Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор “Ажилтай оюутан” хөтөлбөрийг МҮХАҮТ-тай хамтран эхлүүлж, одоогийн байдлаар 1200 гаруй оюутан түр ажлын байраар хангагдаад байгаа юм. Мөн залуусын хамгийн их сурахыг хүсэж буй англи хэлийг 4000 хүнд заахаар Монголын их, дээд сургуулиудтай хамтран зохион байгуулж байгаа билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОТБ зөвлөх Н.Лхагвадорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх оюутан залуусын хөгжлийн асуудал хариуцсан ОТБ зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар мэдээлэл хийлээ.
“Англи хэлтэй залуус” хөтөлбөр наймдугаар сарын 1-нээс 21 хоногийн хугацаанд хуваарийн дагуу хичээллэнэ. Тус сургалт нь өдрийн зургаан цагаар хичээллэх бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд анхан, дунд, ахисан гээд бүх түвшний сургалтууд орохоос гадна эерэг хандлага, хувь хүний хөгжлийн сургалтууд давхар орохоор хөтөлбөр боловсруулагджээ. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар нэг хүн 63 цагийн боловсрол эзэмших аж. Долдугаар сарын 29-ны орой албан ёсны хуудсуудаар анги хуваарьлалт хийгдэнэ. Сургалт эхний 10-15 минутад түвшин тогтоох шалгалт авна. Нэг ангид 160 хүүхэд, семинарын ангид 30-40 хүүхэд хичээллэнэ. 80 хувиас дээш ирцтэй хүн бүрт сертификат олгоно. 21 аймаг, есөн дүүргээс 16-30 насны4500 хүн бүртгүүлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хүрээнд “Ажилтай оюутан”, “Англи хэлтэй залуус” хөтөлбөр хэрэгжиж байна. 4000 хүүхэд бүртгэхэд найман өдрийг зарцуулна гэж төлөвлөсөн боловч дөрвөн өдрийн дотор бүх хүүхдээ бүртгэлээ. Зөвхөн оюутан гэхгүйгээр хөдөлмөр эрхлэж буй, ахлах ангийн сурагчид хамрагдах боломжтой.
Б.АЛТАНТУЯА