Categories
мэдээ цаг-үе

Ард түмний “Хавай” Аварга тосонг оготноос салгах төр засаг байна уу

Амралт зугаалгын цаг ирэхэд манай дээд баячууд Америкийн Хавайг зорьдог бол дундчууд нь Хайнань руу тэмүүлдэг. Харин эгэл ард түмэн маань Аварга тосонг зорих нь уламжлал болсон. Тийм ч учраас Аварга тосон бол Монголын Хавай гэж хэлэхэд болно. Үүнийг батлах мэт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, Аварга тосон рашаан сувиллыг зорих иргэдийн цуваа үл тасрах аж. “Танайд өнжье” буланг бэлтгэхээр өглөө хөдөлсөн бид Налайх хүртэлх замд цаг орчим тонгочив. Зам нь борооны усаар угаагдаж, мөлийсөн ч хурц ирмэгтэй хад чулуунууд ёрдойн гарч иржээ. 5-6 км яваад л дугуй нь хагарсан, эсвэл ямар нэг зүйл нь эвдэрсэн машинтай таарах нь тээврийн хэрэгсэлд хэр халгаатай байгаа нь харагдах биз ээ.

Налайхаас хар зам руу гарахад тоос шороо сарниж, орчныг анзаарах сөхөөтэй болов. Зуншлага сайхан болж байна. Тал хөндийгөөр шимтэй ногооны униар суунаглаж, уяан дээрээ хурдан хүлгээ сойсон айлууд тавтай сайхан налайж, нарны шаргал туяанд илбүүлсээр борлож, тараг сүүнд гэдэс нь цондойсон хүүхдүүд шалдан гүйлдэх аж. Тэд жаргалтай байгаа нь лавтай. Наадам хаяанд ирснийх ч тэр үү, хөдөө талыг зориход сэтгэл уужирч, дуу аялмаар болох нь сайхан. “Яараад яахав дээ” аяны хүрээнд зам дээр цагдаагийн эргүүл гарчээ. Тэд хурд хэмжиж, 80 км-ээс дээш хурдтай явсан бол зогсоож сануулга өгөх, харин 100 км давсан жолоочид “банга” хүртээж байна. Цагдаа нар толгой даваад уруудсан хэсэгт зогссон тул олон жолооч хурдтай орж “гэндэнэ” лээ. Гэхдээ яараад яахав дээ. Бид 80 км цагийн хурдтай давхихад дөрвөн цагийн дотор л зорьсон газраа хүрчихэж байна. Сонирхолтой нь Хэнтий орохтой зэрэгцээд хар замаар хулганууд гүйлдэх нь нэмэгдэх аж. Цааш Дэлгэрхаан руу дөхөхөд нөгөө хэдэн саарал оготно бэлчиж байна. Нэлээн хэдэн хулгана дайрч нүгэл үйлдсэн нь гарцаагүй.

Хотоос гарч 260 орчим км давхиад засмал замаас бууж хооллож аваад цааш шонгийн мод дагасан замаар 45 км яваад Аварга тосонд хүрч байна. Хэд хэдэн гэр гуанз ажиллаж, хуушуурыг мянган төгрөгөөр борлуулах аж. Манайхан ч яахав хээгүй, гүндүүгүй юм. Харин гадаадын жуулчид тэр хавиар бужигнах оготноас ихээхэн сэжиглэдэг гэнэ. Үнэхээр ч нэг хэсэг газарт метр хүрэхгүй зайтай нүхнүүд ухаж орж гарч гүйлдэх аж. Хүнээс айж ичихээ ч больсон бололтой, энэ “нөхөд”. Шонгийн модоо дагаад яваад бай гэсэн нутгийн тогоочийн захиасыг санаж цааш хөдөллөө. Эх, эцэг тогоруу үр төлөө энхрийлэн байх нь байгалийн үзэмжтэй хосолж ер бусын амар амгаланг мэдрүүлнэ. Цаана хөх уулс сүглийнэ. Гэвч хур борооноор өнгөө засч байгаа энэ сайхан нутгийг саарал оготнууд хөндийлж байна. Зарим нь бүр улаан зам дээр үүр ноохойгоо ухаж байв.

Аварга тосон рашаан сувиллын наана 200 орчим метр газар шавар шавхай ихтэй юм. Дэлгэрхааны ногоон талаар дур мэдэн давхиж ирсэн жолооч нар энд нэг цуваанд орж тосгон руу орох хаалганы гадаа дугаарлана. Тиймээс олон автомашины “хөлд” хөрс нь суларч бороотой үед шавар шавхай болдог аж. Замыг нь засахаар нэг удаа ч болов гар хүрч байгаагүй бололтой. Харуулын шовоохой босгож, олс татсан хэсэгт мөнгө хураагч сууна. Нэвтрэхэд 5000 төгрөгийн тасалбар авч байна. Үүнийгээ зам ашиглаж, хог хаясны төлбөр гэж тайлбарлав. Дахин лавлахад “Энэ мөнгөөр чинь бид байгалиа хамгаалдаг юм” гэж байна лээ. Наахна Аварга нуур цэлийнэ. Цэнгэг уст нуур гэнэ. Зарим үед гадаадын жуулчид уурга шидээд зогсож байдаг юм. Тэгэхээр загас жараахай байгаа байх аа хэмээн нутгийн залуу тайлбарлаж байна. Тосон нуур ч холгүйхэн юм. Нуурын урд хөтөлд багахан тосгон үүсчээ. Тосон нуурыг тойруулж хашаа татаж, иргэд нэвтрэх гурван хаалга гаргаж, харуулын пост байрлуулжээ. Нуур руу ороход 500 төгрөг хураадаг юм байна. Мөнгө хураагч залуу “Ах 500 төгрөгөө өгөөрэй. Нуурын усанд орох эсэх нь хамаагүй шүү. Хаалгаар орсон л бол 500 төгрөг өгөх ёстой” гэв. Энэ мөнгийг хаанаас хураадаг вэ. Өдөрт хичнээн тасалбар тасалж байна. Энэ мөнгөө эргээд юунд зарцуулдаг юм бэ гэсэн олон асуулттай хамт 500 төгрөгөө сарвайв. Залуу “Үүдээр орж ирэхэд хураадаг 5000. Мөн энэ 500 төгрөгийг Дэлгэрхаан сумын захиргаанаас хураадаг. Би өдөртөө 100 тасалбар тасалчихдаг юм. Наадмын үеэр, дараа нь тасалбарын борлуулалт эрс нэмэгдэнэ” гэж тайлбарлав. Мэдээж энэ мөнгийг Аварга тосон нуурыг хамгаалахад зориулдаг тухай хэллээ.

Нөгөө саарал оготнууд чинь нуурын эргээр аль эрт тухалжээ. Ганц, хоёр метрийн зайтай нүхнүүд ухаж, тэр хооронд жирийлгэх. Заримдаа хөл дороос гэнэт гарч гүйн цочооно. Томчууд ч яахав айж эмээх нь бага юм. Харин хүүхдүүдийг ёстой нэг айлгаж байна. Ялангуяа, охид оготно хэмээн орилж, аав ээжийг сандаргана. Харин зарим сахилгагүй хөвгүүд хулганы араас чулуу барьж хөөцөлдөж байгаад эцэг, эхээрээ зэмлүүлэх юм. Оготны ухаж сэндийчсэн хэсгээр өвс ногоо гандаж, багассаныг анзаарвал энэ “нөхөд” хамаг үндсийг идчихдэг нь илт. Нуурын эргийн элс рүү дөхөхөд хэд хэдэн оготно үхсэн байв. Зарим нь илжирч мууджээ. Сэг зэм нь нуурын усанд орж, элдэв өвчин тараах эрсдэл өндөр байна.

Өглөө сэрүүн байсан тул нуурын эргээр хүн цөөтэй байлаа. Өдөр халаад ирэхэд хүн нэмэгдэж, нарлаж хэвтэх газаргүй болдог гэнэ. Хүмүүс ихэвчлэн нуурын урд, зүүн хэсгээр нарлана. Харин хойд хэсгийн эргээр шавар ихтэй. Нуурын эргээр 40-50 минут алхахад бүтэн тойрдог. Тэр хавиар хар, шар шавар зардаг хүүхдүүд цөөнгүй байв. Гялгар уутанд савласан 500 гр орчим шаврыг 3000 төгрөгөөр үнэлж байна.

Бид нуурын урд орших тосгон руу зорилоо. Энд рашаан сувилал, бариа засал, гэр түрээс, дэлгүүр зэрэг бүхий л чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг 200 орчим газар бий. Иргэд ирээд рашаан сувилалд хэвтэж болно. Гэр, байшин түрээслээд өөртөө эмчилгээ хийх, эсвэл амарч болно. Гэрийн түрээс 30 мянга, харин байшин 60 мянган төгрөгөөс эхэлж байна. Хөргөгч, зурагт зэрэг хүний хэрэгцээг хэрхэн бүрдүүлснээс хамаарч түрээсийн үнэ хэлбэлзэнэ. Харин рашаан сувиллуудын хувьд нэг өдрийн төлбөр 90-95 мянга. Энэ нь өндөр сонсогдох ч эмчлүүлэгчдийн цуваа үл тасрах аж. Ихэвчлэн хар шавраар эмчилгээ хийдэг. Хамгийн эмгэнэлтэй нь тосгоныг тойроод нөгөө үлийн саарал оготно өөрсдийн “тосгон”-оо байгуулжээ. Хүнээс дайжих нь бүү хэл, байр гэрт нь хүртэл орогнох болжээ. Энэ талаар амрагчдаас асуухад “Оготно арай их байна. Өмнө нь ирэхэд ийм байгаагүй. Хүнээс ч айхаа больж. Шөнө байшин дотор гүйлдээд тухгүй юм. Хамгийн гол нь эрүүл ахуйн талаас элдэв халдварт өвчин тараах вий хэмээн эмээж байна” гэв. Хэд хэдэн сувилал орж үлийн цагаан оготны талаар тодруулж, эрүүл ахуйчтай нь уулзахыг хүссэн боловч амжилт олсонгүй. Сувиллуудад эмч л гэж байхаас эрүүл ахуйч гэж байхгүй. Эмч нарын хувьд эмчилгээгээ л ярина. Оготно бидэнд хамаагүй хэмээж байна. Тосгоноор хөндлөн гулд хэссэний эцэст нутгийн уугуул Ш.Энхбат гэж хүн энэ нуурын тухай хамгийн сайн мэдэх хүний нэг гэж олон хүн зөвлөсөн юм. Иймээс нутгийн залуугаар зам заалгаж нуурын хойно нутаглах Ш.Энхбатынхыг зорилоо.

Ш.Энхбат нуурыг тойрч олон жил нутагласаар иржээ. Анх 1954 онд Цэгмэд гэж хүн нуурын эмчилгээний чанарыг анх нээж, олон нийтэд танилцуулжээ. Бадарч хэмээх шинэ төгссөн эмч анх ирж ажиллахад Ш.Энхбат гуай шавар шавхайг нь зөөж, туслахын үүрэг гүйцэтгэж байсан аж. Тэрээр 40 гаруй жил ажиллажээ. Нуурын домгийг сийрүүлбэл нэгэн хөл муутай чавганц малынхаа араас явж байгаад санаандгүй нуурын шаварт бүсэлхий хүртэл зоогджээ. Ингээд тусламж эрэх хүнгүй өдөржин шаварт зоогдож, бүрий унах алдад нэг морьтой хүн азаар таарч татаж гаргасан байна. Чавганц гурван хоног хэвтэж, дөрөв дэх хоног дээрээ хөл дээрээ босчээ. Зүгээр ч босоогүй. Бүр эрүүл саруул болсон байна. Ингэж нуурын шавар анагаах увдистайг мэджээ. Нутгийн учир мэдэх хүний захиснаар дан хар шавраар дагнаж эмчилгээ хийлгэх нь буруу гэнэ. Хар шавар өвчнийг нааш нь татдаг. Харин шар шавар эдгээдэг байна. Хар шаврыг гурав хоног, шар шаврыг 7-14 хоног тавих ёстой аж. Хар шавар нь үе мөч, бөөр нурууны өвчин анагаахад сайн. Шар шавар нь хоолойн ангина, бамбай булчирхай, нарны харшил зэрэг олон өвчнийг анагаахад сайн аж. Шавар тавиад 15-20 минут болоод угаах ёстой. Хар шаврыг нуурын усанд угааж болохгүй. Зөвхөн шар шаврыг нуурынхаа усанд угаана. Хэрэв гэртээ аваачиж хэрэглэх бол заавал буцалсан усаар угаах ёстой аж. Яагаад гэвэл шавар хөхөөд хүний шар үсний нүхийг онгойлгосон байдаг. Тийм учраас түүхий усаар угаах юм бол шар үсний нүхээр халдвар орж арьсны өвчин дэлгэрэх аюултай аж. Үүнтэй холбоотойгоор нуурын ус руу үлийн цагаан оготно орж үхэж байгаа нь халдвар тараах эрсдэлтэй байна. Оготно нуурын эрэг рүү дөхөөд хужираас болж үхдэг аж. Үүнийг байнга цэвэрлэж байхгүй бол илжирч, муудсан сэг зэм нуур руу орж, усыг бохирдуулах эрсдэлтэй. Улмаар олон зуунд хүнд халдвар тараахаар байна.

Нуурын ус жил ирэх бүр татарч, өөрийгөө цэвэрлэх чадваргүй болж байгааг нутгийн иргэд ярьж байна. Социализмын үед хонхор дүүрч, халгин цалгидаг байжээ. Одоо тогооны хонхорт байгаа өрөм мэт болж багассан тухай хэлж байв. Усны түвшин багасч байгаагийн нэг шалтгаан нь рашаан сувиллын газрууд худаг гаргаж байгаатай холбоотойг иргэд хэлсэн. Одоогоор 40 орчим худаг байгаа. Гүний усыг зарим үед зүлэг усалж байна гээд хэдэн цагаар урсгадаг байна. Энэ нь гүний усанд нөлөөлж, улмаар нуурын түвшин буурахад нөлөөлж байна гэв. Энэ янзаар явбал 20 хүрэхгүй жилийн дараа нуурын ус ширгэж үгүй болох эрсдэлтэйг иргэд хэлж байлаа. Мөн нуурын ундарга бохирдож байгаа тул ирэх жилээс хааж цэвэрлэх ажил хийнэ гэсэн төлөвлөгөөтэй аж. Гэхдээ энэ олон жуулчны бааз, сувиллын газрын ашиг орлого хаагдах тул хэрхэхийг хэлэхэд хэцүү хэмээж байв.

Дэлгэрхааны тал, Аварга тосон рашаан сувиллаар бэлчих үлийн цагаан оготно 2-3 жилийн өмнөөс эрс өсчээ. Үүнийг хярс, үнэг, мануул цөөрсөнтэй холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, хүн зоны хөлөөс дээрх амьтад дайжсанаар үлийн цагаан оготно дураараа дургих боломж бүрджээ. Тэдэнд дайсан гэж алга. Уг нь сумаас устгах зорилгоор айлуудад хор тарааж өгсөн гэнэ. Тэрийг нутгийнхан буудай гэж нэрлэнэ. Буудайг цацсан боловч амжилтад хүрээгүй байна. Нэг ямаа хувин дүүрэн буудай идэхэд эзэн нь халаглаж “Хор идчихлээ. Маргаашаас хэтрэхгүй үхнэ дээ” хэмээжээ. Гэтэл нөгөө ямаа нь үхэх нь бүү хэл, хүний урманд муужраагүй байна. Тэгэхээр ямаа муужруулаагүй хор үлийн цагаан оготно устгана гэж байх уу хэмээн тоглоом шоглоом хийж сууна. Аварга тосон өөрийн онцлогтой. Эмчилгээний том төв юм. Шар шавран эмчилгээнд ороход хүний шар үсний нүх онгойж түүгээр халдвар орох эрсдэлтэй байдаг тул дээд зэргийн гам сахих шаардлагатай байдаг аж. Гэтэл үлийн цагаан оготно хажууханд нь бэлчиж, шар өвчний үүр уурхайг тээж байна. Хэрэв энэ амьтан өвчин тарааж эхэлбэл Монголын Хавай болсон Аварга тосон сүйрлийн ирмэгт ирэх болно. Иймд төр засаг үлийн цагаан оготнотой тэмцэж, Монголын Хавай болсон Аварга тосонг аврах цаг иржээ. Дашрамд дурдахад, нуурыг тойроод нэг ч бие засах газар алга. Иргэд нуурын зүүн хойно орших багахан зэгсэнд орж “Морь хардаг” нь анзаарагдсан. Мэдээж энэ нь хөрсийг бохирдуулж байгаа нь гарцаагүй. Түүнчлэн, нуурын усанд дотуур хувцсаа савандаж угааж суугаа ухамсаргүй иргэнтэй ч таарсан. Мөн нуурын эх дээр майхан барьж, тухлах иргэд ч олон байв. Тэднийг хөөж, шаардлага тавьдаг хүн гэж алга. Нуурын хойноос шавар олборлох хүүхдүүдэд ч хараа хяналт алга. Уг нь сумаас хурааж байгаа 5000, 500 төгрөгийн хураамж энэ бүхэнд зориулагдах ёстой мэт. Ядаж нуураа тойруулаад ганц боловч био жорлон байрлуулчихаж болдоггүй юм байх даа.

Г.БАТЗОРИГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *