Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар өнөөдөр (2019.07.04) Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Хэ Сүг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга Б.Пүрэвдорж төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад хоёр улсын эртний найрсаг харилцаа улам өргөжиж байгаад баяртай байдгаа илэрхийлэв.
“Эдийн засгийн болон иргэд хоорондын харилцаа эрчимтэй хөгжиж, 40 гаруй мянган Монгол иргэн тус улсад ажиллаж, амьдарч байна. Нэг хэсэг нь хууль бусаар ажиллаж байгаа ч тодорхой хэмжээнд Солонгос, Монголын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог. Ард түмний итгэлцэл манай хоёр улсын хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа солонгос иргэдийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж ажиллаж байсан. Манай улсын иргэдэд ч та бүхний бодлого, шийдвэрүүд энэ маягаар хүрч үйлчилдэг байгаасай гэж хүсэж байна” хэмээн тэрбээр хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Хэ Сүг цаг гарган, найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаа эрхэм гишүүдэд талархал илэрхийлээд айлчлалын бүрэлдэхүүнээ товч танилцуулав.
“Зургаан жилийн өмнө Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Ховд аймагт Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг өгч, эмч мэргэжилтнүүдийг сургасан. Иргэн бүр эмнэлгийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай авах нь чухал учраас эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах нь чухал юм. Зөв оношилж, эмчилснээр хүн амын насжилтыг уртасгах боломжтой” гээд хоёр орны хамтын ажиллагааг өргжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллаж байгаагаа хатагтай Жон Хэ Сүг хэллээ.
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Эрүүл иргэнтэй байвал улсын хөгжил хурдацтай байна. Тиймээс эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт бол хамгийн чухал хөрөнгө оруулалт юм. Монголчууд хамгийн ихээр зорин очдог улсын нэг нь БНСУ. Хувь хүн, хуулийн этгээдүүдийн хамтын ажиллагаа жил ирэх тутам улам өргөжиж байна. Цаашид технологид суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй. Эртний уламжлалт найрсаг харилцаатай хоёр улсын иргэд бие биенээ дотночилж хүлээн авдаг. БНСУ-ын ард түмэнд сайн сайхныг хүсье” гэв