Амьд хөгжим, залуучууд, бүтээлч сэтгэлгээ, инноваци, ногоон хөгжил – Монголын ирээдүйн төлөө! уриатай “PLAYTIME-2019” олон улсын хөгжмийн наадам өнгөрсөн амралтынг өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ жилийн хөгжмийн наадам 3 хоногийн турш Гачууртад байрлах “Монгол Шилтгээн”-д долдугаар сарын 5,6,7-ны өдөр болсон юм. Наадмыг таван тайз, гурван асарт олон төрлийн сэдвийн хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгууллаа.
-Playtime Stage
Энэхүү тайзан дээр амьд хөгжмийн чиг хандлагыг тодорхойлогч дотоодын болон гадаадын хамтлагууд тоглодог хамгийн том тайз юм. Энэ жилийн хувьд энэхүү тайзан дээр The Colors, Magnolian, Ice top, Nisvanis, Loigang, Rec On, Sunset Rollercoaster /Taiwan/, Dabda /Korea/, The Wedding Present /UK/, OmniSight /Japan/, Yo La Tengo /USA/ гэх мэт хамтлагууд тоглолоо.
- Waldotent буюу “Тайвшралын хөндий” асар
“Тайвшралын Хөндий” сэдвийн хүрээнд дуу чимээнээс түр холдож, амарч, алжаалаа тайлах боломжийг энэхүү асар олгосон юм. Асарт Sofar Sounds амьд хөгжмийн цуврал тоглолт, Ulaanbaatar Passport-оос зохион байгуулдаг “Чимээгүй үдэшлэг”, “Түргэн болзоо”, Иога, чихэвчтэй бясалгал зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд боллоо.
Мөн “Тайвшралын хөндий”-д “Хувцас дахин засварлах” байгаль орчинд ээлтэй төслийн хамт олон хүрэлцэн ирсэн ба тэдэнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.
Энэ үеэр Re-Designed Төрийн Бус Байгууллагын үүсгэн байгуулагч Ц.Оюунаас сэтгэгдлийг нь сонсов.
-Яагаад Playtime фестивалд нэгдэх болсон бэ?
–Амьд хөгжим, залуучууд, бүтээлч сэтгэлгээ, инноваци, ногоон хөгжил – Монголын ирээдүйн төлөө! бол Playtimeхөгжмийн наадмын уриа. Дэлхийн цэвэр усыг хамгийн ихээр бохирдуулж буй салбаруудын гуравдагч нь загварын салбар юм. Тэр утгаараа дахин хувцас худалдан авах биш дахин засварлах нь байгальд ээлтэй юм. Бидний хийж буй ажил, энэ хөгжмийн наадмын уриа хоорондоо уялдаж байгаа учраас энэхүү наадамд нэгдсэн.
-Шинээр хувцас худалдан авах биш дахин сэргээж, засварлаж өмссөнөөр ямар давуу талтай вэ?
-2050 он гэхэд дэлхийн цэвэр усны нөөц эрс багасна гэж эрдэмтэд таамаглаж байна.Одооноос бид үйлдэл хийж эхлэхгүй бол болохгүй. Загварын салбар их ус хэрэглэдэг.Тэр дундаа улирал болгон коллекц гаргах, түүнийгээ маш хурдан зардаг, олон тоогоор үйлдвэрлэх гэх мэт нь байгальд маш хортой. Дэлхийн цэвэр усны нөөцөөс их хэрэглэж байна гэсэн үг. Бид өөрсдийнхөө өмсөх дуртай хувцаснуудыг өмсмөөр байдаг гэтэл хуучирчихсан ч юм уу, жаахан тиймэрхүү болчихсон байвал түүндээ өөрийнхөө мэдрэмжийг буулгаад дахин засварлаж болно. Ингэснээр эдийн засагт маш их хэмнэлттэй. Илүү гарсан мөнгөө өөрийнхөө сурч боловсроход зарцуулах боломжтой. Байгаль дэлхийд ч ээлтэй. Залуучууд жаахан ч гэсэн эерэг үйлдэл хийгээд, өөрсдийнхөө төлөө хөдлөөсэй гэдэг үүднээс бид ажиллаж байна.
Re-Designed Төрийн Бус Байгууллагын үүсгэн байгуулагч И.Урангоо “Дан ганц хувцас гэхээс илүү бид хөвөн даавуун материалыг маш олон зүйлд ашигладаг. Зөвхөн хувцас л гэж хараад байдаг. Жишээ нь хуучирсан цамцыг эвдээд тор хийгээд тэрийгээ дахиад 2-3 жил ашиглаж болно. Байнга нэг удаагийн уут, тор авч мөнгөө үрэхгүй. Заавал загварыг нь өөрчлөх гэхээсээ илүү хувцсаа харж байгаад юу дахиж хийж болохоор байна, өөр ямар шийдэл байна гэдгийг анзаарах хэрэгтэй.Монгол улсын иргэн бүрт тренд дагаж биш өөрийнхөө мөн чанарт тохирсон, өөрийнхөөрөө байж хувцаслах тал дээр бид туслах зорилготой.
-Наадамтай холбоотой сэтгэгдлээ хуваалцана уу?
Мэдээж залуучууд маань хөгжилдөж, цэнгэж баяртай сайхан байгаа нь харагдаж байна. Гэхдээ сэтгэл эмзэглэж байгаа ганц зүйл нь өглөө бостол талбай дүүрэн пластик савнууд байсан. Хаях ёстой юм шиг тэр чигээр нь хаячихсан. Хуванцар сав байгальд ямар хор хөнөөлтэйг хүмүүс маш сайн мэднэ. Магадгүй дараа жил Playtime-д ирэхдээ өөрсдийнхөө аягыг авч ирээд шар айргаа уудаг ч юм уу ямар нэгэн байдлаар иймэрхүү зүйл рүү шилжихгүй бол жаахан асуудалтай байна. Дараа жил ийм уриалга гаргасан ч болно шүү дээ.
-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье!
- Fire and Naaglihats stage
Энэхүү 2 тайзанд бүжиглэж стрессээ тайлах, электро хөгжмийг мэдэрч болно. Энэ жил энэхүү тайзнууд дээр Anu Dol, Txako /Japan/, Bilguudei, Blazej Malinowski /Poland/ Bodikhuu, Onra /France/, Tolouse Low Trax /Germany/ монголын болон гадаадын шилдэг DJ нар хүрэлцэн ирсэн юм.
- La Vieen Rose асар
Тус асарт “Өөрчлөлтийн төлөө бүтээлч яриа” сэдвийн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм. Ингэснээр Playtime наадам нь зөвхөн шилдэг уран бүтээлчдийн амьд тоглолтыг танилцуулаад зогсохгүй бүтээлч залуусыг дэмжиж хөтөлбөрийн дагуу “La Vie En Rose” асарт “Ногоон амьдралын хэв маяг”, “Бүтээлч Сэтгэлгээ ба Инноваци”, “Монголын ирээдүйн хөгжлийн дүр зураг” гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, ярилцлага өрнөсөн юм.
- Асрын онцлох зочиноор уригдсан Playtime хөгжмийн фестивалын үүсгэн байгуулагч, захирал Ц.Нацагдоржийн яриаг хүргэж байна.
Тэрээр “Хүн аягүй их зүйлийг хуваалцах хэрэгтэй. Би өөрөө хөгжмийг бусадтай хуваалцах дуртай. Тамираагийн микс гээд нэвтрүүлгийг 20 жил хийж байна. Гэхдээ HiFi радио гэж эхлээд дараа нь Тамираагийн микс болон өөрчлөгдсөн. 20 жилийн турш залуучуудыг гоё хөгжим сонсох тал дээр ажиллаж байна. Тэр ч утгаараа Playtime-ийг хийдэг. Шинэ залуу монгол хамтлагуудыг хүмүүст хүргэх, гадаадын гоё гоё хамтлагуудыг хүргэхийг хичээдэг. Ихэнх Монгол хамтлагууд 2000-аад оноос хойшхи хамтлагууд бүгдээрээ Playtime-аар дамжиж гарч ирсэн. Би бүгдэнд нь ямар ч ялгаагүй ах шиг ханддаг. Хамгийн их таалагдсан хамтлаг бол The Lemons, A sound 2 байсан. Ямар нэгэн зүйл сэтгэлээр байх ёстой. Би хамтлагийн гишүүдээ хүчлэхийг хүсдэггүй. Нэг гэрээ хийсэн ч гэсэн гэрээ чинь тэгж байна ингэж байна гэж шаардахгүй. Тэр хүн явмаар байвал явж, ирмээр байвал ирж болно. Яагаад Playtime ийм амжилттай болж байгаа вэ гэхээр үндсэндээ цаана нь ямар нэгэн бизнес мөнгөний тооцоо байхгүй. Энэ зүгээр л сэтгэл, хөгжим. Суурь нь өөрөө гоё.
–Playtime нь амьд хөгжмийн наадам гэдгээрээ алдартай. Энэ жил ирж буй хамтлагуудыг харахад Ice top, Ginjin and Loigang гэх мэт hip hop хамтлагууд иржээ. Яагаад энэ хамтлагуудыг урих болсон бэ?
-Анх Pop хөгжмийг доош нь хийгээд л зөвхөн рок гээд л. Дараа нь цаг хугацаа өнгөрөх тусам хөгжмийг ямар нэгэн жанраар нь ялгаварлаж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл тэр хөгжмийн урсгалын түүх чиний хувь хүний түүхээс хамаагүй илүү баялаг. Зохиолын дуу ч ялгаагүй. Тэрийг сонсдог, сонсдоггүй тухайн хүний л сонголт. Сонсдоггүй хүн нь тухайн урсгалыг сонсдог, тухайн урсгалаар уран бүтээлээ туурвидаг хүмүүсийг хүндлэх хэрэгтэй. Hip Hop бол маш том урсгал. Цаг хугацаа өөрчлөгдөж байна. Бид 2019 онд амьдарч байна. Рок гэдэг хөгжим 1990-ээд он биш болсон. Billie Eilish 16 настай охин Billboard-ийг тэргүүлж байна. Тэр хүүхдийн илэрхийлж байгаа хөгжим нь бүх юмны нэгдэл. Харахад металаас хүнд юм шиг хөгжим нь болохоор электро, поп орчихсон байх жишээтэй. Өөрөөр хэлбэл шинэ үеийн хүүхдүүд шал өөр учраас цаг нь тэрийгээ дагуулаад явж байгаа. Хөгжим өөрчлөгдөж байгаа учраас Playtime ч гэсэн өөрчлөгдөх ёстой. Гэхдээ ганцхан шалгуур байна. Тэр нь сайн хөгжим байх ёстой. Урсгал хамаагүй. Icetop-ийн илэрхийлэл жинхэнэ хип хоп. Тэд 40 хүрч байгаа залуучууд. Тэдний хип хоп гэсэн сэтгэл, монголоо гэсэн сэтгэлийг би үнэлдэг. Монголчууд үнэлэх ёстой.
- New wave stage буюу Шинэ давалгаа тайз
- Энэхүү тайзан дээр монголын амьд хөгжмийн талбарт шинээр мэндэлж буй хамтлагууд гардгаараа онцлогтой. Энэ жилийн хувьд 8 хамтлаг гарсан нь Хараацай, Andromedia, Uudee’s band, The Shom, ApamTatt, The Vintage, Karmantic, B.L.M.D байлаа.
- Lendmn Loves music асар
Playtime наадмын стратегийн түншээр ажиллаж буй “Lendmn” санхүүгийн байгууллагын хамт олон “Lendmn Loves Music” нэртэй асар заслаа. Тэдний асарт авьяаслаг DJ нарын гайхалтай сетийг сонсож, домогт Камертон хамтлагийн тоглолтыг үзэж, пянз цуглуулагчидтай уулзалт хийж, цагийг зугаатай өнгөрүүлсэн юм.