Монгол Улс 80 сая малтай гэх өгүүлбэрийн цаана дур зоргын буюу нүүдлийн мал аж ахуй гэсэн том асуудал бий. Манай улс дур зоргын нүүдлийн мал аж ахуйтай. Малынхаа тоо толгойг өчнөөн саяар нэмлээ гэж бахархан мэдээлж, эдийн засагт нэмэртэй аштай юу даа гэж олзуурхан боддог нь яг нарийндаа буруу хандлага. Шууд хэлэхэд дэлхийд манай мал аж ахуй гоё харагддаггүй. Ямар сайндаа л олон улсын байгууллага малынхаа тоог 2030 он гэхэд 37 сая болгож бууруул гэж зөвлөхөв дээ. Малаа бууруул гэж шахаад байгаа нь цаанаа том шалтгаантай. Дэлхийн дулааралд нөлөөлдөг хүлэмжийн хийн ялгаралд үйлдвэрийн утаа, элдэв бохирдлоос гадна мал сүрэг ордог учраас олон улсын байгууллага ингэж зөвлөөд байгаа юм. Цэнхэр гаригийнхны санааг зовоосон бас нэг асуудал бол цөлжилт. Хатуухан хэлэхэд Монголын 80 сая мал бэлчээр талхагдуулж цөлжилт үүсгэдэг “хэргийн эзэд”. Яг нарийндаа хэдэн арван саяар тоологддог мал сүрэг маань уул уурхайгаас илүү хадаргаатай, хорлонтойг олон тоогоор нотолж болно. Том уурхай болох Эрдэнэт ч юм уу Багануурын олборлолт явуулсан талбайг хэмжээд үзвэл тус бүрдээ таван километр хүрэхтэй үгүйтэй талбай л гарна. Малчдаас ялгаатай нь уул уурхайн олборлолтын дараа ашиглалт явуулсан компани нь нөхөн сэргээлт хийдэг. Стандартаа мөрддөг том уурхайнуудын хувьд бүр олборлолт явуулах газрынхаа өнгөн хөрсийг хуулж аваад хадгалдаг. Тухайн газарт ямар ургамал ургадаг, яг тэр бүтэц, экосистемийг нь алдагдуулахгүйн төлөө ийм арга хэрэглэдэг юм. Олборлолт дууссаны дараа өнөө хадгалсан хөрсөө хучиж, нөхөн сэргээлт хийж нов ногоон тал болгосон жишээ өчнөөнөөрөө бий.
Малын тоо толгой хэт өссөнөөс болж манай улсын бэлчээрийн 70 гаруй хувь нь ургамлын нөмрөг, бүтэц бүрэлдэхүүний хувьд доройтсон гэх тоо дуулддаг. 25.2 сая га бэлчээр талхлагдаж доройтсон, малын хөлөөс чөлөөлж, зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай есөн сая орчим га бэлчээр бий гэсэн тоо бараг арван жилийн өмнө сонсогдож байсан. Сүүлийн үед бэлчээрийн дайсан ямааны тоо толгой огцом өсч байгаа болохоор энэ тоо нэмэгдсэн нь ойлгомжтой. Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” хөтөлбөрөөс 2011-2014 онд судалгаа хийсэн удаатай. Тэр судалгаагаар Архангай, Булган, Төв, Сэлэнгэ, Дундговь аймагт бэлчээр үлэмж доройтон хамгийн их талхлагдсан гэх дүгнэлт гарч байсныг санаж байна. Саяхан даа, бэлчээрийн нөөц боломждоо тохирсон малтай аж төрье гэвэл 51.6 сая малаас илүү гаргаж болохгүй гэсэн судалгаа зөвлөмжийг дотоодын эрдэмтэд гаргаж л байсан. Хонин сүргийг багасгаж хоёр хонинд нэг ямаа гэсэн харьцаатай өсгөх ёстой гэсэн зөвлөгөө ч сонсогддог. Хамгийн олон мянгаттай Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгуудад 100 га бэлчээрт ногдох малын тоо 2-4 дахин хэтэрсэн гэсэн статистикийг ч энэ дашрамд онцолъё. Сүүлийн үед 200-гаас дээш малтай өрхийн тоо нэмэгдэж байгаа юм билээ. Мянгат малчин шалгаруулдаг, аль болох олон малтай байхыг засаг нь, салбарын яам нь бодлогоо болгоод суухаар олон малын төлөөх уралдаан гаараад байна л даа.
Малчид зуны цагаар ус бараадаж, бүр голын эх дагаад буучихдаг. Эсвэл нуур бараадаад шавчихна. Малаа ус руу шууд тууна. Тэгээд л тэр хавийн гол нуур малын хөлд улаанаараа эргэж, хүн уухын аргагүй бохирлогддог. Уг нь голоос холгүй услах цэг байгуулаад усалчихад болохгүй юмгүй. Давж барахааргүй хэцүү ажил лав биш. Малаа, малчдаа гэдэг сэтгэлгээтэй нийт олонхын хувьд хатуу үг мэт санагдаж мэдэх ч байгаль экологи талаас нь харахаар шүүмжлэхгүй орхих аргагүй хэцүү ахуй Монголын мал аж ахуйгаас жигтэйхэн тод харагддаг. Мал нь ус, бэлчээр сүйтгэж, малчид нь ил задгай бие засахаас эхлээд ер нь л хэцүү дээ. Гол дагаж зуссан айл тэр хавийн байгалиа хэцүүхэн болгочихоод намаржаа руугаа нүүдэг нь нүдний өмнө байгаа бодитой үнэн.
Монгол малын махыг гадныхан авдаггүй нь эрүүл мэндтэй нь холбоотой. Вакцинд тэр бүр хамруулдаггүй, ямар өвчинтэй байгааг нь хянаж үзэх мал эмнэлгийн тогтолцоо сул гээд өчнөөн шалтгаан бий. Дахин онцлоход ямар өвчтэй нь мэдэгдэхгүй мал сүргээ голоос шууд усалдаг ийм малчид дэлхийд ховор. Байгалиа боддог, иргэдийнхээ эрүүл мэндэд анхаардаг улсуудын хувьд төсөөлөлд нь багтахгүй ахуй. Голын хажууханд тусад нь услах хэсэг байгуул гэхээр хэт хээнцэр, амьдралаас тасархай сонсогдож магадгүй. Гэхдээ дэлхий нийтээрээ цөлжилт, дулаарал, экологийн бохирдлын эсрэг хамтраад дуугарч тэмцдэг болсон энэ цагт тавих ёстой шаардлага, гаргах учиртай санаачилга.
Малаа цөөлж, чанаржуулах, аажимдаа фермер рүү шилжих талд онцгой анхаарах ёстойг баталсан иймэрхүү жишээ яривал дуусахгүй. Товчхондоо Монголын байгаль ганц малчдынх биш, гурван сая монголчуудынх, бүр цаашлуулж сэтгэвэл хэдэн тэрбумаараа амьдарч буй дэлхийн иргэдийнх. Хүлэмжийн хийг бууруулахын төлөө нэг дээвэр дор нэгдэж дэлхийгээрээ тэмцээд яваагийн учир энэ л дээ. Түүхий нүүрсний хэрэглээгээ тана, ногоон эдийн засгийг хөгжүүл гэж улс орнууд бие биенээ шахаад байгаагийн шалтгаан нь ерөөсөө энэ. Монголчууд байгалиа цэвэр, аюулгүй байлгах үүргийг дэлхийн өмнө хүлээсэн улс орнуудын нэг. Тийм учраас л олон улсын байгууллага малынхаа тоог бууруул гэж шахаад байгаа юм.
Тэгэхээр малаа суурин болгохоос өөр сонголт алга. Бүр тодруулж хэлбэл фермержмээр байна, улсаараа. Ийм олон малыг байгалиа сүйтгэн байж өсгөж үржүүлчихээд өгөөжийг нь тултал хүртээд байна уу гэвэл бас үгүй. Махыг нь хангалттай хэмжээгээр экспортолж чадахгүй байна. Түүхий эдийн хувьд бүр ярих ч юм биш. Ямар ч үнэ цэнэгүй, хаягдал болж, байгаль бохирдуулаад дуусдаг. Өлөнг нь л хиамын үйлдвэрт ашигласан болоод аж төрж яваа.
Уг нь Ч.Улаан сайдын малыг хөлөөр нь экспортлох санаа хэрэгжсэн бол нэмэртэй шийдвэр болох байсан юм. Монгол малын мах бэлчээрийн учраас жинхэнэ органик гэж ирээд ярьдаг л даа. Үнэхээр тийм давуу талтай бол экспортлоод доллар олсон шигээ амьдрах л байсан. Монголын малын мах стандарт хангадаггүй, өвчтэй, өөх ихтэй гэх мэт өөлөх шалтгаан харин олон дуулддаг. Тийм ч учраас хоёр хөрш рүүгээ багахан гаргах хэмжээнд махны экспорт хязгаарлагдаж байгаа. Хөлөөр нь гаргасан бол ядаж л түүхий эд нь хог болж хаягдахгүй давуу талтай. Малын тоо толгойгоо цөөлж чанаржуулах зүг рүү хөтлөхөөр шийдвэрийг салбарын сайд нь гаргасан ч засаг нь дэмжсэнгүй л дээ, харамсалтай нь.
Дур зоргын мал аж ахуйд анзаарахаас аргагүй бас нэг том асуудал байна аа. XIII зууны үеийнхээс өөрчлөгдөж гавиагүй мал аж ахуй монголчуудыг хэзээнээс залхуу байлгах шалтаг суурь болсоор ирсэн. Өөрөө бэлчээд идээшилдэг малтай монголчуудад өдөржин хөлсөө дуслуулах шаардлага байдаггүй гэсэн онцлог бий. Малчид өдөрт үсрээд дөрвөн цагийг л малын ажилд зарцуулаад, үлдсэн хугацаанд нь гараа эвхээд суучихдаг нь мөн л үгүйсгэх аргагүй үнэн. Хөдөлж хөлсөө дуслуулахгүй, мах, тос голдуу хүнстэй учраас урт насалдаггүй шиг санагддаг. Малчдын насны тухайд гүтгэж гөрдөөд бичсэн хэрэг биш л дээ. УИХ нь малчдын наслалтад ийм асуудал бийг хүлээн зөвшөөрч тэтгэврийн насыг нь наашлуулсан шийдвэр гаргасан удаа бий.
Тэгэхээр дур зоргын мал аж ахуйгаас татгалзъя, өндөр татвартай болгоё. Малчдаас малын хөлийн татвар авдаг болъё. Ингэвэл наад зах нь бэлчээрийн талхлагдлыг шийднэ. Цаашлаад яривал тоог биш, чанарыг шүтдэг малчидтай болох давуу талтай. Нэг малаас 1000 төгрөг гээд хураагаад эхлэхэд л наад зах нь “Чанаргүй олон малтай байхаар чанартай цөөн болгоё” гээд фермержээд эхэлнэ.
Ер нь дэлхий даяар мал аж ахуйгаа ингэж л хөгжүүлж байна. Цөөхөн тооны, чанартай малыг л нэгдүгээрт тавьдаг. Байгальдаа хал багатай, ухаалаг мал аж ахуй руу дэлхийн хөгжилтэй, хөгжиж байгаа улсууд аль хэдийнэ шилжчихсэн. Фермерийн аж ахуйд хүн жинхэнэ хөдөлмөрлөдөг, хөлсөө дуслуулсныхаа хэрээр ахиу мөнгө олдог. Суурин соёл иргэншлийг анзаарах нь ээ, мал аж ахуй нь эрчимжсэн фермер л байдаг. Ингэж байж л суурьшмал иргэд мал аж ахуйтайгаа зохицож аж төрдөг юм. Давтаад хэлэхэд манай дур зоргын мал аж ахуй суурин иргэншилтэй зөрчилдөөд байна. Улсаараа л малаа дагаж амьдрахгүйгээс хойш байгальдаа хал багатай, чанартай цөөхөн малтай, эдийн засгийн өндөр ашигтай мал аж ахуйг л хөгжүүлмээр байна.