Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 411 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 245 зөрчлийг шалгажээ. Ослын улмаас нийслэлд 5 хүн бэртэж, орон нутагт нэг хүний амь хохирчээ. Зам тээврийн ноцтой ослоос дурдвал, энэ сарын 20-ны 03.20 цагт Дундговь аймгий Луус сумын хоёрдугаар багийн нутаг “Наран” гэх газар засмал замд “Lexus-470” загварын автомашин “Howo” загварын автомашинтай мөргөлдөж, зорчигч 46 настай эмэгтэй нам барьжээ. Эл хэргийг харъяаллын дагуу тус аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Амралтын өдрүүдэд бүртгэсэн ослын гурав нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос болсон байна. Замын цагдаа нар эдгээр өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу шийтгэл оноов. Иймд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хурдаа тохируулж, хамгаалах бүс зүүж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.