Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улсад эболагийн онц ноцтой халдвар илэрсэн тухай ДЭМБ-аас зарлав. Хүн ам шигүү суурьшсан Гома болон Уганда улсад өвчний дэгдэлт илэрсэн учир олон улсын чанартай онц байдал зарлалаа. Халдвартай холбогдуулан Конгод онц байдлын хорооны зөвлөмжийн дагуул лхагва гарагт ийм шийдвэрт хүрсэн байна. “Хорооноос намайг Эболагийн тархалтын нөхцөлтэй холбогдуулан олон улсын анхаарлыг татах хэмжээний онц байдал зарлахыг зөвлөсөн. Би энэ зөвлөгөөг хүлээн зөвшөөрч байна” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейсус мэдэгдсэн аж. Онц байдлын үеэр Конго руу аялах, худалдаа хийхийг хязгаарлахгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шийдвэрлэжээ. Энэ сарын 16-ны байдлаар тус улсад халдварын 2512 тохиолдол бүртгэгдэж, 1676 хүн нас барсан гэнэ. 703 хүн эдгэсэн бол үлдсэн хэсэг нь эдгэрэх шатандаа явж байгаа аж.
Конгод ажиллаж байгаа эмч нар өдөрт дунджаар 12 шинэ тохиолдол бүртгэж байна. Эбола нь зэрлэг амьтнаас хүнд халдварлаж дараа нь хүнээс хүнд дамждаг өвчин. Энэ өвчний үед халуурч чичирч, булчин, толгой, хоолой өвддөг аж. Үүний дараа бөөлжих, суулгах, тууралт гарах, элэг, бөөрний үйл ажиллагаа алдагдах шинж илэрнэ. Зарим тохиолдолд дотуур болон гадуур цус алддаг байна.
Т.БҮРЭН