Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Тэгвэл эл хэрэгт нэр холбогдон шалгагдаж байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна найман хүний нэр ил боллоо. Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нар нэр холбогджээ. Дашрамд дуулгахад, тэдэнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм. Удахгүй шүүх хурлын тов гарах аж.