Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 165 тоот захирамж гарган, Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлов.
Ээлжит бус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ. Үүнд:
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон холбогдох хууль тогтоолын төсөл /хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
- Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ажлын тайлан, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн төслийн тухай;
- Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт;
- Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсыи Их Хурлын тогтоолын төсөл;
- Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөх/;
- Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөх/;
- Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
- Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
- Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэнэ.