин тархиа угаалгасан учир одоо тархийг нь боок савантай усаар жинхнээсээ зад угаах байтугай мэс заслал хийгээд ч эдгэхгүй болтлоо төөрөлдсөн нь нээлттэй нийгэмд дэвшин ороод 30 жил өнгөрчөөд байхад ч атираагүй болтлоо мөлчийтөл цэвэрлэгдсэн “бохир” тархитайгаа бах болгон яваа олон хүнээс илт харагддаг.
Түүхээ мэдэхгүй бол хэн нэг нь чиний түүхийг чамд зориулаад шинээр зохиогоод өгдөг юм гэж хоёр мянган жилийн өмнө Цицэрон сургаж байжээ. Өнгөрсөн алдаа дутагдлаа бодит үнэн түүхээр дамжуулан сайтар тогтоож авахгүй бол чухам тэр алдаагаа дахин дахин давтдаг учраас л түүх хүн төрөлхтний соёл иргэншил, дэвшил хөгжилд маш чухал ач холбогдолтой шинжлэх ухаан юм. Шал хөндлөнгийн этгээдүүд өөрийн ашиг сонирхлын үүднээс зориудын санаатай суртал нэвтрүүлгийн зорилгоор шинээр зохиож өгсөн худал цадигт бид гүн идэгдсэн учраас өнгөрсөн алдаагаа давтсаар буй биш үү? Монголын тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэгч, халуун эх оронч Бадамдоржийг үхснээс нь хойно харлуулан гүтгэж, амны зоргоор доош хийн зүхэн харааж, доромжлолын хялбар бай болгон, түүнийгээ алдар нэр албан тушаал дэвших амар зууш болгоход ашиглаж байсан өнгөрч буй явдал өнөөгийн бидэнд нэгийг сануулж хоёрыг бодогдуулж, гурвыг харьцуулан жишүүлэхгүй байна гэж үү дээ?!
2019.7.26