Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард Европын төв банкны тэргүүнд нэрээ дэвшүүлсэн учир огцрох өргөдлөө албан ёсоор өгчээ. “Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж огцрох өргөдлөө өгсөн бөгөөд 2019 оны ёсдүгээр сарын 12-ноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ” хэмээн тэрээр мэдэгдсэн юм.
Түүний онцолсноор, шинэ захирлыг ойрын хугацаанд сонгох ажлыг удирдах зөвлөлийнхөн гүйцэтгэх гэнэ. Энэ хугацаанд Дэвид Липтон сангийн захирлын үүргийг орлон гүйцэтгэх аж.
Кристин Лагард энэхүү албан тушаалыг 2011 оноос эхлэн хашсан юм. Хэдийгээр эдийн засгийн боловсрол байхгүй ч гэлээ тэрээр Францад Сангийн сайд болсон. Мөн шүүхээс ял авсан хэдий ч Олон улсын валютын санг олон жилийн турш удирдаж чадсан бүсгүй юм.
2000-аад оны сүүлээр дэлхийг хамарсан хямралын үеэр Кристин Лагард Францын эдийн засгийг удирдаж чадсан гэж олон мэргэжилтэн үздэг. “Францын эдийн засаг хөгжингүй орнуудын дундаас хамгийн тогтвортойд тооцогддог. Учир нь тус улс экспортын хэмжээ, зах зээл дээрх орон сууцны үнээс хараат бус байдаг юм. Гэхдээ засгийн газрын үйл ажиллагаа хямралыг гүнзгийрэхээс өмнө зөв арга хэмжээ авч чадсан” хэмээн тухайн үедээ “Financial Times” сонин бичиж байжээ. Тиймээс ч 2009 оны үр дүнгээр хамгийн сайн Сангийн сайд гэх цолыг Кристин Лагардад олгож байжээ.
Тэрээр бэлгийн хүчирхийлэлд буруутгагдсан нутаг нэгт Доминик Стросс-Каны дараа Олон улсын валютын санг удирдах болсон юм. Түүнээс гадна Европ өрийн хямралд орсон байв. Гэвч Лагард хүнд байдалд орж сурсан нэгэн төдийгүй нэгэнт тогтсон заншлыг ч эвдэж чаддаг. Тэрээр улсынхаа түүхэнд анх удаа Сангийн сайд, Олон улсын валютын санг удирдсан анхны эмэгтэй захирал гээд анхдагч зүйл олонтой эмэгтэй.
Харин одоо тэрээр Европын төв банкийг удирдаж буй мөн л анхны эмэгтэй болох төдийгүй мөнгө болох хямд зээл олгохоор зэхэж байна. Дэлхийг хамарсан худалдааны дайны хүнд нөхцөлд зөвхөн эмэгтэй хүн л хариуцлагатай байж чадна гэж итгэж байгаа гэнэ. Эмэгтэйчүүд сайн удирдагч, эдийн засагчид байж чаддаг хэмээн К.Лагард нэг бус удаа онцолж байсан юм. Саяхан Америкийн телевизийн шоунд орохдоо “Байдал үнэхээр дордсон үед та нар эмэгтэйчүүд рүү утасдаж байгаарай” гэж хэлсэн аж. Ийм маягийн мэдэгдлийнх нь төлөө түүнийг санхүүгийн ертөнцийн рок-од хэмээн нэрийддэг гэнэ.
Бодсоноо шулуухан хэлдэг байдал К.Лагардад тус дөхөм болно хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. Европын эдийн засгийг сэргээх, үнэт цаас худалдан авах зэрэг нь хэрэгтэй хэдий ч илүү чухал зүйл бий хэмээн эдийн засагчид үзэж байна. Евро бүсэд шинэ зэвсэг буюу нэгдсэн үнэт цаас гаргах цаг ирсэн гэж тэд үздэг. Энэ нь хөрөнгө оруулагчдад итгэл найдварыг төрүүлэх гэнэ. Харин энэ ажлыг зөвхөн К.Лагард гүйцэтгэж чадна хэмээн эдийн засагчид үзэж байгаа юм.
Т.БҮРЭН