Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Турк багш нарыг харсаар байгаад цаазын тавцанд гаргах нь монгол хүний хийх зүйл биш

Туркэд улс төрийн нөхцөл байдал солигдож, Режеп Тайип Эрдоган ерөнхийлөгч болсон. Үүний дараа 2016 онд тус улсад төрийн эргэлт хийх оролдлого гарч гурван зуу гаруй хүн нас барж, олон мянган хүн баривчлагдав. Тус улсын ерөнхийлөгч эртний анд Фетуллах Гюлленыг төрийн эргэлтийг зохион байгуулагч гэж үзсэн. Үүнээс цаад урчыг нь бид мэдэхгүй. Чухам яагаад тэд ийм дээрээ тултлаа дайсагналцсаныг янз бүрээр л мэдээлдэг. Фетуллах Гюллен АНУ-д амьдраад хориод жил болж байгаа. Гэвч Режеп Тайип Эрдоган Ф.Гюлленыг төрийн эргэлт хийхээр оролдож, алсаас удирдсан гэж үзсээр байгаа. Ф.Гюллен хэвлэлд яриа өгдөггүй бөгөөд BBC-д нэг удаа л ам нээсэн байдаг. Энэ үеэрээ Туркийн улс төрийн асуудалд ямар ч нөлөөлөл үзүүлээгүй гэж эрс няцаасан. Ф.Гюллен эрүүл мэндийн шалтгаан хэлж, АНУ руу явснаас хойш дахиж нутагтаа хөл тавиагүй бөгөөд шашны номлогч гэдгээрээ лалын ертөнцөд дэмжигч олонтой. Мөн Туркэд нөлөөллөөрөө Эрдоганы дараа ордог. Тэрээр дэлхийн 150 гаруй оронд мянга гаруй сургууль байгуулсан гэдэг. Режеп Тайип Эрдоган улс орнуудад байгаа турк сургуулиудыг хааж, багш нарыг нь баривчилж, улсынхаа бүртгэлээс хасч эхэлсэн. Тэр бүү хэл төгсөгчдийг нь ч хавчиж гадуурхаж эхэлжээ. Монголд үйл ажиллагаа явуулдаг турк сургуулийг ч Ф.Гюллентэй холбож үзсэн. Өнгөрсөн зун Туркийн томоохон хэвлэл “Сабах”-ын эхний нүүрэнд “Фетуллах Гюллений террорист сүлжээнд багтдаг сургуулиудын удирдлагуудыг баривчлах ээлжит ажиллагаа Улаанбаатарт болсон” гэж бичсэн байлаа. Үүнийгээ Монголын тагнуулын байгууллагатай хамтарч хийсэн гэжээ. Монгол дахь Турк сургуулийн багш Вейсел Акчайг хулгайлах гэсэн оролдлогыг ийнхүү бичсэн аж.

Харин бид Монгол дахь турк сургуулийг Эмпати сургууль гэж л мэддэг. Сурган хүмүүжүүлэх газар, сурган хүмүүжүүлэгчид л Монголд ажиллаж байна гэж үздэг. Монголчуудын хувьд энэ турк сургууль ямар ч хор хохирол учруулахгүй, учруулж байгаагүй, Монголын боловсролыг өөр түвшинд аваачсан, сургалтын чанартай, төгссөн хүүхдүүдтэйгээ эргэх холбоотой, араас нь санаа тавьж байдаг зэрэг урьд хожид байгаагүй сайн жишиг тогтоосон. Төгсөгчид, тэдний эцэг, эх ч тэдний сургалтын чанарт сэтгэл хангалуун байдаг. Энэ сургуулийн багш нар Монголд ажиллаад дээд тал нь 20-иод жил болсон. Хориод насандаа ирсэн тэд одоо дөч гарчихсан яваа. Туулсан амьдралынхаа талыг Монголд өнгөрөөсөн хүмүүс.

Үр хүүхдүүд нь Монголд төрсөн. Дэлхийн олон орноос турк сургуулийн захирлыг татаж аваачаад шүүж байгаа юм билээ. Манайхаас ч багш нар аваачих гэж олон удаа оролдлого хийж байгаа. Өнгөрсөн жилийн долдугаар сард Турк улсын иргэн Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хулгайлсан талаар дээр дурдсан. Туркээс тусгай онгоц ирээд авах гэж байсан талаар уншигчид санаж байгаа биз ээ. Иргэд, тэр тусмаа тус сургуулийн төгсөгчид, тэдний эцэг, эх үүнийг мэдэж эсэргүүцэж байж зогссон. Авторитар дэглэмтэй хуучны “стан” орнуудад мөнгө өгч турк сургуулийн багш нарыг улсаас нь авч байгаа юм билээ. Бид харин турк сургуулийн багш нарыг өгч болохгүй ээ. Тэдний Монголд байх паспортын хугацаа энэ сарын 30-наар дуусгавар болжээ. Монголчуудын бусад улс орноос ялгардаг нэг зан чанар бол маш өрөвч. Нутагтаа очоод цаазын ял авах ийм хүмүүсийг бүлтийтэл барьж өгөөд явуулах нь байтугай хоттой хониноосоо гаргах хонио зааж өгөх гэж сэтгэл сэмэрдэг, зааж өгсөн бол эзэн нь санаашраад яваад өгдөг ард түмэн. Турк багш нар барьж хориод, нутаг руу нь явуулчих вий гэж бүтэн нойртой унтаж чадахгүй, бөөндөө нэгнийдээ цугларч хамт өдөр хоногийг өнгөрөөж байгаа гэсэн.

Тэднийг хэрэв өгөөд явуулчихвал бид ардчиллаасаа ухарсан хэрэг болно. Туркийн тал манай эрх баригчдад хөнгөлөлттэй зээл болох 300 сая ам. доллар амлаад байгаа. Тэр мөнгөөр манайхан гэр хороололд орон сууц барих юм ярьж байна. Турк багш нарыг барьж өгч явуулж, цаазлуулчихаад авсан мөнгөөр нь байшин барьж амьдрах хэрэг үү. Ардчилсан орнууд нутагт нь цаазын ял хүлээж байгаа иргэнийг буцаадаггүй. Швейцарь цаазын ял авсан хүнийг буцааж өгөх нь бүү хэл нутагтаа үлдээдэг. АНУ ч буцаж очоод шоронд орохоор бол ногоон карт өгдөг. Ардчилсан орнууд ийм л жишигтэй бусдаас ялгарах ялгаа ийм л байдаг. Бид Өмнөд Монголын ах дүү нарыг ч зүтгээд хүрээд ирэхэд нь буцааж өгдгөө болимоор байгаа юм. Яаж ийгээд авч үлддэг авралын орон болмоор байна. Улс төрийн ямар нэг дэглэмийг хэт дагаж ханарах нь буруу байдаг. Хэрэв Эрдоганы дэглэм солигдвол дараагийн эрх баригчид нь биднийг үзэхгүй шүү дээ. Одоогоор Туркийн хотуудын захирагчийн сонгуульд Режеп Тайип Эрдоганы талынхан ялагдаж эхлээд байна. Стамбулын захирагчийн сонгуульд Режеп Тайип Эрдоганы талын нэр дэвшигч ялагдахад сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж дахин сонгууль явуулсан ч ялагдчихсан. Энэ мэтээр дотооддоо ялагдаад байхад бид дагаж давхиад яахав. Тэдний улсын асуудал тэндээ л, бидний асуудал эндээ байя.

Иймээс улс төрөөс хамаарсан геополитикийн асуудал дээр хашир, нэг бодлоготой байх нь манай улсад онох биз ээ. Монголын уран сайхны “Сэрэлт” кинон дээр “Бумаа та хоёр хэдийдээ эгч дүү болчихсон юм” гэдэг шиг Режеп Тайип Эрдоган, У.Хүрэлсүх хоёр хэдийдээ ах дүү болчихсон юм. Ардчиллаасаа ухран байж турк багш нарыг хүргүүлбэл хэзээ нэгэн цагт муу үр дагавар ирнэ гэж бодохгүй байна уу. Ийм алхам хийвэл бид ардчилсан орнуудын хавчилгад орно. Үүний дохио мэр сэр дуулдаж байна. Тэдний эрхийг зөрчиж байгаа талаар дэлхийгээр нэг анхаарал хандуулж, НҮБ, Европын холбоо ч байр сууриа илэрхийлээд байгаа. Олон улсын байгууллагаас турк багш нарыг оролдоод үзээрэй гэсэн сануулга ирсэн байна лээ. “Улаан мөнгө олдоно, улайх нүүр олдохгүй” гэсэн хуучны үг бий. Таван төгрөгөөс болж ардчиллаасаа ухарч болохгүй. Бид хэдэн хүний амийг хамгаалж хэдэн цааснаас татгалзлаа гээд хөлдөөд, өлсөөд үхчихгүй байлгүй. Зарим нэр бүхий хүмүүс хэдхэн хүний асуудлаас дипломат харилцаа чухал гэх маягийн үг хэлсэн байна лээ. Ардчилсан улс орнууд хүний эрхийг нэн тэргүүнд тавьдаг. Бид ч бас тэдгээр турк багш нарын эрхийг тэргүүнд тавибал илүү оноо цуглуулна. Европын хүний эрхийн шүүх ч турк багш нарын эрхийг зөрчиж, хулгайлбал, олон улсын шүүхэд дуудагдана гэдгийг анхааруулсан. Нэрт нийтлэлч Баабар өнгөрсөн жил турк багшийг хулгайлагдах шахах үед “Улс төрийн хэрэгтнийг баривчлан дарангуйлагчид нь хүлээлгэж өгдөг шившгийн орон болж хувирлаа даа. Мөнгийг нь өгвөл ямар ч бузар хэрэг хийхээс буцдаггүй шившгийн улс оронд бид тооцогдоно…. хэмээн твиттер хуудаснаа бичсэн байв. “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” конвенцид манай улс 2000 онд нэгдсэн. Тус конвенцид “Эрүүдэн шүүх аюул тулгарна гэж үзэх хангалттай үндэслэл байвал оролцогч улс уг этгээдийг өөр улсад албадан гаргах, буцаах буюу шилжүүлэн өгөхгүй” гэж заасан байдаг. Нэг удирдагч мөнх биш. Бүх зүйлд цаг хугацаа бий. Нутагт нь паспортыг нь хүчингүй болгочихсон, Монголд байх хугацаа нь дууссан турк багш нар “Хэзээ биднийг албадан хүлээлэгж өгөх бол, хэзээ баривчлах бол” гэсэн айдастайгаар өдөр хоногийг өнгөрөөж байна. Тиймээс ч тэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад ханджээ. Манай дарга нар чимээгүй л байна. Аврал эрсэн турк багш нарыг хэдэн цаасаар ардчилалтайгаа хамт булшлуулчих шийдвэр гаргахгүй байх гэж найдаж хүлээе дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *