Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ

Улсын Их Хурлаас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогт, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар ажиллаж байгаа юм.

Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтож, эхний гурван өдрийн хэлэлцүүлгийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Шүүхийн эрх мэдлийг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой асуудлуудаар тус тус зохион байгуулсан.

Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх цуврал хэлэлцүүлэг “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдвээр өнөөдөр (2019.07.25) 10 цагаас Төрийн ордонд эхэллээ.

Хэлэлцүүлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулсан Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, З.Нарантуяа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Тамгын газрын бусад удирдлагууд, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, гишүүд оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон 21 аймгаас 38, нийслэлийн 9 дүүргээс 16 оролцогч, түүнчлэн зарим сум, баг, хорооны төлөөллүүд, мөн улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцохоор хүсэлтээ ирүүлснээс хэлэлцүүлгийг нээлтэд 120 гаруй нь хүрэлцэн ирээд байгааг хэлэлцүүлгийг даргалагч танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй нь” сэдэвт хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг шүүн хэлэлцэж, өөрийн санал бодлыг хүргэн, зохих ёсны хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.

Сүүлийн арваад жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн, олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин, улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэтийг харах ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол” голлох нөлөөтэй гэдгийг онцлон тэмдэглэе.

Өмнөх хэлэлцүүлэгүүдэд хэлсэн энэ үгээ дахин давтан хэлээд байгаагийн учир нь эв нэгдлийн гэрээ, улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг болсон Үндсэн хуулийн асуудалд туйлын нухацтай хандах, мэдлэг туршлага, оюуныхаа хүч боломжийг бүрэн дайчлахыг Та бүхэндээ сануулан уриалж байгаа хэрэг юм шүү.

Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Тухайлбал, “зарим Засаг даргаа сонгох эрхийг иргэдэд өгөх, хот байгуулах боломжийг нэмэгдүүлэх” зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагдаад байна.

Миний зүгээс “нийслэлийг онцгойлон авч үзэж доторх зохион байгуулалтыг нь тусгайлан хуульчлах, Монгол Улсын нутаг дэвсгэрийг засаг захиргааны хувьд хуваан үзэхдээ хотыг нэмэх, аймаг, хот, нийслэл, сум, дүүргийн болон тосгоны эрх зүйн үндсийг тус бүрийнх нь онцлогт тохируулан тусгайлсан хуулиудаар тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн гаргасан Засгийн газрын саналаар Улсын Их Хурал шийдвэрлэдэг байх” зэрэг нэгдмэл улсын зарчмыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой хууль эрх зүйн болон ойлголт, амьдралд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, хаана оршин суугаагаасаа үл хамааран төрөөс тэгш үйлчилгээ авах нөхцөл боломжийг бүрдүүлэх ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.

“Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт, өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш, өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 жилийн турш өрнөж буй иргэдийн санал, шүүмжлэлд үндэслэсэн бодлого гэдгийг давтан хэлэхийн зэрэгцээ өнөөдрийн хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.

Амжилт ололт, алдаа дутагдлаа нийтээр хэлэлцэж, засах завшааныг олгож буй энэхүү түүхэн боломж ач холбогдлоороо ардчилсан хувьсгалын дараа нэрлэгдэх нийгмийн томоохон шинэчлэлд хөтөлнө гэдэгт найдаж байна.

Өөрчлөлт, шинэчлэл эрчтэй хийгдэж сайн бүхэн түгэн дэлгэртүгэй гэлээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийн хөтөлбөр, дэгийг танилцуулав.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслүүдийн талаарх танилцуулга, мөн Ардчилсан намын саналыг тус тус танилцуулж байна. Дараа нь төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид төсөл санаачлагчдаас асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

Улсын Их Хурлаас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогт, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар ажиллаж байгаа юм.

Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтож, эхний хоёр өдрийн хэлэлцүүлгийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой асуудлуудаар тус тус зохион байгуулсан.

Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр 10 цагаас Төрийн ордонд эхэллээ.

Хэлэлцүүлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Түвшинжаргал болон төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, гишүүд оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Монголын хуульчдын холбооны болон бүх шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл, мөн улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцож байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг шүүн хэлэлцэж, өөрийн санал бодлыг хүргэн, зохих ёсны хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.

Сүүлийн арваад жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн, олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин, улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэтийг харах ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол” голлох нөлөөтэй гэдгийг дахин онцлон тэмдэглэе.

Өмнөх хэлэлцүүлэгүүдэд хэлсэн энэ үгээ давтан давтан хэлж байгаагийн учир нь эв нэгдлийн гэрээ, улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг болсон Үндсэн хуулийн асуудалд туйлын нухацтай хандахыг Та бүхэндээ сануулж буй хэрэг юм.

Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Эдгээр өөрчлөлтийг миний бие хувьдаа дэмжихгүй байгаа.

Учир нь:

1.Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоог Үндсэн хуулиар тогтоох туйлын шаардлага байгаа эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Өөрөөр хэлбэл хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөх болсон нийгмийн өнөөгийн болон алс хэтийн хэрэгцээг бүрэн тооцоолох боломжгүй нь болгоомжлоход хүргэж буй бөгөөд ийм төрлийн өөрчлөлтийг Үндсэн хуульд бус шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсийг тогтоодог хуулиар зохицуулах бүрэн боломжтой. Үүнтэй нэгэн адил үндэслэлээр шүүгчийг томилохтой холбогдсон харилцааг зохицуулсан болон шүүгчид тавих шаардлага, шалгуурыг тогтоосон хэсгүүдийг мөн дэмжих боломжгүй гэж үзсэн. Тус тусын хуулиар зохицуулагдах бүрэн боломжтой, ач холбогдол багатай өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд оруулахын оронд хууль дээдлэх зарчмаа бэхжүүлэх, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх замаар Үндсэн хууль бусад хууль гэж ялгалгүй нэгэн адил үйлчилдэг, хэрэгждэг байх нөхцөл бололцоог энэ удаагийн өөрчлөлтөөр бүрдүүлэх нь зөв гэж үзлээ.

2.Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчийг арван хоёр жилээр томилохоор тусгасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, …боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно…” гэсэнд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүгчийг анхан шатны, давж заалдах шатны, хяналтын шатны гэсэн ангиалалаар ялгаварлан томилох нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшлахаар байгаа тул дэмжих боломжгүй гэж үзсэн.

3.Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний томилгоонд Улсын Их Хурал оролцохоор тусгасан нь шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулна гэж үзсэн. Шүүхийн төсвийг Улсын Их Хурал баталж, шүүхийн захиргааны гишүүдийг нь томилдог байдал руу орсноор шүүх эрх мэдлийн хараат бус байдал улам бүр дордож, бас нэгэн улс төржсөн байгууллага болж хувирах эрсдэл бодитой байгаа юм.

Иймд миний зүгээс “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэх, шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллуулах, Шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд санал гаргах, бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргах, Шүүхийнсахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох” зэрэг шударга ёсны гэж нэрлэгддэг шүүхийн үйлчилгээний зохион байгуулалтыг оновчтой болгох, хариуцлагагүй шүүгчид хариуцлага тооцох хараат бус бие даасан тогтолцоо бий болгох ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.

Шүүхийн сахилга, хариуцлагын асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй төсөлд тусгасан шиг зөвлөлийн хэмжээнд авч үзэх боломжгүй юм. Шүүх эрх мэдлийн нэр хүндийг дээшлүүлэх, шударга, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчийг шилж олох, хараат бус байдлыг нь хамгаалах чиг үүргийг үлдээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэмжээний бие даасан үйл ажиллагаатай Шүүхийн сахилгын хороог тусгайлан байгуулж, зөвхөн шүүгчид хариуцлага тооцохтой холбогдсон эрх мэдэл олгон, үйл ажиллагааных нь нөхцөл баталгааг Үндсэн хуулиар тогтоож баталгаажуулах нь зөв гэж үзлээ.

Өөрчлөлт, шинэчлэл эрчтэй хийгдэж сайн бүхэн түгэн дэлгэртүгэй.

Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье гэлээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийн хөтөлбөр, дэгийг танилцуулав. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслүүдийн талаарх танилцуулга, мөн Ардчилсан намын саналыг танилцуулах бөгөөд төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид төсөл санаачлагчдаас асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгыг 222 газарт хийж, иргэдийн саналыг сонсоод байна

Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн иргэд сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсох ажил үргэлжилж байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “…Байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана…” гэж заасны дагуу УИХ-ын гишүүд өөрийн сонгогдсон тойрогтоо богино хугацаанд ажиллаж, төслийг иргэдэд танилцуулан, санал, бодлыг нь сонсож байгаа юм. Зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар 58 гишүүн 222 сум, баг, хороонд ажиллаж, 31673 иргэний санал, бодлыг сонсоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүнгийн тайланг хүлээлгэж өгөв

Улсын Их Хурлын Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс орон нутгийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлсэн үр дүнгийн тайланг өнөөдөр (2017.12.13) Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүлээлгэж өгөв.

Энэ арга хэмжээнд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, С.Бямбацогт, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Ажлын дэд хэсгийн ахлагч П.Цэрэн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав болон тус зөвлөлийн гишүүд, улс төрийн намын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан энэ үеэр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолоор өгсөн үүргийн дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулах нэн ярвигтай, нарийн чимхлүүр ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар амжилттай зохион байгуулж, хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэж гаргасан байна.

Улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээр нийт 327375 саналын хуудсаар санал авсан бөгөөд аймгуудаас 143894, нийслэлээс 116527, “Монголшуудан” ХХК-иар 63638, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан программ хангамжаар 3191, цахим хуудсаар 125 саналын хуудас хүлээн авч цахим мэдээлэлд оруулжээ. Хувийн мэдээллээ бүрэн оруулж саналаа өгсөн 272895 иргэний 47,3 хувь нь эрэгтэй, 52,7 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн санал өгсөн иргэдийг насны ангиллаар авч үзвэл 32,2 хувь нь 18-35 насны залуучууд, 19,8 хувь нь 36-45 насны, 16,1 хувь нь 46-55 насны иргэд байна.

Байнгын хороо, Ажлын хэсгийн зүгээс хэлэлцүүлэгтт оролцож саналаа өгсөн нэг ч иргэний санал орхигдох ёсгүй, бүх санал тусгалаа олсон байх ёстой гэсэн зарчим барьж ажилласан. Улсын Их Хурлын Тамгын газар энэ зарчмыг нарийн мөрдөж, хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн бөглөсөн саналын хуудас бүрийг төслийн заалтаар нь нарийвчлан тусгай программын дагуу бүртгэж, цахим архив үүсгэсэн байна гээд хэлэлцүүлгийг улс орон нутгийн хэмжээнд зохион байгуулахад оролцож ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олон, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн албан хаагчид, нийт хүмүүст талархал илэрхийллээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын Тамгын газрын ажлын дэд хэсгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг улс, орон нутгийн хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 08 дугаар сарын 29-ний хооронд амжилттай зохион байгууллаа. Аймаг, нийслэлийн хэмжээнд төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, улмаар орон нутагтаа хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулах үүрэг бүхий 31 ажлын хэсгийг аймаг, нийслэлд Засаг дарга, Засаг даргын орлогч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тэргүүлэгч, ИТХ-ын нарийн бичгийн дарга, Хурлын ажлын албаны дарга,Тамгын газрын болон Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ахлуулан байгуулж, нийтдээ 550 гаруй хүн оролцож ажилласан.

Улсын Их Хурлын Тамгын газраас томилогдож орон нутагт ажилласан 7 баг улсын хэмжээнд 68 удаа бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн өгсөн саналын 327375 хуудсыг хүлээн авч цахим мэдээллийн санд бүрэн оруулж, архивын 2607 нэгж үүсгээд байна. Энэ нь Улсын Их Хурлын нэг бүрэн эрхийн хугацаанд хийдэг ажилтай дүйцэхээр томоохон ажил боллоо. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг дууссаны дараа эдгээр архивын нэгжийг Улсын төв архивт шилжүүлж өгөх юм.

Хэлэлцүүлэгт оролцож саналаа өгсөн бүх иргэний санал нэг бүрийг бүртгэж цахим санд оруулсан учраас саналаа өгсөн иргэд өөрийн санал бүрэн тусгагдсан эсэхтэй танилцах боломжтой. Монгол Улсын сонгуулийн насны иргэдийн бараг дөрөвний нэг нь хамрагдаж оролцсон энэ томоохон хэлэлцүүлэг нь шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших хугацаанд анх удаа зохион байгуулагдсан чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Иймээс энэхүү хэлэлцүүлгийн материалууд нь цаашид Үндсэн хуулийн судалгааны бас нэг гол судлагдахуун болно гэдэгт итгэж байна гээд хэлэлцүүлгийн үр дүнгийн тайланг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Зөвлөлдөх зөвлөлийн дарга, Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч нарт гардуулж өгөв.

Дараа нь Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан улс орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгээр төсөлд тусгагдсан үндсэн 6 бүлэг, 20 орчим асуудлын үр дүнгийн талаар товч танилцуулсан юм.

Улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээр нийт 327375 саналын хуудсаар иргэд саналаа өгсөн агаад төслийн I бүлэгт тусгагдсан 7 асуудлаас 1.1.“Сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох” гэсэн хэсэгт 274708 иргэд санал өгснөөс 206092 нь буюу 75,0 хувь нь, 1.2.“Тухайн жилийн улсын төсвийн төсөлд зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох” гэсэн хэсэгт 280170 иргэд санал өгснөөс 201843 нь буюу 72,0 хувь нь, 1.3.”Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргах эрхийг нарийвчлах” гэсэн хэсэгт 273890 иргэд саналаа өгснөөс 186767 нь буюу 68,1 хувь нь, 1.4.”Төрийн хяналтын байгууллагын тухай” гэсэн хэсэгт 261770 иргэд санал өгснөөс 181278 нь буюу 69,2 хувь нь, 1.5.”Хянан шалгах түр хороо байгуулж болох тухай Үндсэн хуульд нэмж тусгах” гэсэн хэсэгт 263389 иргэд санал өгснөөс 180504 нь буюу 68,5 хувь нь, 1.6.”Ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох” гэсэн хэсэгт 261625 иргэд санал өгснөөс 185666 нь буюу 70,9 хувь нь, 1.7.”Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батлах” гэсэн хэсэгт 266731 иргэд санал өгснөөс 176314 нь буюу 66,1 хувь нь тус тус дэмжжээ.

Мөн төслийн II бүлэгт тусгагдсан хоёр заалтаас 2.1.”Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах” гэсэн хэсэгт 280890 иргэд санал өгснөөс 150237 нь буюу 53,4 хувь нь дэмжсэн бол 2.2.”Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хасах” гэсэн хэсэгт 288829 иргэд санал өгснөөс 146645 нь буюу 50,7 хувь нь дэмжээгүй байна.

Төслийн III бүлэгт тусгагдсан заалтуудаас 3.1.”Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах” гэсэн хэсэгт 270672 иргэд санал өгснөөс 163953 нь буюу 60,5 хувь нь, 3.2.”Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх /Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах/” гэсэн хэсэгт 278064 иргэд санал өгснөөс 180427 нь буюу 64,8 хувь нь, 3.3.”Засгийн газрын үндсэн чиг үүргийн 5 яамыг Үндсэн хуульд нэрлэх заах, Ерөнхий сайд 7 хүртэл яамыг нэмж байгуулах саналыг Улсын Их Хуралд оруулах” гэсэн хэсэгт 276417 иргэд санал өгснөөс 164241 нь буюу 59,4 хувь нь тус тус дэмжжээ.

Төслийн IV бүлэгт тусгагдсан дөрвөн заалтаас 4.1.”Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх” гэсэн хэсэгт 276416 иргэд санал өгснөөс 216218 нь буюу 78,2 хувь нь, 4.2.“Төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтоох” гэсэн хэсэгт 279929 иргэд санал өгснөөс 217492 нь буюу 77,6 хувь нь, 4.3.“Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох” гэсэн хэсэгт 286212 иргэд санал өгснөөс 216196 нь буюу 75,5 хувь нь дэмжсэн байна.

Мөн төслийн V бүлэгт тусгагдсан заалтуудаас 5.1.“Шүүхийн ерөнхий зөвлөл арван нэгэн гишүүнээс бүрдэхээр Үндсэн хуульд заах” гэсэн хэсэгт 267096 иргэд санал өгснөөс 191262 нь буюу 71,6 хувь нь, 5.2.”Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосныг Ерөнхийлөгч батламжлах” гэсэн хэсэгт 276217 иргэд санал өгснөөс 197434 нь буюу 71,4 хувь нь, 5.3.”Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, Монгол Улсын гучин нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилох” гэсэн хэсэгт 277301 иргэд санал өгснөөс 193031 нь буюу 69,9 хувь нь дэмжжээ.

Түүнчлэн төслийн VI бүлгийн хоёр заалтаас 6.1.“Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод /орон нутгийн харьяалалтай/, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар Үндсэн хуульд бэхжүүлэх” гэсэн хэсэгт 273388 иргэд санал өгснөөс 180333 нь буюу 65,9 хувь нь, 6.2.“Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга шууд томилох” гэсэн хэсэгт 290023 иргэд санал өгснөөс 154687 нь буюу 53,3 хувь нь дэмжжээ. Харин төслийн “Төсөлд дурдагдаагүй” гэсэн хэсэгт 81095 саналын хуудсаар хуулийн төсөлд дурдагдаагүйгээс өөр саналууд ирүүлсэн талаар Байнгын хорооны дарга товч танилцуулсан юм.

Мөн тэрбээр, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг яам, агентлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн намуудын хүрээнд зохион байгуулагдаж, саналуудаа ирүүлсэн. Ирэх долоо хоногт энэ асуудлаар эрдэм шинжилгээний томоохон хурал хийхээр төлөвлөж байгаа. Эдгээрээс гарсан бүх саналыг нэгтгэж, судалж нягтлаад улс төрийн намуудын зөвшилцөл хийгдсэний үндсэн дээр хуулийн төслийг эцэслэн боловсруулж өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг дурдлаа.

Мэдээллийн дараа Улсын Их Хурлын гишүүд болон Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд орон даяар явагдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын архивт шинээр бүрдүүлж хадгалсан цахим сан архивын нэгжтэй танилцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх бүсчилсэн сургалт Говь-Алтай аймгийн төвд боллоо

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын алба /төсөл хэлэлцүүлэгч баг/ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэхээр Баянхонгор аймгийн Баянхонгор, Богд, Галуут суманд 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ.

Тэгвэл Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд зохион байгуулж буй сургалт, хэлэлцүүлгийг Говь-Алтай аймагт үргэлжлүүлж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи бүсчилсэн сургалт өнөөдөр (2017.08.04) Говь-Алтай аймгийн төв Алтай суманд боллоо.

Сургалтад Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ, аймгийн Прокурор, Шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Онцгой байдлын газар, Аудитын газар, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн зөвлөл, мөн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тамгын газар болон 11 багийн ИНХ төлөөлөл, нийт 64 албан хаагчид хамрагдлаа.

Дээрх зургаан багц сэдвийн хүрээнд зохион байгуулсан сургалтын үеэр албан хаагчид зөвхөн тодруулга авахын зэрэгцээ бас иргэнийхээ хувьд саналаа илэрхийлж байсан юм. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга М.Мянганбуу, аймгийн төвд сумын статус байх шаардлагагүй зөвхөн орон нутгийн статустай хот гэж байгаад захирагчийн ажлын алба байвал зохистой. Мөн 59-р зүйлийн 3 дахь хэсэгт, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгох бөгөөд тухайн шатны Хурлын төлөөлөгчийн 10 хувь нь төрийн жинхэнэ албан хаагч байж болно гэсэн санал хэлж байв.

Ийнхүү өнөөдрийн сургалт асуулт, хариултаар үргэлжилж, төсөл хэлэлцүүлэгч баг үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг үдээс хойш иргэдийн дунд өрнүүлэх юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэг Баянхонгор аймгийн төвд болов

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи сургалт 2017 оны 07 дугаар сарын 31-ний үдээс өмнө Баянхонгорт аймгийн төвд зохион байгуулагдсан бол мөн өдрийн үдээс хойш уг төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлэг өрнөв.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан сэдвийн хүрээнд өрнүүлсэн ба сэдэв тус бүрийн танилцуулгыг төсөл хэлэлцүүлэгч баг хийсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын зарим заалт, хэсгийг өөрчлөх болсон үндэслэл, шаардлагын хувьд одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна гэж заасан. Харин төслийн заалтад Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна гэж тусгасан байгаа. Ингэснээр Улсын Их Хурлын чадавхийг бэхжүүлж, хяналтын эрх мэдлийг бодитоор өргөжүүлэх, хууль бүтээх ажиллагааны чанарыг сайжруулна.

Түүнчлэн Улсын Их Хурал нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно гэж төсөлд тусгагдсан. Энэ нь Улсын Их Хурлын хяналтын бүрэн эрхийг бодитоор хэрэгжүүлэх боломжоор хангах, парламентыг бодит мэдээллээр хангах, иргэдэд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн аливаа асуудлын бодит нөхцөлийг илрүүлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа.

Дээрх зургаан сэдвийн дор тус бүр танилцуулга хийгдсэний дараа хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдийн саналыг сонссон юм. Тухайлбал, Баянхонгор сумын 1-р багийн иргэн Баттөр, Улсын Их Хурал, Засгийн газрын хяналт-тэнцлийг хангах сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Ерөнхий сайдын албыг давхар хашиж болно, харин бусад гишүүд давхар алба хашиж байгаа нь төрийн ажлыг алдагдуулж байна гэлээ. Түүнчлэн Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцооны хувьд орон нутгийн 4-5 сумыг нэгтгэж, бүсчлэн хөгжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв.

Шаргалжуут тосгоны иргэн Баярмагнай, Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд “хот” гэдэг нэгж нэмэгдвэл тосгоныг хотын нэгжид хамруулах гэсэн санал хэлж байв. Учир нь одоогийн Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцооны хувьд тосгон сумын нэгжид харьяалагддаг боловч хүн ам, газар зүйн хэмжээтэй харьцуулбал багаас том гэсэн санал хэлж байв.

Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлэг амжилттай өрнөж, тус хэлэлцүүлэгт 390 иргэн оролцож, саналын хуудсаар саналаа өгөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *