“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах бүртгэл өнгөрсөн долоо хоногт эхэлсэн билээ. Өнгөрсөн баасан гаригийн байдлаар 21 мянга гаруй иргэн цахим бүртгэлд бүртгүүлсэн гэх мэдээлэл бий. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд 68.56 ам.метртэй гурван өрөө, 39.30 ам.метртэй хоёр өрөө, 49.23 ам.метртэй хоёр өрөө байрнаас сонголтоо хийх аж. Ингэхдээ журамд заасны дагуу залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг эх, өндөр тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн найман төрлөөс сонголтоо хийх юм. Хэрвээ хамрагдах ёстой иргэд зээлтэй, үлдсэн тэтгэврийн мөнгө нь түрээсийн төлбөр төлж хүрэхгүй, цалин нь хүрэлцэхгүй бол уг түрээсийн байранд хамрагдах боломжгүй гэдгийг албаныхан хэлж байна.