Categories
мэдээ цаг-үе

Г.Минжмаа: Үсний буруу арчилгаа нь үс унах бас нэгэн шалтгаан болдог

“Интер шарм” арьс гоо заслын эмнэлгийн их эмч Г.Минжмаатай ярилцлаа.


-Үс уналтын шалтгаан юу вэ?

-Үс унах олон төрлийн шалтгаан бий. Төрөлхийн үс унах, удамшлын гаралтай шалтгаан байдаг. Шинж тэмдгийн уналтууд, хажирст үс уналт. Мөн түр зуурын үс уналт гэж байдаг. Энэ нь андроген дааврын өөрчлөлттэй холбоотой. Үүрэлсэн үс уналт гэж бас бий. Нярай хүүхэд төрсний дараа үс ургаж эхлэхэд бага насны хүүхдийн үс намирсан зөөлөн нарийхан ширхэгтэй байдаг. Үсэнд кератинжих процесс явагдахад чухал үүрэг гүйцэтгэдэг амин хүчлүүд нь төрөлхийн нийлэгжилтийн алдагдалтай байдгаас болж төрөлхийн үс уналттай хүмүүс байж болно. Шинж тэмдгийн уналтад дотоод шүүрэл, гормоны өөрчлөлтөд орсон, төрөлтийн дараах үс уналт, химийн болон туяа эмчилгээгээр эмчлүүлсэн, халдварт өвчин, мөөгөнцрийн улмаас болж үс унах шалтгаанууд их байдаг. Хажирст үс уналтад 23-25 нас орчимд хуйх тослогтон, үс намирсан зөөлөн байдлаа алдах зэргээр үс унах процесс явагдаж болно. Түр зуурын үс уналт нь эрэгтэй хүмүүст ихэвчлэн тохиолддог. Эрчүүд халцрах тохиолдол их байдаг. Тэр нь андроген гармоны өөрчлөлттэй холбоотой.

-Үс унаж эхэлсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Үс уналтын шалтгаанаа эхлээд тодруулах шаардлагатай. Хүний үсэнд байнгын буюу тогтмол уналт гэж байдаг. Үс угаах, самнах зэрэгт тогтмол унаж байдаг. Тэр бол хэвийн уналт. Харин түүнээсээ мэдэгдэхүйц их унаад ирвэл тэр нь эмгэг уналт болно. Үсний буруу арчилгаанаас болж үс унах шалтгаан болдог. Хуйхны арчилгааг дутуу хийх, үсний уутанцрууд бөглөрөх,үс хэт хуурайших, хуйхны цусан хангамж дутагдсанаас үсэнд очих тэжээлийн дутагдалд орсноор үс унах тохиолдол бий. Үсний уналтыг багасгах, хэвийн хэмжээнд байлгахын тулд тогтмол өөрийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай. Цэвэрлэгээ арчилгааг байнга хийнэ. Сүүлийн үед хүмүүс арьс арчилгаанаас дутахааргүй үсээ арчилдаг болсон. Манай эмнэлэг “Гоо сайхны шилдэг технологийг Монголд” гэсэн уриатай ажилладаг бөгөөд энэ чиглэлийн эмчилгээ, үйлчилгээг ч мөн үзүүлдэг байгаа. Европын холбооны улсдаа тэргүүлэх зэрэгтэй үс арчилгааны бүтээгдэхүүн болон технологиор үсэнд шаардлагатай бүхий л эмчилгээ үйдчилгээг үзүүлдэг. Бид мэдээж хэрэг үйлчлүүлэгчдэдээ тохирсон, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлэхийн тулд оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээ маш сайн судалж, туршилтуудыг хийж, үр дүнг нь баталгаажуулж байж үйлчилгээндээ нэвтрүүлдэг. Тийм учраас үс мэдэгдэхүйц унаж эхэлсэн тохиолдолд мэргэжлийн баг хамт олон дээр ирж зөвлөгөө аван хамгийн гол нь үс уналтынхаа шалтгааныг тодруулж байж өөрт тохирох эмчилгээ, арчилгаа хийлгэхийг зөвлөмөөр байна. Мөн архаг цус багадалтаас шалтгаалж үс унадаг. Төмөр дутагдлын үед ходоодны салстыг цочроохгүй, төмрийн агууламжтай АНУ-ын NSP корпорацийн “Iron chelate”-ийг манай эмнэлэг оруулж ирдэг. Уг бүтээгдэхүүнийг 14 хоногоос нэг сар хэрэглэхэд үс уналт зогсож байгааг энэ дашрамд хэлмээр байна.

-Хүмүүс янз бүрийн шампунийг хольж хэрэглэдэг. Шампунь үс уналтаас сэргийлж чадах уу?

-Хувь хүний үсэнд тохирч байгаа байдлаас болно. Нэг бүтээгдэхүүнээ байнгын хэрэглээд байх нь тийм ч тохиромжтой биш. Жишээ нь, үс их тослогтдог байлаа гэхэд балансыг тэнцвэржүүлэх шампунь хэрэглэнэ. Шампунь ч гэсэн маш олон төрөл бий. Үсний онцлогоос хамаараад. Тэр шампунийг тодорхой хугацаанд хэрэглээд үсний баланс тэнцвэржлээ. Гэтэл тэр шампунийг үргэлжлүүлэн хэрэглээд байх шаардлагагүй. Тэгэхээр тухайн үед нь үсэндээ тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай гэсэн үг. Дээрээс нь хүний хуйх тодорхой хэмжээний хайрсжих процесс явагдаж, гуужиж унаад дахиад шинээр төлждөг. Нүүрээ скрабддаг шиг хуйхыг хүртэл скрабаар цэвэрлэх шаардлагатай байдаг. 7-14 хоногт нэг удаа скрабдаж цэвэрлэж байх хэрэгтэй. Энэ нь үсний уутанцар бөглөрөх, хуйхны бохирдол цаашлаад үс уналтаас сэргийлж байдаг.

-Үсийг яаж угаах нь тохиромжтой вэ?

-Хүн хүний үсний онцлог өөр. Өтгөн болон шингэн үстэй гээд янз бүр байна. Өтгөн үстэй хүмүүст тослогжих процесс арай илүү явагддаг. Өдөр бүр үсээ угаах нь тийм ч тохиромжтой биш. Тэгэхээр хоёр өдөр өнжөөд ч юм уу угаах нь зүйтэй. Үс ер нь аливаа зүйлд дасамтгай байдаг. Тэгэхээр өдөр бүр угаагаад байхаар дасчихдаг. Нэг хоног угаахгүй бол тослогжих процесс явагдах гэх мэтээр дасаж эхэлдэг. Тиймээс амархан тослогжих гээд байдаг үсэнд баланс тэнцвэржүүлэх шампунь, будагтай үсэнд будагтай үсний шампунь, хэт хуурай болон гэмтэлтэй үсний бүтэц сайжруулах кератин, гиалурон агуулсан шампунь гэх мэтээр маш олон төрлөөс өөрийн үсэнд тохирохыг хэрэглэх шаардлагатай. Ерөнхийдөө 1-2 өдөр өнжөөд угаах нь зүйтэй мөн үсний тэжээлийн маск, эссэнц, өнгө сэргээх цацлага гэх мэт маш олон төрлийн үс арчилгааны бүтээгдэхүүнийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэвэл зүгээр байдаг.

-Тослогтдог үсийг өдөр тутам яаж арчлах шаардлагатай вэ?

-Тослогтдог үсэнд балансыг тэнвэржүүлэх бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй. Тослог үсэнд асуудал их гардаг. Хэт их тослогтсоноос болж бас үс унадаг. Тэгэхээр хуйхны хүчилтөрөгчийн гуужуулалт мөн PRP эмчилгээ хийснээр хуйхны цусан хангамжийг сайжруулаад тослогжилтын балансыг барих эмчилгээ хийдэг байгаа.

-Төрсний дараах үс уналтад ямар арчилгаа шаардлагатай вэ?

-Түүнийг бол хэвийн явагдах ёстой процесс гэж үздэг. Яагаад гэвэл үс уналт анаген, катаген, телоген гэсэн гурван үе шатаар явагддаг. Анаген гэдэг нь эрчимтэй үс ургалтын үе. Хүн төрснөөс эхлээд үс байнгын ургах процесс явагдаж байдаг. Катаген үе нь үс амралтын байдалтай байж байдаг. Булцуунаасаа арай гарч ирээгүй, үс уутанцраасаа гараагүй үеийг катаген үе гэдэг. Телоген үе гэдэг нь үс унах процессыг хэлээд байгаа юм. Тэгэхээр төрсний дараах уналтын үед гармоны өөрчлөлтөөс хамаарч жирэмсэн үед дааврын ялгаралтууд ихсээд ирдэг учраас үсний ургалт хэд дахин нэмэгддэг. Төрсний дараа тэр нь хэвийн байдалдаа ороод ирэхээр үс унах үе шат явагдаж байна гэсэн үг. Тэгэхээр хүн насан туршдаа үсний ургалтын үе, бага зэрэг амраад шинээр нөхөн төлжих үе, унах үе дахин ургах үе гэж явагдсаар хүний үсний уналт ургалт зогсоно гэж байдаггүй. Тэр үед нь харин өөрт тохирсон шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэн, шаардлагатай эмчилгээг давхар хийлгэж байх нь зүйтэй юм.

-Үс унахад нөлөөлдөг өөр зүйлс юу вэ?

-Өдөр тутмын үс арчилгаатай холбоотой үс уналт их гарах болсон. Үсээ нэг тийш нь хагалж хуваадаг бол зөвхөн тэр хэсгээр илүү халцралт явагддаг. Хэт чанга боосноос бас үс халцарч унадаг. Тэгэхээр үсээ байнга нэг тал руугаа хуваадаг бол нөгөө тал руугаа хувааж хэвших ч юм уу ээлжилж, сольж байх ёстой.

-Зарим эрэгтэй хүмүүс оройноосоо эхлээд халцарсан байдаг. Тэгж халцарсан үс ургах уу, ургуулахын тулд юу хийх шаардлагатай вэ?

-Эрэгтэй хүмүүст гормоны гаралтай уналт байдаг. Гэхдээ ихэнхи тохиолдолд удамшлын гаралтай халцралт явагддаг. Тэгэхээр удамшлаас үүдэлтэй халцралт нь эргээд үс ургах нь ховор. Гэхдээ эрэгтэй хүмүүсийн хувьд өөр ямар нэг шалтгаанаар үс халцарсан тохиолдолд үсний эмчилгээ хийнэ. Тухайлбал, хуйхны гүн цэвэрлэгээ, үсний нөхөн төлжилтийг сайжруулах PRP эмчилгээ гэх мэт. Эдгээр нь ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Энэ нь өөрийнх нь цуснаас хамгийн идэвхитэй байгаа эрдсүүдийг ялгаж аваад буцаад хуйханд нь тарьдаг. Хуйхны цусны эргэлт сайжирч үсний ургалтыг дэмждэг. Нялхаасаа эхэлж үс нь унасан бол ургах магадлал бага. Энэ нь төрөлхийн үс уналт гэж үздэг. Амин хүчлийн нийлэгжилт алдагдсан учраас ахиад үс ургах боломжгүй юм. Толгойгоо хагалсан сорвитой тэр хэсэг дээр дахиж үс ургах уу гэж их асуудаг. Ийм тохиолдолд бол хагарсан хэсгийн арьс буцаж эдгэрэхдээ холбогч эд үүссэн сорвижилтын улмаас үсний булцуу тэжээлийн дутагдалд ордог учир дахин үс ургадаггүй. Сүүлийн үед үс шилжүүлэн суулгах мэс ажилбараар энэ асуудлыг шийддэг болсон. Мөн ажлын их ачаалал, архаг ядаргаанаас үүдэлтэй үсний халцралт их байдаг. Ийм тохиолдолд бол үс нөхөн төлжих бүрэн боломжтой байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *