Categories
мэдээ нийгэм

Наро Банчэн Гэгээн “Өргөө” амаржих газарт ариутгалын аппрат хандивлалаа

“Наро Банчэн Хутагт” сангийн зүгээс Өргөө амаржих газарт 150 сая төгрөгийн үнэ бүхий автоклав буюу ариутгалын аппаратыг хүлээлгэн өглөө.

Эмнэлгийн зүгээс ариутгалын аппарат доголдож эхэлсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд холбогдох газруудад хүсэлт тавьсан ч шийдэгдэлгүй өнөөг хүрчээ. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнууд “Наро Банчэн хутагт” санд хандаж, ариутгалын шинэ аппараттай боллоо.

Аппаратыг хүлээлгэн өгөх үеэр Халхын тамгатай 13 хутагтын нэг Наро Банчэн Гэгээн Данзанлхүндэв “Наро Банчэн хутагт сангийн зүгээс нийгмийг соён гэгээрүүлэх сургалт болон хүмүүнлэгийн ажлыг чадах чинээгээрээ хийхийг зорьж байгаа юм. Өмнө нь манай сангийн зүгээс зарим эмнэлэг, цэцэрлэгүүдэд шаардлагатай аппаратууд хандивлан өгч байсан. Энэ удаа “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нь хүлээлгэн өгч байна. Тус эмнэлгийн зүгээс хүсэлт тавьсны дагуу бид судалсан. Үнэхээр, зайлшгүй шаардлагатай аппарат байсан. Тиймээс өнөөдөр ийн хүлээлгэн өгч байна” гэв.

Наро Банчэн Гэгээн Данзанлхүндэв өөрт нь олон түмний өргөсөн өргөл хандивыг ийн “Наро Банчэн Хутагт” сангаар дамжуулан нийгмийн сайн, сайхны төлөөх буяны ажилд зарцуулдаг. Энэ удаа ч мөн олон нийтийн өргөл, хандиваар цугларсан 150 сая төгрөгөөр ариутгалын багаж, тоног төхөөрөмж авч өгч буй юм.

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц хэлэхдээ “Манай залуу үе, хувилгаад бусдыг бодсон сайхан сэтгэлтэй, буян үйлдэж, дагуулж байгаад би их баяртай байна. Би өнөөдөр Монголын Бурхан шашинтны тэргүүний хувьд энэ сайхан буяны үйл ажиллагаа хийж байгаад нь даган баясах, хутагтынхаа ямар ажил хийж, туурвиж байгааг үзэх гэж ирсэн. Нэлээд өндөр үнэтэй аппарат хэрэгслийг монголын олон үрсэд оновчтой газар өгч байгаад нь баяртай байна” гэлээ.

Харин “Өргөө” амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга А.Дүүрэнбилэг “Манай амаржих газрын хувьд 450 гаруй ажилтан, 360 ортой үйл ажиллагаагаа явуулдаг. Жилдээ 12 мянга гаруй эхийг амаржуулдаг ууган байгууллагын нэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай байгууллагын хамгийн том цөм болсон ариутгалын хэсэгт техникийн үйлчилгээ хийгдсэн боловч ашиглалтын хугацаа нь нэгэнт дуусчихсан болохоор доголдол гарах зэргээр хүндрэлтэй нөхцөлүүд үүссэн. “Наро банчэн хутагт” сангийн зүгээс эмнэлгийн тоног төхөөрөмжийн ариутгалын аппаратыг хандивлаж байгаа нь эх үрсийн эрүүл мэндийн төлөө үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Эх, нярайтай холбоотой бүхий л багаж, тоног төхөөрөмж, мэс засал, ариун зөөлөн эдүүд бүгд ариутгалын аппаратаар ариутгагдсан байх шаардлагатай байдаг. Тиймээс энэ автоклав манай эмнэлэгийн нэн тэргүүнд шаардлагатай төхөөрөмж байсан. Монголын олон мянган эх, үрс, ирээдүйн төлөө буяны гараа сунгаж, бидний хүсэлтийг хүлээн авсан “Наро Банчэн Хутагт” сангийн хамт олонд гүнээ талархаж байна” гэлээ.

Нийслэлийн “Өргөө” амаржих газар өдөртөө зөвхөн амаржихаар 40-50 эх хэвтдэг. Тиймээс ариутгал, халдваргүйжилтийн ажил хамгийн чухал. Өнгөрсөн жилүүдэд автаклав нь ажиллахгүй тохиолдолд тус эмнэлгийнхэн бусад төрөх болон эмнэлэгт багаж, тоног төхөөрөмжөө ариутгадаг байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *