Баяр наадмын өдрүүд өнгөрсөнтэй холбогдуулан хоолны хордлогын талаар ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Нарангэрэлтэй ярилцлаа.
-Баярын өдрүүдэд хоолны хордлогын талаар дуудлага мэдээлэл их ирэв үү?
-Эрүүл мэндийн байгууллага Үндэсний их баяр наадмын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Хоолны хордлогын талаар ноцтой дуудлага мэдээлэл одоогоор ирээгүй. Хүмүүс харьцангуй зөв хооллож сурч, жил ирэх тусам энэ төрлийн дуудлага мэдээлэл багасаж байна.
-Хоолны хордлого гэж юу болохыг тайлбарлаж өгөхгүй юү?
– Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн санаатай болон санамсаргүй байдлаар бохирдох, ялангуяа хүнс дамжин бохирдох нь хоолны хордлого үүсэх нэг шалтгаан болдог. Хүнс бохирддог шалтгаануудад нэгдүгээрт, өвчтэй мал, амьтан, загас, тахиа шувуу (өвчтэй, өвчин үүсгэгч тээгч)-ны мах, сүү, өндөг, мөн ариун цэврийн шаардлага хангаагүй ус. Хоёрдугаарт, хоол хүнсээр дамжих өвчнөөр өвчилсөн өвчтөн, эсвэл халдвар авсан ажилтан, өөрөө өвдөхгүй мөртлөө өвчин үүсгэгчийг биедээ тээж явдаг эрүүл нян тээгчид хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллах, хүнстэй харьцах хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм муу сахисны улмаас хүнс бохирдож, улмаар хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин үүсгэдэг. Гуравдугаарт, хүнс хоолны газар нь эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй байх, хүнс хоолыг бэлтгэх, хадгалах, борлуулах технологи ажиллагаа алдагдсанаас хүнс бохирдож, хоолны хордлого үүснэ.
-Хоолны хордлого авсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, ядрах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Хоолны хордлогын үед илрэх шинж тэмдэг, хордлогыг үүсгэж буй нянгийн төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг. Хэрэв хордлогын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай.
-Хоолны хордлого авсан үед хэрхэн эмчлэх вэ?
-Ямар хордлогоос нь шалтгаалж янз бүрийн эмчилгээ хийдэг. Аль ч хордлогын үед эхлээд ходоодоо угаах хэрэгтэй. Хордлого авснаа мэдсэнээс хойш хэдий хурдан хугацаанд ходоодоо угаана төдий чинээ эмчилгээний үр дүн сайжирна. Ходоод угаах хэд хэдэн арга байдаг. Шингэн ихээр ууж бөөлжих, хаймсуурын тусламжтай ходоод угаах гэх мэт. Гэхдээ эдгээр аргууд элэгний хатууралтай хүнд аюултай. Учир нь албаар бөөлжүүлэх үед хэвлийн хөндийн даралт ихэсч түүнээс болоод цус алдаж магадгүй.
Хаймсуураар ходоод угаахад улаан хоолойн тэлэгдсэн судас гэмтэх, ходоодны шарх мэдрэх гэх мэт хүндрэл гарч болзошгүй. Хэрвээ ходоодны шархтай, элэгний хатууралтай, улаан хоолойн судас өргөссөн хүмүүс хордлого авсан бол ходоод угаах өөр арга хэрэглэх хэрэгтэй. Их хэмжээний шингэн зүйл уух нь хордлогын үед авах энгийн арга. Хэрэв химийн бодисын хордлого авсан бол уг бодисын эерэг эм, бэлдмэл хэрэглэдэг. Гэхдээ үүнийг эмнэлгийн нөхцөлд хийдэг ба гэртээ хамаагүй дур мэдэн хэрэглэх хэрэггүй. Хоолны хордлого авсан бол шингэн зүйл ихээр ууж, ходоодоо угаах хэрэгтэй. Ходоодны салстыг хамгаалах, нянгийн эсрэг эмчилгээ хийдэг. Давстай ус уух нь нянгийн эсрэг хийх хамгийн энгийн эмчилгээ. Давс нь нянгийн эсрэг үйлчилгээтэй учир жамц болон энэтхэг хүрэн давсыг усанд уусгаж болон шууд долоож хэрэглэж болно.
-Хэрхэн урдчилан сэргийлэх вэ?
– Юуны өмнө хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалах горимыг дагах хэрэгтэй. Үүнд: 1.Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсэхийг нь сайтар шалгаж байх хэрэгтэй. Хөлдөөсөн, пастержүүлсэн бүтээгдэхүүнээс хордлого авах магадлал бага.
2.Хоолыг сайн болгож идэх хэрэгтэй. Халуунаар болгох явцад өвчин үүсгэгч бүх бичил биет устах ёстой бөгөөд ингэхийн тулд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халах ёстой. Хөлдөөсөн шувуу, мах зэргийг эхлэн гэсгээсний дараа болгох хэрэгтэй. Ингээгүй тохиолдолд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халахгүй байх эрсдэлтэй.
3.Болгосон хоолыг удаалгүйгээр идэж байх.
4.Болгосон хоолыг хадгалах шаардлага гарсан бол тохирсон дулааны горимыг дагаарай. Өвчин үүсгэгч бичил биетүүдийн хөгжил нь +60 градусаас дээш , +10 градусаас доош температурын үед зогсонги байдалд ордог. Харин +10-аас +60 градусын хоорондын горим нь хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй.
5.Болгосон хоолыг дахин хэрэглэхийн өмнө сайтар халааж байх шаардлагатай. Хоол нь бүхэлдээ 70 градусаас доошгүй температур хүртэл халсан байх ёстой.
6.Түүхий болон болсон бүтээгдэхүүнийг хооронд нь холилгүйгээр тусгаарлаж байх хэрэгтэй. Тухайлбал, түүхий мах хэрчсэн хутга, “гампанзыг” болсон бүтээгдэхүүнийг жижиглэхдээ ашиглахгүй байх гэх мэт. Ингэснээрээ нян халдварлах боломжгүй болгоно.
7.Хоолыг шавьж, мэрэгч гэх мэт амьтдаас хол байлгах.
8.Зөвхөн цэвэр, эсвэл буцалгасан усыг хэрэглэж байх. Хүүхдийн хоолыг хийхдээ анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй. Мөн хальс нь ногоорсон төмсийг хүнсэнд хэрэглэхгүй байх. Соёолсон төмсийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Жимсний ясны чөмгийг идэхгүй байх. Учир нь жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн маш хортой бодис ялгардаг. Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх. Гэмтсэн, шошгогүй лаазалсан бүтээгдэхүүн идэж болохгүй.
-Хордлогын үед авах анхны тусламж юу вэ?
-Юуны өмнө хүн юунд хордсоныг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд хүний өөрийнх нь болон ойр дотныхноос нь асуух, бөөлжисний үнэр байдлыг нь ажиглах нь зүйтэй. Хэрэв хордсоноос хойш 2-4 цагаас бага хугацаа өнгөрсөн бол ходоод угаах нь хамгийн сайн арга. Үүний тулд хүнсний содын хоёр хувь уусмалыг 1,5 литрийг /тус бүрт нь цайны халбага хүнсний сода хийсэн 5-6 стакан ус/ уугаад бөөлжих хэрэгтэй. Ходоодыг бүрэн цэвэрлэхийн тулд ахин нэг удаа цэвэрлэх нь сайн гэж үздэг. Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг. Ингэхдээ 2-3 цаг тутамд дөрвөн шахмал эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүү уух хэрэггүй. Хоолны хордлогын үед өвдсөнөөс 10-12 цагийн дараа өвчтөний биеийн байдал муудаж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.