2019 ОНД УРГАМЛЫН ТОСНЫ ТАРИАЛАЛТ ТӨЛӨВЛӨСНӨӨС БАРАГ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ
Энэ жил 361 мянган га-д үр тариа, үүнээс 337 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, найм шахам мянган га-д хүнсний ногоо, 82 мянган га-д тосны ургамал, 36 мянган га-д тэжээлийн ургамал нийтдээ 500 гаруй мянган га-д тариалалт хийлээ.Тариалалтад 337 мянган га улаанбуудайн талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 75.6 хувь буюу 250.6 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй байна. 2019 онд төлөвлөсөн улаанбуудайн тариалалт найман хувиар буурсан ч, тосны ургамлын тариалалт бараг гурав дахин нэмэгдэж тэжээлийн ургамлын тариалалт 12, бусад үр тарианы тариалалт төлөвлөснөөс 26 хувиар нэмэгджээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улс гурил, төмсний дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангаж байна. Өнгөрсөн онд хүнсний нарийн ногооны хэрэгцээний 45 хувийг дотоодоос хангасан бол энэ жил 50 гаруй хувийг дотоодоос хангах аж. Мөн ирэх жилийн тариалалтад зориулж 390 шахам мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 125 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгээд байна.
ТАРИАЛАНЧИД 11 МЯНГАН ТЕХНИКЭЭР 500 ГАРУЙ МЯНГАН ГА-Д ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ
Тариалалтад зүтгэх хүчний трактор 3230, үр тарианы үрлүүр 2254 хөрс боловсруулах техник 5424, төмс, хүнсний ногооны үрлүүр 498 ажиллаж тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-127 дугаар тушаалаар “Усалгааны тоног төхөөрөмж, усалгааны хоолой олгох түр журам”-ыг батлуулан уг журмын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын Усалгааны тоног төхөөрөмж олгох тухай 2019 оны А-107 дугаар тушаалаар баталсан хуваарийн дагуу усалгааны тоног төхөөрөмж, усалгааны хоолойг зээлээр олгох ажлыг Тариалан эрхлэлтийг дэмжих сантай хамтран 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 15 аж ахуйн нэгжид 2175 га талбайг услах хүчин чадал бүхий 50-100 га-ийн 34 ширхэг бороожуулагчийг зээлээр олгон угсарч, суурилуулан усалгаа хийж байна.
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗЭЭЛ ЖИЛИЙН ХОЁР ХУВИЙН ХҮҮТЭЙ
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд” 165-750 морины хүчтэй 180 ширхэг трактор, хадлангийн 40 иж бүрдэл, даршны комбайн 34 ширхэг, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 20 иж бүрдэл техникийг тус тус нийлүүлж өнөөдрийн байдлаар нэг сая ам. долларын үнэ бүхий трактор, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг 10 хувийн урьдчилгаатай, долоон жилийн хугацаатай олгож байна. Мөн дээрх төслийн 16.9 сая ам долларын хөрөнгөөр 50-125 га-ийн том оврын бороожуулагч болон 1-25 хүртэлх га талбайг услах хүчин чадал бүхий бага, дунд оврын усалгааны тоног төхөөрөмжийг нийлүүлснээр өнөөдрийн байдлаар 2.4 мянган га талбайг услах хүчин чадал бүхий 35 ширхэг бороожуулагчийг 7-12 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэйгээр аж ахуйн нэгж, иргэдэд зээлээр олгоод байна.
ТАВАН АЙМАГ ТУС БҮР 560 ТОННЫ НОГООНЫ ЗООРЬТОЙ БОЛЖ, ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙГ ХАШИХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ
Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төслийн 10.2 сая еврогийн хөрөнгөөр төмс, хүнсний ногоо үйлдвэрлэлийн зориулалттай 11 нэр төрлийн 544 ширхэг техникийг нийлүүлэх, Хэнтий, Ховд, Төв зэрэг таван аймагт тус бүр 560 тонн багтаамжтай хүнсний ногооны зоорь байгуулах, Төв аймагт төмсний цардуулын үйлдвэр байгуулах ажлыг зохион байгуулж байна. “Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд Монгол оронд бага тархацтай жимс жимсгэний суулгацыг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг мал амьтнаас хамгаалах зорилгоор талбайг хашаажуулах ажлыг үргэлжлүүлэх ажлыг зохион байгуулж байна.
ЗАСГИЙН ГАЗАР ЦААШИД ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТАЛААР ЯМАР БОДЛОГО БАРИМТЛАХ ВЭ?
-Байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон, дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг эрчимтэй, иж бүрэн нэвтрүүлж, нутагшуулах,
-Таримал ургамлын үрийн чанар хангамжийг сайжруулах, шинэ таримлын үрийн нөөц бүрдүүлэх, таримлын зохистой сэлгээг нэвтрүүлэх,
-Тариалангийн талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, хөрсний үржил шимийг хамгаалах бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх замаар хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах,
-Дараа оны ургацыг шийдвэрлэх гол хүчин зүйл болох уринш боловсруулалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх, шаардагдах шатахуунаар тасалдалгүй хангах, ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах зэрэг болно.
-Тариалангийн салбарт ОХУ, Беларусь, Польш, Герман, БНХАУ-ын техник, тоног төхөөрөмжийг сонгон нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх замаар өндөр хүчин чадлын техникийн шинэчлэлийг 80 хувьд, дунд болон бага механикжуулалтын түвшинг 60 хувьд хүргэж шинэчлэх,
-Тэг болон цомхотгосон хөрс боловсруулалтын ажлыг үйлдвэрлэлд эрчимтэй нэвтрүүлэх, тариалангийн талбайг хашаажуулах, улмаар ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлэх,
-Усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 80 мянган га-д хүргэж ашиглалтыг сайжруулах, нэгжээс хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж тогтворжуулах, байгалиас хараат байдлыг бууруулах,
-Тариалангийн хөрсний үржил шимийг хамгаалах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, ургамал хамгааллын цогц арга хэмжээ, зохистой дадлыг нутагшуулах зэрэг болно.