Categories
мэдээ нийгэм

АНУ-д үрчлэгдсэн хоёр хүүхэд гэр бүлийн хамтаар Монголд ирж, эх оронтойгоо танилцлаа

АНУ-д үрчлэгдсэн хоёр хүүхэд гэр бүлийн хамтаар Монголд ирж эх оронтойгоо танилцлаа.

Гадаадын иргэн, харьяатын газар нь 2017 оноос эхлэн Монгол Улсаас гадаадын иргэн, гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдээ хүлээн авч эх оронтой нь танилцуулах аяллыг зохион байгуулж, угуул эх орныхоо зан заншил, өв уламжлал, түүх соёлыг танин мэдэх боломжоор хангаж эхэлсэн. Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр АНУ-д үрчлэгдсэн 10 гаруй хүүхэд гэр бүлийнхээ хамт эх орондоо ирж, түүхийн дурсгалт газруудаар аялж, Монгол оронтойгоо танилцлаа.

Энэ удаад АНУ-д үрчлэгдсэн 2 хүүхэд гэр бүлийн хамтаар эх орондоо хүрэлцэн ирээд байна.

Тэднийг Учрал/Katherine Uchral Anderson/, Ганхүү/Chance Gankhuu Anderson/ гэдэг ба одоо 18 настай. Учрал 2002 онд, Ганхүү 2005 онд АНУ-ын Charles Anderson, Kelly Anderson нарын гэр бүлд үрчлэгджээ.

Тэднээс монголд ирсэн сэтгэгдлийг сонсоход “Бид багаасаа монголын түүх, соёл, уламжлалыг аль болох сурч, судлахыг хичээдэг байсан. Энд ирээд үзэхэд Америкт үзэж, судалж байснаас тэс өөр байна. Бас бид Төв аймагт морины сунгаа үзэхэд газар доргиж байгаа юм шиг л байсан. Морь, тэмээ унах, хуушуур, бууз гэх мэт хоол идэх үнэхээр гоё. Мөн хүмүүсийн харилцаа маш их таалагдсан” гэсэн юм. Харин тэдний эцэг эх “Бид энэ удаагаа оролцуулаад 3 дахь удаагаа Монголд ирж байна. Анх хүүхдээ авах гээд ирж байснаас хойш Монгол маш их өөрчлөгджээ. Бид хамгийн сүүлд 2005 онд хүүгээ үрчилж авахдаа ирсэн. Түүнээс хойш маш олон өндөр барилгууд, зоогийн газрууд нээгджээ. Бүгд л ер нь сайжирсан байна” гэв.

Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаархамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсон. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар 270 хүүхдийг 17 орны гэр бүлд үрчлүүлсэн байна. Эдгээрээс АНУ-д 156, ХБНГУ-д 34, Францад 20 хүүхэд үрчлэгдэн амьдарч байгаа ажээ.

Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөр “Монголоос хүүхэд үрчилж авах хүсэлт их ирж байна. Хамгийн гол нь тэднээс шаардлага, шалгууруудыг гүйцэд хангаж чадаж байгаа эсэхийг харгалзаж байж хүүхэд үрчлүүлдэг. Гэр бүлийн тухай хуулийн 58 дугаар зүйл болон Хууль зүй дотоод хэргийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайднарын баталсан журмын дагуу нэмж гадаадын иргэн бүрдүүлэх материал гэж байдаг. Тогтмол орлого, санхүүжилт, хүүхэд өсгөж хүмүүжүүлэх арга барил, зан байдал, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ямар нэгэн захиргааны зөрчил гаргаж байгаагүй гэр бүлд үрчлүүлэхээр заасан. Хүүхэд үрчлэх хүсэлтэй байгаа эцэг эхчүүд энэ шалгууруудыг хангасан гэдгийг өөрийнхөө орны эрх бүхий байгууллагуудаар тогтоолгож, хүүхэд үрчлэн авах бүрэн боломжтой гэсэн тодорхойлолтыг авч ирдэг”гэлээ.

Үрчлэгдсэн хүүхдүүд нь Монгол Улсын хуулийн дагуу 16 насанд хүртлээ Монгол Улсын харьяат байдаг. 16 насанд хүрмэгц иргэний харьяаллаа өөрсдөө чөлөөтэй сонгох боломжтой болно. Гадаадын иргэн, харьяатын газар нь үрчлэгдсэн хүүхдийг тухайн гэр бүлд хэвийн өсөж, бойжих, аюулгүй орчинд амьдрах,сурч боловсрох, эрхээ хамгаалуулах бүх нөхцөлөөр хангах, уугуул эх орон, ёс заншил, түүх соёл уламжлалыг танин мэдэх боломжоор хангах талаар нарийвчилсан гэрээ байгуулж, үрчлэлтийн дараах хяналтыг тавин ажиллаж байна. Тодруулбал, “Хүний эрхийн тухай” конвенцын 21.1.е-д заасны дагуу үрчлэгч эцэг, эх, зуучлагч байгууллагатай хоёр буюу гурван талт гэрээ байгуулж, үрчлэлтийн дараах тайланг хүүхдийн 1 сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 3-8 нас хүртэл жил тутам, 8-16 нас хүртэл хоёр жил тутам тухайн улсын эрх бүхий байгууллагаас томилогдсон нийгмийн ажилтнаар хийлгэж, тогтмол хяналт тавьдаг ажээ.

Н.Саруулдөл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *