Categories
мэдээ нийгэм

Турк НАТО-гийн гишүүнчлэлээ алдах уу?

“The Daily Telegraph” сонинд бичсэнчлэн, Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган зальжин удирдагч болохыг эрх баригч болсноос хойшхи 16 жилийн дотор харж болох гэнэ. Барууны орнууд Анкаратай үргэлж найрсаг харилцаатай байхыг эрмэлздэг гэдгийг Эрдоган мэддэг хэрнээ үүн дээр нь үргэлж тоглолт хийдэг.Европын улсууд аюулгүй байдлын тэргүүлэх зорилгоор Аль-Каида, Исламын улс зэрэг алан хядагч бүлэглэлүүдтэй тэмцэх бодлого баримталж байхад Туркийн тэргүүн лалын хэт даврагсдыг дэмжсээр ирсэн байдаг хэмээн тус сониныхон үзэж байна.

Анкара дахь АНУ-ын Элчин сайд хүртэл Сирийн дайны үед Турк улс Аль-Каидатай холбоотой бүлэглэлүүдэд дэмжлэг үзүүлсэн гэх таамгийг албан үүргээ хүлээлгэн өгөхдөө дурдсан байдаг. Гэсэн хэдий ч барууны орнууд Туркийг НАТО-гийн гишүүн, геополитикийн ач холбогдолтой байршлыг чухалчилж Р.Эрдоганы үйлдлүүдийг тоохгүй өнгөрөөдөг. Магадгүй үүнээс үүдэн Эрдоган ОХУ-аас С-400 пуужингийн систем авах зоригийг өгсөн байх хэмээн сонинд бичжээ. Гэтэл энэ удаа Вашингтоны хариу үйлдэл Туркийн тэргүүний тооцоолсноос өөр байлаа. НАТО-гийн гишүүн орнуудын онгоцыг устгах зорилгоор бүтээгдсэн энэхүү пуужингийн системд хөрөнгө оруулснаар Турк НАТО-гийн гишүүнчлэлээ эрсдэлд оруулж байгаа талаар шинжээчид дурджээ.

Вашингтон мэдэгдэлдээ, Турк улс энэхүү пуужингийн системийг авснаар радарын өндөр нууцлал бүхий сүүлийн үеийн F-35 сөнөөгч нисэх онгоцны хөтөлбөрөөс хасагдаж буйг онцолж байна. Түүнчлэн АНУ-д F-35 онгоцны нислэгийн бэлтгэлийг хангаж байсан турк нисгэгчдийг нутаг буцааж байгаагаа мэдэгдэлдээ дурджээ.

Турк улс НАТО-гийн гишүүн орны хувьд 100 ширхэг F-35 онгоц авах эрхтэй байв. Орос улсаас С-400 пуужин авч байгаа нь Вашингтоны эгдүүцлийг хүргэж, энэ сардаа багтан F-35 онгоцны хөтөлбөрөөс хасагдах эрсдэлд орууллаа. Орос пуужингийн систем худалдан авч байгаа нь НАТО-гийн байр суурь, барууны орнуудын үзэл бодол, үнэт зүйлийг огт хайхрахгүй буйг нь харуулж буй үйлдэл юм хэмээн дүгнэж байна.

Эрдоган радикал исламист бүлэглэлүүдэд хайр зарласан явдлыг нь анзаараагүй царайлж болох юм. Гэтэл НАТО-гийн бүх гишүүн орон төдийгүй баруун Европын аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байгаа энэ пуужингийн системийг худалдан авсан нь нүдээ аниад өнгөрөөх жижиг асуудал биш. Турк улс нь 1952 онд хуучин ЗХУ-ын заналхийллээс зугтан НАТО-гийн гишүүн улс болж байсан бол Эрдоганы засаглалын Турк улс нь баруун Европын орнуудын итгэл даах найрсаг түнш улс биш болжээ. Харин ч эсрэгээр, Турк улсын гадаад бодлого, зальжин тоглолтууд барууны орнуудын үнэт зүйлстэй зөрчилдөж, аюулгүй байдлыг эрсдэлд оруулах болсон аж. Иймээс ч Туркийн НАТО-гийн гишүүнчлэлийг цуцлах цаг ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн “The Daily Telegraph” сонин дүгнэжээ.

Т.БҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *