-ЕРӨНХИЙ САЙДАА, БИД УЛСАА БОДОЖ ТАНЫГ СОНГОСОН, ТА МАЛЧДАА БОДОХ ЦАГ БОЛСОН-
Малчид үржлийн бус муу малаа эдийн засгийн эргэлтэд оруулах саналтай байгаагаа Ерөнхий сайдад ил захидлаар илэрхийлжээ.
Тус захидалд “…Нийт нутгийн 75 хувьд бэлчээрийн даац хэтэрсэн үед малын тоо толгой жилд 20 саяар өсөж байгаа нь цөлжилтийг эрчимжүүлж, цаашид мал аж ахуй улам хүндрэх нөхцөл бүрдээд байна. Хоттой хонины маань 80-аас дээш хувийг үржлийн бус бог мал эзэлдэг ч байнгын эргэлтэд оруулах түүхий эд бэлтгэх тогтолцоо байхгүй, нядлах, худалдаалах, түүхий эдийг нь боловсруулах үйл ажиллагааг чадан ядан хийж, ченжүүдийн хэлсэн үнээр, авахыг хүссэн үед нь нийлүүлж, бидний эдийн засгийн байдал зөвхөн ченжийн хараат байсаар ирлээ…
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистой хослуулснаар мах махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих, жилд экспортлох хэмжээг жилд 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлнэ…хэмээн заасан нь малчдад ихээхэн хүлээлт үүсгэсэн амлалт болж…энэ нь Засгийн газрын 284, 318 дугаар тогтоолоор баталгаажлаа хэмээн бид баяртай байна.
Сүргийн бүтцийн 65 хувийг эзэлдэг үржлийн бус бог малынхаа тодорхой хэсгийг нядлахгүйгээр улирал харгалзахгүйгээр шударга үнээр худалдаалах нь бидний хөдөлмөрийг хөнгөвчилсөн төдийгүй тогтмол орлоготой болж, нөхөн сэргээгддэг баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, бэлчээр нутгаа хамгаалах, зах зээлийн бодит шударга үнээр үржлийн бус бог малаа худалдаалах боломж олгохыг танаас хүсье. Ерөнхий сайд аа, бид улсаа бодож таныг сонгосон, та малчдаа бодох цаг болсон” гэжээ.