Охид, бүсгүйчүүдийн онцгойлон цаг, зав гарган авдаг үйлчилгээ нь хумсны маникюр болсон. Зүсэн зүйлийн өнгө, будаг, гоёл чимэглэл бүсгүйчүүдийг соронз мэт татаж, хумсаа гоёх гэсэн хүсэл тэднийг эзэмддэг нь лавтай. Яг үнэндээ өнөөх олон төрлийн өнгөнөөс сонгож ядан суух бүсгүй багаж, хэрэгслийнх нь сайн, муу, сайхан муухайг огтоос анзаардаггүй. Аз болоход зарим газар нь арай дөнгүүр, багаж, хэрэгсэл, будаг шунхандаа анхаарч, бусдыг гэмтээж, элдэв өвчин эмгэг тусахаас нь сэргийлдэг болов уу гэж найддаг юм. За тэгээд ганц сарын сургалтад суугаад, нэг удаагийн багаж хэрэгсэл авч тавьчихаад, хаа газрын булан тохойг ашиглан гоо сайхан яриад суух нөхөд олон л доо. Тэд хэрхэн тарамдаж, бусдыг яаж хохироодог болохыг бид тэр бүр мэдэхгүй. Хумсны махаа буруу авахад л арьс сөрөх, мах нь нөхөн төлжиж ургахгүй байх гэх мэт сөрөг нөлөөтэй. Ариутгал сайн хийгээгүй багаж хэрэгслээс үүдэн элэгний вирусээс эхлээд элдэв халдварт өвчин тусах эрсдэл бийг эмч нар анхааруулдаг. Халдвар авдаггүй юмаа гэхэд мөөгөнцөртөх тохиолдлууд ч цөөнгүй гарах болсон. Иймд маникюрт ороод марталгүйгээр ямар багаж хэрэгслээр үйлчлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг нь чухалчлан асуугаарай. “Эрүүл мэнд эрхэм баян” шүү дээ гоёхон бүсгүйчүүд минь.