Categories
мэдээ эдийн-засаг

Бензиний үнэ 50 орчим төгрөгөөр буурлаа

Ашигт малтмал, газрын тосны газраас авто бензин, дизель түлшний үнэтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр: “Он гарсаар дэлхийн зах зээл дэх түүхий нефтийн үнэ болон импортоор орж ирж байгаа түүхий нефтийн үнэ тонн тутамд өссөн. “А92” бензин дээр авч үзвэл гурван удаа үнэ өсөж, 180-200 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Энэ оны тавдугаар сарын сүүлээс импортоор орж ирж буй бүтээгдэхүүний үнэ буусантай холбогдуулан зургаадугаар сарын эхээр дизель түлшний жижиглэнгийн үнэ 45-50 орчим төгрөг, “А92” автобензиний литр тутмын үнэ 50 орчим төгрөгөөр хямдарсан” гэлээ.

Уул Уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас долдугаар сард үнийн өсөлтийг буулгана хэмээн мэдээлж байсны дагуу өчигдрөөс эхлэн А92 авто бензиний жижиглэнгийн бүтээгдэхүүн болон А95 авто бензиний үнийг дахин буулгах арга хэмжээг авч байна. Өчигдрөөс эхлээд Улаанбаатар хотын ШТС-уудаар А92 болон А95 авто бензин 50 орчим төгрөг дахин буурсан. Зургаадугаар сараас хойш А92 авто бензиний жижиглэнгийн үнэ литр тутамдаа 100-110 төгрөгөө буурчээ.

Сүүлийн үед түүхий тосны үнэ буцаад өсөх хандлага ажиглагдаж байна. Өнөөдрийн байдлаар нэг баррель тосны үнэ 64 ам.долларын ханштай байна. Бид ОХУ-аас нийт бүтээгдэхүүний 95 орчим хувийг авдаг. Эхний хагас жилийн байдлаар Монгол улсын хэмжээнд 960 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авсан. ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтооход Сингапурын бирж дэх ханшаар тооцдог. Энэ бол 2018 онд ОХУ-тай 5 жилийн хугацаанд хийсэн гэрээний дагуу явагдаж байна. Сингапурын бирж дээр өдөр болгон 16 цагаас 16 цаг 30 минутын хооронд нэг баррель тосны үнэ тавигдаж, бид бүх мэдээлийг аван ажиллаж байна. Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас гадаад зах зээлийн үнэ өсөж байгаа тохиолдолд зохистой түвшинд нь хянаж байна. 2019 оны тавдугаар сард дизель түлшний жижиглэнгийн үнэ 40 орчим төгрөгөөр нэмэгдсэн байсан. Үүнийг манай газраас зах зээлийн ханштай уялдаж үнэ нэмэгдсэн гэж үзэхгүй байна. Тиймээс тухайн ААН-үүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Тухайн мэдэгдэлд зах зээлтэй уялдахгүйгээр дур мэдэн үнийг нэмсэн тохиолдолд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 6.1.9 дэх заалт, 5.2.2 дахь заалтын дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цаашид хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авна.

Н.Саруулдөл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *