Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд аялал зугаалгаар явахдаа гол усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй орхиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орж осолдох тохиолдол гарсаар байна. Тухайлбал, энэ сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон голд 22 настай эрэгтэй живжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид өчигдөр 17:22 цагт “Хар эрэг” гэдэг газраас цогцсыг олж, уснаас гарган, тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Иймд иргэддээ гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.