Эдийн засагч, судлаач Г.Ганзоригтой ярилцлаа.
-Монголд хэрэгжиж байгаа ганц мега төсөл бол Оюу толгой. Оюу толгойн эдийн засагт үзүүлэх нөлөөг судалсан зүйл бий юү?
-Оюу толгойн хувьд манай улсад гадны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй анхны том төсөл. МУИС-ийн Эдийн засгийн сургуулиас хийсэн нэг судалгаа байдаг юм. Тэр судалгаанд Оюу толгойн төсөл Монголын эдийн засгийн 12.5 хувийг шууд бүрдүүлж байна гэсэн онцолсон харагдсан. Оюу толгойн эдийн засагт үзүүлж буй нөлөөг илэрхийлэхээр олон статистик бий л дээ. Нийт экспортын 20 хувийг, гадаадын хөрөнгө оруулалтын 60-70 хувийг бүрдүүлдэг. Энэ төслийн хүрээнд 17 мянган хүн ажиллаж байна. Үүнээс гадна ажил гүйцэтгэгч буюу Оюу толгойн төслийг дагаж амьдардаг олон компани бий. Энэ жилийн топ зуун компанийг анзаараад үзээрэй. Шилдгээр шалгарсан маш олон компани Оюу толгойтой холбоотой ажилладаг. Ингээд харахаар Оюу толгой төсөл дан ганц хөрөнгө оруулалтын индикатор биш болчихож байгаа юм. Монголын эдийн засгийн индикаторуудыг хангаж байгаа төсөл гэж хэлж болно.
-Нэг төслөөс хамааралтай эдийн засагтай байх том эрсдэл шүү?
-Тэгэлгүй яахав. Бахархах зүйл биш. Бүхэл бүтэн улсын эдийн засаг ганц төслөөс хамааралтай байна гэдэг анхаарахгүй орхиж болохгүй асуудал. Оюу толгой төслийн хэрэгжилтэд ямар нэг саад учирвал нийт улсын эдийн засгийн 12.5 хувь нь алга болчихно. Энэ талаас нь харвал эмзэг сэдэв л дээ. Өөрөөр хэлбэл эдийн засагт шууд нөлөө үзүүлнэ гэсэн үг. Дам нөлөө ч их гарна.
-Оюу толгойг дагаж орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт гэхээр багагүй тоо гарах байх. Том төслийг дагасан хөрөнгө оруулалтын ийм хэлбэр дэлхийд нийтлэг байдаг жишиг үү?
-Тэгж ойлгож болно. Манайх шиг хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулж буй гадаададын хөрөнгө оруулагчид том төслийг хамгаалалт гэж хардаг. Учир нь том компани, мега төсөл гол дайралтыг авч байдаг онцлогтой. Хөрөнгө оруулагчдын хувьд хэрвээ Оюу толгой шиг том төсөл тухайн улсын эдийн засагт байхгүй бол хөлөө дүрэх шаардлагагүй гэж үздэг. Энэ талаас нь харахаар Оюу толгой яалт ч үгүй хөрөнгө оруулалтын гол индикатор. Дахиад хэлэхэд макро, микро эдийн засгийн ч индикатор.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг шингээж байгаа салбар бол уул уурхай. Эдийн засгийн бүтцээ эрсдэл багатай болгож, долларын ханшийн дарамтад бага өртөхийн тулд өөр ямар салбартаа анхаарвал зүйтэй бол?
-Таны сая хэлсэнчлэн Монголд одоогоор орж ирж байгаа гадны томоохон хөрөнгө оруулалтууд уул уурхайн салбарт төвлөрчихсөн. Уг нь уул уурхайн хувьд дахиад нэг том төсөл хэрэгжвэл эдийн засаг талдаа эерэг нөлөөтэй, долларын ханшийн өсөлт гэх мэт эрсдэлээс сэргийлэхэд дэм болно. Долларын ханшийг тогтвортой барихад суурь төлбөрийн тэнцлийн хяналт их чухал. Сүүлийн хэдэн жил төлбөрийн тэнцэл огт өөрчлөгдөөгүй. Манай улсын хувьд ерөөсөө л зэс, нүүрсээ зардаг. Байгалийн баялгаа зарж олсон мөнгөөрөө машин, механизм худалдаж авдаг улс. Давхар урсгал тэнцэл буюу үйлчилгээний импортын хувьд манай улс тасралтгүй алдагдалтай явдаг. Өөрөөр хэлбэл үйлчилгээгээрээ хангалттай мөнгө олдоггүй гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл ганц тэнцвэржүүлж байгаа зүйл нь хөрөнгө оруулалт болоод байна л даа. Хэрвээ хөрөнгө оруулалтынхаа тэнцлийг оруулахгүйгээр урсгал тэнцлээрээ ашигтай болж чадвал долларын ханш тогтвортой болох нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр үйлчилгээ тал дээр онцгой анхаарах шаардлагатай. Үйлчилгээгээрээ олон улсад ямар үйлчилгээ үзүүлж чадах вэ гэдэгтээ төвлөрч ажиллах хэрэгтэй.
-Доллар олох үйлчилгээ гэхээр хамгийн түрүүнд хөгжүүлэх боломжтой нь аль салбар вэ?
-Аялал жуулчлал байна. Дахин хэлэхэд үйлчилгээгээр экспорт хийх бидний хувьд том боломж. Өчнөөн боломж бий. Жишээ нь компьютерийн ухааны салбар. Хаана ч байсан хийж, хөгжүүлж, доллар олох боломжтой. Ер нь суурь асуудлаа шийдэж байж л валютын ханш урт хугацаанд тогтвортой болно.
-Валютын сангийн хөтөлбөрт байсхийгээд ордог цөөхөн улсын нэг бол бид. Байгалийн баялгийн үнэ дажгүй үед олсон доллараа бодлогогүй зарцуулж үрэн таран хийчихээд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уначихаар тэвдэхдээ гаднаас тусламж хүсдэг ийм хэлбэр ер нь хэр зөв хандлага вэ?
-Манай улсын хувьд валютын сангийн хөтөлбөрт зургаанд удаа хамрагдсан. Монголын эдийн засаг тодорхой циклтэй болчихож. Нэг хэсэг сэргээд унадаг. Уначихаад эргэж сэргэдэг. Унах цикл бүрд нь Вальютын сан орж байдаг. Валютын сангийн хөтөлбөр хүсээд байх зүйл биш. Хоолны хачир шиг хэрэглэх нь тохиромжтой арга биш л дээ. Уг нь улс төрчид ямар нэг асуудлыг хөндөж шийдэх ёстой. Гэтэл манай улстөрчид нэг нэгнийгээ л барьж авч шүүмжлээд, тэрийгээ асуудал хөндөж байна гэж ойлгоод суугаа анзаарагддаг. Үнэн хэрэгтээ тэр хүн нь системийн нэг л хэсэг. Асуудал гэдгийг энгийнээр тайлбарлавал салбар салбарыг хөгжүүлэх. Салбарууддаа анхаарах ёстой. Мэдээж судалгаа гэх мэт нарийн ширийн үндсэн ажлыг судлаачид нугалаад өгчихнө. Ингэж судалгаа тооцоонд үндэслэсэн асуудлыг гаргаж тавьж чадвал Монгол Улс өөрийн гэсэн бодлоготой болно. Ингэсний эцэст л хөгжих зам тодорхой болно.
-Ипотекийн зээлд төр оролцох ёсгүй, ёстой гэсэн эсрэг тэсрэг байр суурь бий. Манай улсын хувьд аль нь зөв хувилбар бол?
-Монгол шиг эдийн засагтай улсад ипотекийн зээлд төр оролцох нь зөв. Учир нь Монгол хэлбэржээгүй эдийн засагтай. Тэр утгаараа эдийн засагт бодлоготойгоор чиглүүлэг өгдөг зүйл байх нь зөв. Тухайлбал их хэмжээний бохирдол үүсгэдэг гэр хороололтой байх нь буруу, хамгийн зөв шийдэл нь орон сууц гэх мэтээр харах ёстой. Татвар төлөгчдийн мөнгөөр ипотекийн зээлийг бий болгож, эргүүлээд ард түмэнд нь өгч байгаа нь цаанаа том утгатай. Иргэдийнхээ эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэдэг утгаараа зайлшгүй хэрэгжих учиртай бодлого.
-Зээлийн хүүг хууль гаргаж бууруулах боломжтой юу?
-Зээлийн хүү гэдэг бол мөнгөний үнийг илэрхийлдэг зүйл. Банк санхүүгийн байгууллагад монополь зүйл байхгүй. Цэвэр өрсөлдөөнт зах зээл. Өрсөлдөөний зарчмаар үнийн дүнг тогтоож байхад төр дундуур нь орж ирэх нь зохимжгүй. Зээлийн хүүгийн хэмжээг хууль гаргаад тогтоочихвол шууд утгаараа сүүдрийн банкны үйл ажиллагаа явагдаж эхэлнэ. Сүүдрийн банк нь банк бус санхүүгийн байгууллага дээр бий болох эрсдэлтэй. Үүсэх үр дүн нь тодорхой. Гар дамжсан зээл, ломбард гэх мэт үйлчилгээ цэцэглэж жинхэнэ утгаараа мөнгө хүүлэх үйл ажиллагаа хүрээгээ тэлнэ. Хүүгийн хязгаарыг тогтоосноор мөнгө хүүлэх үйл ажиллагаа зогсохгүй.
Э.НАРАНЗАЯА