Categories
мэдээ нийгэм

ИНФЛЯЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ШАЛТГААН

Зураг 1: Улаанбаатар хотын инфляци /Эх сурвалж: ҮСХ/

Инфляци 6 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.1 хувь, Улаанбаатар хотод 9.6 хувь байв (Зураг 1). Хувцас болон амралт чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ өссөн нь улсын инфляци өмнөх сараас нэмэгдэхэд нөлөөлжээ. Улсын инфляци 2017 оны 5 дугаар сараас хойш Улаанбаатар хотын инфляциас бага байна. Хүнс, хувцас, орон сууц, ус, цахилгаан, хатуу түлшний бүлгийн үнийн өсөлт орон нутагт Улаанбаатартай харьцуулахад бага байгаа нь энэхүү зөрүүг үүсгэж байна.

Улаанбаатар хотын жилийн инфляци өмнөх сараас 0.8 нэгж хувиар нэмэгдлээ. Үүнд голлох нөлөө үзүүлж буй бүтээгдэхүүнүүд нь мах, импортын бараа байна (Зураг 2). Түүнчлэн тайлант сард дотоодын аялал жуулчлалын үйлчилгээний үнэ огцом өссөн бол, хатуу түлш, шатахууны үнийн нөлөө өндөр хэвээр байна (Хүснэгт 1).

Өмнөх сард нийлүүлэлтийн хомсдлоос шалтгаалж махны үнэ өссөн бол тайлант сард үнэ буурахгүй байснаар инфляцид үзүүлэх нөлөө нь 0.6 нэгж хувиар нэмэгдэв (Хүснэгт 2). Махны нийлүүлэлт 6 дугаар сараас нэмэгдэж, үнэ нь буурдаг хандлагатай хэдий ч тайлант сард болон өмнөх жилийн мөн үед ийнхүү нийлүүлэлтийн шалтгаантайгаар үнэ улирлын буурдаг чиглэлээсээ эсрэг хөдлөөд байна.

Төг/кг

5 сар

6 сар

7 сар

5 сар

6 сар

7 сар 27

2018

2019

Хонины мах, ястай

7488 (+2.7%)

7514 (+0.3%)

7533 (+0.3%)

9777 (+12.3%)

10432 (+6.7%)

10104 (-3.1%)

Үхрийн мах, ястай

8463 (+1.2%)

8733 (+3.2%)

9082 (+4.0%)

10904 (+13.1%)

11702 (+7.3%)

12380 (+5.8%)

Үхрийн мах, цул

10118 (1.7%)

10535 (3.4%)

10814 (2.6%)

13172 (+11.6%)

14230 (+8.0%)

14777 (+3.8%)

Адууны мах

6075 (+0.0%)

6275 (+3.3%)

6831 (+8.9%)

8108 (+20.6%)

9071 (+11.9%)

9274 (+2.2%)

Ямааны мах

5039 (-4.2%)

5188 (+3.0%)

5504 (+6.1%)

7747 (+21.1%)

8724 (+12.6%)

8472 (-2.9%)

Хүснэгт 2: Дотоодод борлуулагдаж буй махны сарын дундаж үнэ, сарын өсөлт

Импортын бараа, тэр дундаа хувцасны бүлгийн үнэ өсч инфляцийн 2.1 нэгж хувийг бүрдүүлж байна (Зураг 1). Харин хатуу түлшний үнэ[1] оны эхний 8 сард буурдаг хандлагатай боловч 5, 6 дугаар саруудад хэвэндээ байснаар инфляцид үзүүлэх нөлөө нь 0.9 нэгж хувь байна.

Шатахууны хилийн үнэ газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнийн савалгааг даган өөрчлөгдөж байгаагаас дотоодын шатахууны үнэ 4, 5 дугаар саруудад өссөн. Харин 5 дугаар сарын дундаас газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ буурч эхэлсэнээр 6 дугаар сард дотоодын шатахууны үнэ 30-40 төгрөгөөр буурав.

Манай улсын аялал жуулчлалын идэвхтэй улирал 6 дугаар сараас эхэлдэг бөгөөд үүнийг даган дотоодын аялал жуулчлалын үнэ өсөх хандлагатай байдаг. Тайлант сард дотоодын аялал жуулчлалын үнэ өмнөх сараас 56.8 хувиар огцом өсч инфляцид үзүүлэх нөлөө нь 0.4 нэгжээр нэмэгдлээ.

Дээрхээс бусад бараа, бүтээгдэхүүний үнэ харьцангуй өөрчлөлт багатай байж инфляцид үзүүлэх нөлөө нь тогтвортой байна.

[1]Ерөнхий инфляцийг мах, махан бүтээгдэхүүн, махнаас бусад хүнс, шатахуун, төрийн зохицуулалттай үйлчилгээ болон бусад гэсэн хэсгүүдэд хуваасан. Бусад хэсгийг дотор нь импортын бараа, дотоодын бараа болон дотоодын үйлчилгээ гэсэн бүлэгт хувааж тооцов.

[2] 5 дугаар сараас хатуу түлшний бүлэг дэх түүхий нүүрсний индексийг сайжруулсан түлшээр сольж байгаа бөгөөд ҮСХ-ноос эдгээр бүтээгдэхүүнүүдийн үнэ нь ойролцоо түвшинд байгаа тул өмнөх индексээс үргэлжлүүлэн залгахаар болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *