Categories
мэдээ улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 14.00 цагт хуралдана.

Хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” болон “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 64 гишүүн бнгөрсөн сарын 06-нд өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байгаа. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 16-нд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нийт 49 санал тусгагдсанаас 16 нь УИХ-ын гишүүдээс өргөн барьсан төсөлд хөндөгдөөгүй шинэ санал, үлдсэн хэсэг нь өмнө ярьж байсан асуудлын хүрээнд хамаарах асуудлууд байгаа юм.

Үндсэн хуулийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хэлэхдээ, “Ерөнхийлөгчийн төсөл, саналд тусгагдсан асуудлууд нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг хөндөж буй эсэхийг нягталж үзэх шаардлагатай. Үндсэн хуульд 35 хувиас дээш хувиар өөрчлөлт оруулах, өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглохоор хуульд заасан Тиймээс Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу бие даалган хэлэлцэх асуудал биш учраас төслийн зүйл, заалтуудын уялдаа холбоог сайтар нягталж хамтатган хэлэлцэх боломжтой эсэхийг анхаарах нь чухал. Мөн одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд огт хөндөгдөөгүй заалтуудыг хэрхэн авч үзэж болох, энэ талаарх судалгаа тооцоо, үндэслэл тайлбараа нэгтгэн боловсруулах шаардлагатай байна” хэмээсэн юм.

Байнгын хорооны хуралдааны дараа буюу 15.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *