Булган аймаг аргагүй л “Бүхний анхдагч”-аар овоглож, зон олны дунд чимэгтэй цол хэргэмээр нэрших болсон нь бодит амьдралаас үүдсэн болохыг Булган аймгийн 80 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа дахин, хөдөлшгүйгээр нотолж, цэнгэлдэх хүрээлэнд суугаа үзэгч зон олны уухайлах дуун сэтгэлийн учгийг хөдөлгөж энэхүү хөрөг найрууллыг тэрлэхэд хүргэв.
Улсын наадмын арга хэмжээг хэдэнтээ найруулсан Н.Наранбаатар аймгийнхаа ойн арга хэмжээг найруулж, түүний бичсэн хөг аялгуугаар нээлтээ хийсэн аймгийн 80 жилийн ойн нээлт “улсын баяр наадмаас илүүтэй боллоо” гэх яриа чих дэлсэхийг сонсоод ардын үнэлэмж, сэтгэгдэл “сарьдагт” байгааг мэдрэв. Аймгийн наадмын нээлтээр сансрын хөлөг хөөргөж, хуучны содон задгай машинаар хоёр улсын хос баатар Ж.Гүррагчаа заларч … Олимпийн аварга гээд анхдагч бүхэн наадамчдын алга таших, уухайлах хашгираан, хөгжмийн дэвсгэртэй зэрэгцэхээр цэнгэлдэх говийн зэрэглээ мэт алаглан жирэлзэнэ.
Шивээлэн суусан үзэгч дундаас шинэхэн одон наранд хурц туяа татуулан гялалзан харагдах нь өөрийн эрхгүй анхаарлыг татав. Улаан ягаан тэрлэгэн дээр алтан шаргал онгөтэй Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон содон тод, өнгө зохицон, үлэмж ялгаран цаанаа л нэг баярлах, догдлох, хөөрөн суугаа буурай хөгшин хэн байсан гэж бодно оо. Тэр хүн бол Монголын сая сая сайхан ээжүүдийн нэг, Сайхан сумын уугуул, спортын хос мастер, АНУ-ын “Алдарт ээж”, Монголын “Ачлалт эх” Лхагвын Бадамдаш ахайтан байсныг таньж ядан хараад нүдэндээ итгэхгүй, цочих, баярлах хослуулан тээнэгэлзсэнийг нуух юун … дотно сайхан мэндлээд, баяр хүргэхэд “хэний хүүхэд вэ” гэж асуух нь хүртэл хуучны буурал мөөн мөн.
Тэртээ он жилүүдэд спортын rapaaгаа үндэсний сураар эхэлж 1959 онд аймгаа төлөөлөн улсын аваргад анх оролцож хүрэл медаль хүртсэн амжилтаар дөрөөлөн, улмаар шинэхэн спорт байт руу урваж, Монголын байт сурын харваагаар эх орондоо од болон гязлалзаж явсан, 1966, 1967 онд хоёр жил дараалан байтаар улсын аварга болж, Унгар, Чех улсад болсон Байт харвааны олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож Монгол гэсэн нэрийг дэлхийн чихнээ анхлан дуурсгаж, олон улсын тэмцээний анхдагч шанг таталцсан гавьяатай билээ. Энэ үеэр байт сураар улсынхаа рекордыг хоёронтоо эвдсэн, Бүх ард түмний спартакиадаар байтын таван төрлийн зайд бүгдэд нь түрүүлж, нэг өдөр таван алтан медаль авч байтын спортын түүхэн хүрд эргүүлэлцсэн, Улаанбаатар хотын аварга гээд нийтдээ 51 удаа одон, медаль, тэмдгээр энгэрээ мялаалгасан гээд дурсаад байвал тамирчны баяр баясгалан, харамсал барагдах биш … Зүүсэн одон, медаль тууз дүүрч, хүндрэх боловч бахархах сэтгэл нь өлхөн өргөж явнам.
Монголын эмэгтэй шатарчны түүхийн эхийг хатгахад оролцсон, Монголын шатрын спортын мастер Лхагвын Бадамдаш хатагтай маань Шатрын спортын их аваргууд Хулганаа, Бүжинлхам, Цэнд, Бямбаа гээд нэрд гарсан мастеруудтай 1960 онд Улсын аваргаар тоглож хожиж, хожигдож наанатай, цаанатай явсныг дурсаад бахархал төрснийг нуух юун. Өөр нэг бишрэм амжилт бол Булган аймгийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд олон жил түрүүлсэн амжилт, бүсийн, байгууллагын ойн нэрэмжит уралдаан тэмцээнд түрүүлсэн, айргийн тавд орсон тоогоо алдсан, сая аймгийн 80 жилийн ойн дараахан болсон Шатрын спортын их мастеруудын нэрэмжит тэмцээнд түрүүлээгүй ч, 85 настай гэхэд чамлахааргүй амжилт \50 хувийн\ үзүүлж, хожигдсондоо орчин үеийн шатрын дүрс ялгамж муутай болсных уу, эсхүл миний нүд ялгаж харахаа болио юу гэж өөртөө үглэж, шүүмжилж суугаа нь их спорттой уяатайг илтгэнэ. Монголчууд “шагнал нүдээ оллоо” гэж ярьдаг. Төрийн мэлмий энэ удаа алдаагүй, оносон, онох онохдоо яг байтын сум голч цэгт цэцэн тусах шиг, түүний дээр дурдсан хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж аймгийн ойгоор Монгол Улсын Еренхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрийг нь мялаан, баярлуулсныг нэгэн сайхан буурай баярлаж талархсандаа таарсан, мэндэлсэн, баяр хүргэсэн бүхэнд эхийн сайхан сэтгэлээр эерэг энерги түгээж суунам.
Тээр дээр тэнгэрт гялалзан анивчих ОДОН, түүний энгэрт бууж туяа цацруулна гэдэг бол хэн хүнд дураар хүссэн бүхэнд олдоод байдаггүй, ховорхон аз завшаан, хиймор лундаа, бурхны хишиг, буян заяаны төөрөг бизээ. Үүнд аймгийн Спортын байгууллага, төр засгийн ажилтнуудын сэтгэл гаргасан, тамирчны буухиаг залгамжлан яваа залуу тамирчинд нэгийг бодогдуулсан цаг үеэ олсон оночтой чухал ажил болсныг тэмдэглэхгүй өнгөрөх эрх байхгүй билээ.
80 хол гарсан гэхэд чих жаахан хатуу болсноос өөр өвдөх өвчингүй, ухаан санаа саруул, гялалзаж яваа, долоон хүүхдийн ээж буурайг танихгүй нэг нь хараад “Энэ ямар сайхан хөгшин бэ” гэж уулга алддаг нь нууц биш. Аргагүй энэ бол тамирчны хөдөлмөрийн үр шимээр эрүүл яваа бөгөөд нэг нууцыг дэлгэхэд тухайн цагтаа “Байтын мисс Бадамдаш” гэж нэрлэгдэж явсан билээ. Болоогүй ээ “Бүлээхэн дурсамж”, “Шатрын бодлого” гээд хэд хэдэн ном бичсэн нь цасан дээр мөрөө, цаасан дээр нэрээ үлдээсний тод гэрч бөгөөд түүний тухай “Булган хангайн XX зууны алдар гавьяатууд”, “Сайхан сум” зэрэг олон номноос танилцахад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.
Тухайн үед нэг баг, улсын шигшээд хамт харвалцаж, баяр баясгалан, жаргал, зовлогоо хуваалцаж явсан байт сурын алдарт харваач Жавзмаа, Лхам, Янжмаа, Сугар, Оюут нартайгаа үе үехэн холбоо барих, уулзахаа өнөөг хүртэл мартаагүйг бодоход хүн чанараа гэж…
Тэрээр “Монгол хүн үндэсний сураараа дамжин байтаар дэлхийд тодрох ёстой, удахгүй их спортын тэнгэр эрхшээх байлгүй дээ” гэж ерөөж суугаа буурал тамирчны, буянтай ерөөл бат оршиг гэсэн сүүн цацлаар, “Хүнд хүндлүүлж, бурханд тэтгүүлж яваарай” гэсэн шашны философийн сургаалаар хөрөг найрууллаа жаргаая.
Баасангийн Цогням