Үндэсний их баяр наамдыг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага өнөөдөр (2019.07.05) ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нээж, хэлсэн үгийнхээ эхэнд монголчуудын уламжлалт баяр цэнгэл Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Улсын Их Хурал, Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд дэвшүүлэв.
Мөн тэрбээр, Улсын Их Хурал Монгол Улын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах түүхэн чухал үйл хэрэг хэлэлцэж, ачаалал ихтэй ажиллаж байгааг Та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ наамдын өмнө ахмадуудаа хүлээн авдаг уламжлалынхаа дагуу Та бүхнийг урьсан. Манай Улсын Их Хурлын Тамгын газрын ахмадууд бол монгол төрийн албанд залуу нас, мэдлэг чадвар, авьяас билиг, хүч хөдөлмөрөө зориулсан эрхэм хүмүүсийн төлөөлөл юм. Байнгын ажиллагаатай парламентын баганыг тулж, тооныг нь өргөлцсөн, парламентын төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс дийлэнх олонх нь байдаг. Тухайлбал, Улсын Их Хурал, Улсын Бага Хуралд ажиллаж байсан хүмүүс байдаг нь үүний жишээ. Та бүхнийхээ монгол төрийн албыг чин шударгаар түшсэн хөдөлмөр, зүтгэл, үлгэр дуурайллыг бид ямагт өндрөөр үнэлдэг. Тиймээс ахмадуудаа дэмжиж, халамж анхаарал тавих нь бидний үүрэг гэж үздэг. Энэ талаар цаашид ч байнга анхаарах болно гэдгийг онцолж байлаа.
Тэрбээр, төрийн ажлын арвин баялаг туршлага, үнэ цэнэтэй мэдлэг чадвараассуралцаж байх ёстой гэдгийг илэрхийлэхийн зэрэгцээ ахмадуудынхаа зөвлөгөө санамжийгсонсож, хүлээн авч, ажил албандаа хэрэгжүүлж ажиллах нь хойч үеийн бидэнд үнэлж баршгүй ач тустай гэдгийг тэмдэглэн хэлсэн.
Улсын Их Хурлын Тамгын газар нь жил бүр цагаан сар, үндэсний их баяр наадам, ахмадын баярыг тохиолдуулан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн байсан, Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан нийт 90 гаруй ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэхийн сацуу тэдний үнэт сургааль, зөвлөмжийг сонсож, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлдэг.
Энэ удаагийн арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаП.Цэрэн, Дотоод аудитын албаны дарга Я.Баттогтох, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ц.Борхүү, Ахмадын хорооны дарга Ш.Ринчин болон албаны бусад хүмүүс оролцлоо.