АНУ, Хятадын худалдааны дайнаас хамгийн их хожиж байгаа орон бол Вьетнам хэмээн эдийн засагчид үзэж байна. Учир нь томоохон үйлдвэрлэгчид Хятад дахь үйлдвэрүүдээ Вьетнам руу шилжүүлж эхэлжээ. Энэ улсад бизнесийн зардал хямд гэж тооцогддог гэнэ. Ийм үйл явцын үр дүнд Вьетнамын ДНБ найман хувь болтлоо өсчээ. Гэхдээ ийм байдал тун удалгүй дуусгавар болох магадлалтай юм. Трампын засаг захиргааныхан Вьетнамын экспортын эсрэг залхаан цээрлүүлэх бодлого явуулахаар бэлтгэж эхэлсэн хэмээн ажиглагчид үзэж байна. Өнгөрсөн тавдугаар сард валютын арга заль хэрэглэсэн орнуудын жагсаалтад Вьетнамыг багтаажээ. Энэ нь тус улсын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний дохио гэж үзэж байгаа юм.
Зарим бараа бүтээгдэхүүнийг Вьетнам руу зөөвөрлөж, тус улсад үйлдвэрлэсэн гэх шошготойгоор экспортод гаргадаг гэнэ. Энэ асуудал нь гангийн үйлдвэрлэлтэй холбоотой бөгөөд үүнээс үүдэн тус улсад үйлдвэрлэсэн гэх ганд 400 хувьтай тэнцэх татварыг энэ сард АНУ-ын зүгээс ногдуулаад байна.
АНУ-ын Худалдааны яамны үзэж буйгаар Зүүн өмнөд Азийн орнууд тэр дундаа Хятадын гангаар хийсэн бүтээгдэхүүнийг Америк руу оруулж ирдэг гэнэ. Жишээ нь Өмнөд Солонгос болон Тайвань төмрийг Вьетнам руу экспортлоод, вьетнамчууд бага зэрэг боловсруулсны дараагаар АНУ руу экспортолдог аж. Үүнээс үүдэн 456,2 хувьтай тэнцэх татварыг Вьетнам, Өмнөд Солонгос, Тайванийн гангаар хийсэн бүтээгдэхүүнд ногдуулахаар болжээ.
Вьетнамын бусад бараа бүтээгдэхүүнд ч АНУ-ын зүгээс татвар ногдуулж болзошгүй. Энэ татварын хэмжээ 25 хувьтай тэнцэх бөгөөд ингэснээр ДНБ-ийг дор хаяж нэг хувиар бууруулах гэнэ.