Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, санал болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулах зөвшилцөх ажлын хэсгийг байгуулаад байгаа. Уг ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгч Х.Баттулга, орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллаж байгаа юм. Гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, С.Эрдэнэ нар багтсан бөгөөд Зөвшилцөх ажлын хэсэг өнөөдөр анхныхаа хурлыг хийн ажлын төлөвлөгөөгөө баталжээ. Энэ талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийсэн юм.
Ажлын хэсгийн хэсгийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Ажлын хэсгийн хуралдаан наймдугаар сарын 9-н хүртэл тасралтгүй явна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар ард иргэд, эрдэмтэн судлаачид, төрийн болон ТББ-уудын саналыг сонсох зорилгоор таван удаагийн хэлэлцүүлэг хийх төлөвлөгөөг гаргасан.
- Даваа гаригт Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангахтай холбоотой хэлэлцүүлэг 10.00 цагт
- Мягмар гаригт парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой хэлэлцүүлэг 10.00 цагт
- Лхагва гаригт шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой хэлэлцүүлэг 10.00 цагт
- Пүрэв гаригт нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг 10.00 цагт
- Баасан гаригт Байгалийн баялаг, эдийн засагтай холбоотой хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгүүдэд Ерөнхийлөгч оролцоно. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газраас өргөн барьсан хуулийн танилцуулга хийгдэнэ” гэлээ.