Монгол Улсын Ерөнхийлөгчийн өрөөнд УИХ-ын 2019 оны 72 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг анхны хуралдаанаа хийсэн байна. Анхны хурлаараа ажлын төлөвлөгөөгөө баталсан ба ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн шахуу хөтөлбөртэйгөөр ажиллахаар тогтсон байна. Тодруулбал,
- Даваа гарагт /2019.07.22/ Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд 10:00 цагт
- Мягмар гарагт /2019.07.23/ Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд 10:00 цагт
- Лхагва гарагт /2019.07.24/ Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд 10:00 цагт
- Пүрэв гарагт /2019.07.25/ Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд 10:00 цагт
- Баасан гарагт /2019.07.26/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх байгалийн баялаг, эдийн засагтай холбоотой заалтын хэлэлцүүлэг Төрийн ордонд 10:00 цагт тус тус болно.
Эдгээр хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид оролцож, олон нийтэд ил тодоор мэдээлэл хүргэх юм байна. Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт нар ажиллаж буй. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд нар ажиллаж байна.