УИХ-ын гишүүн асан, хуульч Ж.Сүхбаатартай ярилцлаа.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гурван парламент дамжин яригдан өнөөдөр дахин хэлэлцэгдэж байна. Та Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар 2011 онд ажиллаж байсан. Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Товчхондоо төслийн үндсэн зорилго, санаачилгыг дэмжиж байгаа. “Дордуулсан долоон өөрчлөлт” гэх өмнөх заалтуудаа эргэж харъя, парламентын ардчиллаа төгөлдөршүүлье, УИХ-ын төсөв, томилгооны зарим эрх мэдлийг хязгаарлаж, хяналт, хариуцлагыг нь нэмье, сонгууль, намын ардчилсан чанарыг тодруулъя, Ерөнхий сайдад бодлогын багаа бүрдүүлэх боломжийг нь хангая, төрийн жинхэнэ албаны мэргэшсэн тогтвортой байх зарчмыг үндсэн хуульчилъя, Цэц, шүүгч нарын томилгоо, хариуцлагын механизмын шаардлага, шалгуурыг тодорхой зааж шүүх эрх мэдлийн иргэдэд үзүүлэх шударга ёсны үйлчилгээг цоо шинэ шатанд гаргая, нутгийн удирдлагыг боловсронгуй болгож орон нутгийн ардчиллыг хөгжүүлэх том алхам хийх зэргийг хамруулж байгаа юм. Гурван үгээр бол “Хариуцлага, Хяналт-тэнцэл, Тогтвортой байдал” гэж томьёолсон байна лээ. Үндсэн хууль гэдэг том сэдэв. Нэг амьсгаагаар задлах боломжгүй. Сайн сайхан зорилго тавих нэг хэрэг, түүнд хүрэх зохистой зохицуулалтыг талбар бүрээс нь эерэг үр дүн, сөрөг уршгийг сайтар тооцож томьёолж тусгах нь маш түвэгтэй. Нарийн чимхлүүр шаардсан улс төр, хууль зүйн ажиллагаа л даа. Тэр тусмаа Үндсэн хуульд нэмэлт засвар хийх нь нийгмийг өргөн хамарсан идэвхтэй оролцоо, хэлэлцүүлэг, улс төрийн хүчнүүдийн хамтын зөвшил, ойлголцол, эрх баригчдын нэгдмэл сахилга, улс төрийн хүсэл зориг шаардсан төрийн том бодлогыг нэгтгэн боловсруулж хөдөлгөх нүсэр хөдөлмөр, зүтгэл. Үр дагавар нь шууд, шууд бусаар арван жилээр тогтохгүй улс орны амьдрал болоод иргэдийн ахуй орчинд нөлөөлнө. Миний бие өнгөрсөн долоо хоногт УИХ-ын мэдээлэл арга зүйн ажлын дэд хэсэгт гишүүнээр орсон. Хэд хэдэн удаагийн ажлын хэсгийн хуралд оролцож, санал зөвлөмжөө илэрхийлэн ажиллаад явж байна. Гурван парламент дамжиж боловсрогдсон 10 жилийн тасралтгүй ажлын бүтээл гэсэнтэй санал нийлж байна. Мэргэжлийн судлаач, эрдэмтдийг олноор татан оролцуулж тэдний хүч дэмжлэгийг сайн авчээ. Гэхдээ төслийн агуулга гүн, салаалах утга өргөн, олон шинэ зохицуулалт орсон болохоор Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн, хэл найруулга, томьёоллын алдаатай, тодорхой бус, онол-арга зүйн томоохон маргаан дагуулах, засах шаардлагатай заалтууд цөөнгүй үзэгдэж байна. Ялангуяа нутгийн удирдлагын хэсэгт.
-Нутгийн удирдлагын хэсэгт анхаарах шаардлагатай ямар асуудлууд байна вэ?
-Сум, дүүргийн Засаг даргыг хуульд заасан үндэслэлээр ажлаас нь огцруулсан бол үлдсэн хугацаанд аймаг, нийслэлийн Засаг дарга томилно. Сум, дүүргийн ИТХ-ыг үндсэн байгууллага гэх, түүнээс салбарлаж аймаг, нийслэл, баг, хорооны хурлууд ажиллах, баг, хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга шууд томилох тогтолцооны өөрчлөлт хийсэн заалтууд байсан. Маргаантай санал шүүмжлэлүүд өрнөж л байна. Муу зүйл биш. Сайн. Би ажлын хэсэгт саналаа хэлсэн. Ер нь манай Үндсэн хуульд нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын асуудлыг хэтэрхий тодорхой зохицуулсан нь нутгийн удирдлагын олон талт байдал, өвөрмөц байдлыг тооцон бусад хуулиар зохицуулах, тохируулах боломжийг алдагдуулсан согог бий. Сумын түвшинд Засаг дарга төрийн төлөөлөгч ч гэлээ сум иргэдтэй хамгийн ойр ажилладаг. Тиймээс иргэд өөрсдөө мэдэн сонгох эрх эдлэх нь жам ёсноос гажсан зүйл болохгүй. Харин дүүргийн Засаг даргыг сумтай адилтган иргэдээс сонгуулахаар оруулж ирсэн нь буруу. Заримыг нь эс тооцвол нэг дүүрэг гэхэд 200, 300 мянган хүн амтай засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж. Тэгэхээр дүүргийн Засаг даргын сонгуульд 100 мянга хүртэл сонгогчийн санал авахад хүрч УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг даргаасаа илүү давуу төлөөлөх бүрэн эрх, хууль ёсны шинжтэй болж ирэх нь. Би энэ дээр эсрэг байр суурьтай байгаа. Хорооны засаг даргыг иргэдээс сонгох нь зүйтэй. Харин дүүргийн Засаг даргыг сонгох зарчмаар бус томилгооны зарчмаар явах хэрэгтэй. Хороог бэхжүүлэх томруулах чиглэлээр ажиллах хэрэгтэй байтал тэдний ажлыг иргэдэд ойртуулж байгаа нэрийдлээр улам жижиглэж байна. Зүй нь бол хороо гэдэг цаашлаад хотхоны хэмжээнд хөгжих ёстой. Хорооны статустай тосгон хотхон, дүүргийн статустай хотууд байна шүү дээ. Тэгэхээр хотхон яваандаа өөрийн удирдлагын эрхтэй субьект болж болохоор төлөв харагдаад байгаа. Нийслэлд одоо хороо үндсэн нэгж болж байна. Энэ асуудлыг хэлэлцүүлгийн явцад анхаарах ёстой. Бодлоор шийдэх бус төрийн болон нутгийн удирдлагын онолын үүднээс авч шийдэх ёстой. Төсөл дээр хот, тосгоныг өөрөө удирдлагын засаг захиргааны зарчмыг хуулиар тогтооно гээд улсын, орон нутгийн харьяалалтай гэж тусгагдсан. Өмнөхөөсөө өөрчлөгдсөн тодорхой агуулга бага гэж би шүүмжилж байгаа. Миний хувьд хот, тосгон өөрийн дүрэмтэй, удирдлагатай, аж ахуйтай, төсөвтэй, эдэлбэр газартай, оршин суугч хүн амтай байна гэж заагаад өгчихвөл хот, тосгоныг амилуулах үндэс бүрдэнэ гэж боддог. Одоо хот, тосгоны муугүй хуультай ч амилахгүй, хуулиудын дунд эрх хэмжээний хуваарилалт хийхгүй байгаа. Хот, тосгон гэдэг улсаас авч байгаа дэмжлэг нь л улс, орон нутгийн төсөвт сууна уу гэхээс өөрийнх нь үндсэн сан төсөв тэдгээр төсөвт хамаарахгүй. Нутгийн удирдлагын асуудал дээр онолын шинэ хандлага, загварыг шаардаж байна. Манайд өдгөө хэрэгжиж буй загвартай төстэй улс тун ховор.
-2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг дордуулсан долоон өөрчлөлт гэж ярьдаг. Санал хураалт ил байсныг буцаад нууц болгох, УИХ-ын хуралдах хугацаа, ирц, давхар дээл зэрэг асуудлуудад өөрчлөлт орж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тодорхой өөрчлөлтүүд орсон байна лээ. УИХ-ын ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр чуулна гэснийг 2000 онд 50 болгосон. Үүнийг сэргээхийг дэмжиж байгаа. Бидний үед 50-иас доошгүй долоо хоног чуулна гэж заасан ч чуулган ихэнхдээ үүнээс илүү сунадаг байсан. 2000 онд УИХ өөрчлөлт оруулахдаа 1999 онд эрх баригч Ардчилсан холбоо эвсэлтэй хамтран хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн саналыг тэр хэвээр баталсан нь өмнөх улс төрийн зөвшилцлөө эвдэхгүй гэсэн зорилго байсантай холбоотой. Ажлын өдрийг багасгасан нь УИХ хууль тогтоох тасралтгүй ажиллах нөхцөл шалгуурыг дордуулж гишүүдийн үндсэн ажлыг үндэслэлгүй хөнгөрүүлсэн гэж шүүмжлэгдэж байсан. Манайх хагас жилд 75 ажлын өдөр гэхээр жилд 150-иас доошгүй өдөр хуралдах юм. Ирц дээр 2000 оны өмнөх заалтыг сэргээгээд зогсохгүй УИХ-ын нийт гишүүний олонхоор хууль баталж байхаар шинээр тусгасан нь хуулийг өнөөгийн нөхцөлд 20 гишүүнээр шийдэж болох босгыг 39 хүргэж нэмсэн нь хуулийн чанар чансаа болон цөөнхийн оролцоо, хяналтыг нэмсэн, гишүүдийн төлөөллийн үүргийг өндөржүүлсэн чухал механизм болж гэж үзэж байна. Харин хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн бол нууц санал хураалт явуулж болохыг заасан нь саналаа чөлөөтэй гаргах боломжийг нэмж, намын хяналтыг сулруулж болох боловч гишүүд нөхцөл байдалд тааруулж дур зоргоор шийдэх эрх үүсч байгаа юм. Иргэд өөрийн төлөөллөө хянах, хариуцлага тооцох боломж хязгаарлагдах ёсгүй. Иймд томьёоллыг нь хаалттай хуралдаанаас бусад ямар шаардлагаар хуралдаанд оролцсон олонх дэмжсэн бол санал хураалтыг нууцаар явуулахыг зөвшөөрч болохыг тодорхой болгох хэрэгтэй. Мэдээж үндэсний аюулгүй байдал, төрийн нууц, гадаад бодлоготой холбоотой асуудлууд дээр ойлгомжтой. Цаад санаа нь УИХ-ын томилгоо, нээлттэй хэлэлцсэн ч зарим үед саналаа нууцаар хураах тохиолдолд яригдах болов уу. Өөр нэг асуудал нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хаших асуудалд Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно гэдгийг батлуулж чадвал том ололт, иргэдийн хүчтэй тавьж буй шаардлага биелэлээ олно. Учир нь манайх 76-хан гишүүнтэй давжаа парламент. УИХ-ын олон гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсраад ирэхээр гишүүдийн ажил цалгардахаас гадна Засгийн газар хууль тогтоох байгууллагаа ноёлж, УИХ-ын хяналт суларч төрийн эрх мэдэл хуваарилах зарчим алдагдаад байгаа. Ерөнхий сайдыг оролцуулаад дээд тал нь таван гишүүн Засгийн газарт байх нь нийт УИХ-ын гишүүдийн 10 хүрэхгүй хувьд очих болохоор сөрөг нөлөө бага.
-Ерөнхий сайдын эрх мэдэл, хариуцлагыг нэмж байгаа гэсэн. Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдсэнээр Засгийн газар УИХ, Ерөнхийлөгчтэй харилцахад ямар ахиц өөрчлөлтүүд гарна гэж та үзэж байна вэ?
-Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр УИХ хүн нэг бүрээр хэлэлцэж санал хураадаг байсныг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэж туссан байгаа. Энэ нь зарчмын хувьд бусад улсуудын Ерөнхий сайдын эдэлдэг эрх мэдэлтэй ижил болно гэсэн үг. Бусад орны жишгээр Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд өөрөө сонгон УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчөөр батламжлуулсны дараа хуулийн биелэлтийг улс даяар хангах үүргийг Ерөнхий сайд хариуцаж Засгийн газар хангадаг учраас Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлнэ гэдгээ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ УИХ, Ерөнхийлөгчийн өмнө тангараглаж, хариуцлага хүлээхээ илэрхийлдэг байх нь зохимжтой. Энэ нь манай улсыг парламентын удирдлагатайг бататгах зүйл болно гэж үзэж байна. Сайд нарын бодлогын багаа Ерөнхий сайд бүрдүүлж байгаа ч УИХ-д Ерөнхий сайдыг томилох, огцруулах эрх үлдэж байгаа. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. УИХ бусад хуулиар Засгийн газрын үйл ажиллагааны тайланг авч хэлэлцэх, Засгийн газрын гишүүдийн ажил байдлыг хянан шалгах, үнэлэлт өгөх, санал дүгнэлтээ Ерөнхий сайдад тавьж шийдвэрлүүлэх боломж нээлттэй үлдэнэ.
Төслийн 39.3-т Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлэхдээ Засгийн газрын бодлогын хөтөлбөрийн үндсэн чиглэл, түүнтэй уялдуулсан тайлбар бүхий мэдэгдлийн хамт оруулдаг байх нь хүнд тохируулсан яам, сайдын сандал суудал гаргадаг явдлыг арилгах үндэс болно. УИХ уг бодлоготой уялдсан эсэхийг харгалзан шийддэг байх нь олон жил явж ирсэн архаг дутагдлыг засна гэж үзэж байгаа. Бид сайн төр, Засгийн газар, намын тухай их ярьж байгаа. Үүнийг ардчилсан улс орнууд төвлөрсөн илүү эрх мэдлээ танах, хязгаарлуулах, байвал зохих газар луу нь шилжүүлэх, хуваалцах тухай хүрээнд ойлгодог. Манай сонгуулийн мажоритар хуучирсан тогтолцоо, төсвийн хэлэлцүүлгийн хязгаарлалт сул байгаагаас шалтгаалж Засгийн газрын төсвийн төлөвлөгөөг эвдэж нэгдсэн хөгжлийн бодлогын бус УИХ-ын гишүүдийн тойрогчилсон зардлын задаргаатай төсөв батлагдах болсноор улсын өр, төсвийн алдагдлыг бууруулах боломж тэр бүр хангагдахгүй байгаа. Тэгэхээр Засгийн газрын бодлогыг эвдүүлэхгүйн тулд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарлагыг нэмэгдүүлэхгүй гэх чухал заалт шинээр тусгагдсан байна. Томьёоллын хувьд нэг дутуу зүйл байна лээ. Зардлын шинэ төрөл үүсгэж, зардал нэмэгдүүлэхгүй гэж байгаа. Тэгэхээр зардлын шинэ төрөл үүсгэхгүйгээр зарлага нэмэгдүүлж болох юм шиг ойлгогдох учраас зардлын шинэ төрөл үүсгэх эсхүл зарлага нэмэгдүүлэхийг хориглоно гэж бүрэн заах ёстой. Ингэснээр УИХ төсөв батлах эрхээ Засгийн газарт алдаж байгаа бус парламентын олонх нь бодлогын хөтөлбөрийг нь дэмжиж байгуулсан Засгийн газрынхаа бодлогоо шингээсэн төсвийг УИХ дэмжих, эс дэмжихийг үндсэн үзүүлэлтүүдээр нь хагалан шийднэ гэсэн үг. Мөн Ерөнхий сайдыг өргөн мэдүүлснээс хойш 30 хоногийн дотор томилж чадаагүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргадаг байсан. Одоо энэ өөрчлөлтөөр УИХ-ын анхдугаар чуулган эхэлснээс хойш 45 хоногийн дотор эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу нас барсан, огцорсон, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон үед гэж ойлгохоор тодруулан зохицуулсан байна. Ерөнхийлөгчийн УИХ-ыг шахах, тараах чиглэлд эрх мэдэл нэмсэн мэт. Хуульч, судлаачийн өнцгөөс харахад бусад оронд Ерөнхийлөгч парламентыг хуульд заасан хугацаанд томилж чадахгүй үед аль болох зөвшилцөлд хүргэх, улс төрийн тогтвортой байдлыг хангахыг эрмэлздэг. Иймд үндсэн хугацаа дуусвал нэмэлт хугацаа өгөх боломж Ерөнхийлөгчид байдаг. Ингэхээр Ерөнхийлөгч тараахаа урьтал болголгүй нэмэлт хугацааг өгөх хэрэгтэй. Ингэснээр Ерөнхийлөгчийн улс төрийн зуучлалын үүрэг биелэгдэх, дэмжих дэмнэх нөхцөл бүрдэнэ. Үүнээс харахад бусад улсад үйлчилдэг механизм дутуу суучихав уу даа гэж харж байгаа. Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхий сайдыг томилсон, огцруулсан болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг бусад шийдвэрт тавих боломжийг үгүйсгэсэн заалт оруулахгүй бол УИХ-ыг тараах, улс төрийн зөрчилдөөнийг хурцатгах, тоглолт хийх цаг хугацааны боломж бий болчих хийдэл харагдаад байгаа.
-УИХ-ын сонгуультай холбоотой заалтаар яг юуг шийдэж чадах вэ?
-УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно, ээлжит сонгуулийн өдрөөс өмнөх нэг жилийн дотор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглох санал төсөлд туссан. Үүний гол зорилт нь сонгуулийн хувь тэнцүүлэх аргыг хэрэглэх боломжийг нээх, сонгууль тулсан үед дүрмээ гэнэт өөрчилдөг тодорхойгүй байдлыг зогсоох явдал. УИХ-ын 2012 оны ээлжит сонгууль бидний зориглон зүтгэж хийсэн сонгуулийн шинэ тогтолцооноос бусдаар дан мажоритар системээр томсгосон, эсхүл жижиг тойргоор явж ирсэн. Одоо байгаа байдлаа хар л даа. Намаа, багаа, бодлогоо бэхжүүлсэн, эрүүлжүүлсэн зүйлгүй. Ирээдүйгээ харж, хувь тэнцүүлэх зарчмыг хэрэглэх боломжийг заавал нээх ёстой гэж үзэж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж өгч буй амин сүнс заалтуудын нэг яах аргагүй мөн. Намын тухайд эхний заалтыг нь хасмаар юм билээ. Авууштай нь, намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, намын хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно гэсэн заалтыг найруулаад батлуулж болохоор байна. Ер нь Монголын хамгийн том ялзрал дархан цаазат байгууллага болох нам болсон. Намд өөрийн хяналт сул. Намын дүрэм, хяналтын байгууллагын шийдвэрээ үл ойшоох, үгүйсгэх, хэрэгсэхгүй байх, эсхүл даргын дохио зангаагаар ажиллах явдал түгээмэл. Төрөөс тавих хяналт нэр төдий. Бүртгэл, аудит, сонгуулийн үед зарим хуулийн шаардлага тавигдах гээд л зогсоно. Шүүхэд хуулиар хандах боломж нь хязгаарлагдсан. Иргэдийн зүгээс мэдээлэл авах, хяналт тавих нь маш хомс. Нэгэнт дотно, гадна талаас хяналтгүй, хаалттай болчихоор хариуцлага тооцох боломжгүй. Эцэстээ намын дотоод ардчилал устаж намууд доройтолд орсон нь нууц биш шүү дээ.
-Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр сонгох нь хараат бус байдалд нь эрсдэл дагуулна гэж үзэж байсан. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Шүүх эрх мэдэл гэдэг тухайн нийгмийнхээ ардчилсан, шударга ёсны хамгийн том шүүлтүүр, хүний эрхийн хамгийн том баталгаа. Шүүгчээр ажиллах гэж буй хүмүүсийн баталгаа өндөр түвшинд яригдах нь зүй ёсных. Ихэнх оронд шүүгчийг бүх насаар буюу тэтгэвэрт гарах нас хүртэл нь хугацаагүй томилдог. Зарим оронд сонгох ёс үйлчилдэг нь ч бий. Миний хувьд нийгэм улс төрийн авлигын бохир орчноос улбаалаад тодорхой хугацаатай болгохыг дэмжиж байгаа. Хэт богино хугацаанд томилогдох нь мэдээж шүүгчид учрах элдэв эрсдэлийг нэмнэ. Дээд шүүхийн тухайд 12 жил байх нь өнөөгийн нөхцөлд ухаалаг шийдэл зохицуулалт болно. Манай улс 512 шүүгчтэй гэсэн сүүлийн үеийн тоо бий. Үүнээс 17 шүүгчийг сая түдгэлзүүлээд шалгаад эхэллээ гэсэн. Шүүгчид маш их шүүмжлэлд өртсөн. Хоорондоо хуйвалдан тохирдог, шударга бусаар шүүдэг, хуулиас гадуур үйл ажиллагаа явуулдаг гэсэн хардлага хүчтэй байдаг нь бултах аргагүй үнэн. Мөн улс төрийн захиалгат томилгоо, зүйл бус оролцоогоор шүүгчдийн хаалттай орчинд ялзрал бий болсон. Аливаа улс төрийн хэрэг маргаан, бохир байдлыг шүүх ариутган цэвэрлэх ёстой. Дээд шүүхийн шүүгчид тэтгэврийн насанд хүртлээ томилогдон дархлагдаж, хариуцлага тооцох боломж сул байгаа нь бодит байдал. Магадгүй Шүүхийн ерөнхий зөвлөлөөр томилогдож, Шүүхийн хариуцлагын зөвлөлөөр хариуцлага тооцуулдаг том байгууллагын хяналт хариуцлагатай ажиллах байх. Гэхдээ эргээд манайд олон тохиолдолд ШЕЗ нь тодорхой хүрээнд асуудлуудыг хаалттайгаар шийддэг учраас хяналт тэнцвэр нь хангагдахгүй нөхцөл байдал үүсвэл өнөөдрийнх шиг ҮАБ-ын зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлэх шийдвэр гаргадаг хүчилсэн зүйл дахин бий болох магадлалтай. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд УИХ нэмэлт заалт оруулсан. МАНАН-ын шүүгчдээс сална гэх үүднээс хариуцлага тооцох зүйл оруулж ирсэн. Ad hoc буюу тодорхой хугацаанд тодорхой асуудлыг шийдвэрлэх нөхцөл байдал. Энэ бол шүүхэд цэвэрлэгээ хийх ядсан алхам. Энэ нь хэсэг хугацаанд үр дүнтэй зөв байж болохоос удаан үргэлжилбэл шүүх эрх мэдлийн бие даасан байдалд халтай. Магадгүй Үндсэн хуулийн хямрал руу аваачихыг үгүйсгэхгүй.
-Тэдгээр 17 шүүгчийг түдгэлзүүлэхдээ ҮАБЗ-ийн шийдвэрийг үндэслэсэн гэж байгаа. ҮАБЗ-ийн шийдвэрт тулгуурлаж олон шүүгчдийг нэгэн зэрэг түдгэлзүүлэх заалт бий юу?
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлтээр бөөн маргаан болж оруулсан заалт бий. Төслийн шүүхийн хүрээний зүйл заалтууд харьцангуй сайн болсон. Гэхдээ эерэг, сөрөг гарч болох бүх үр дагавруудыг тал талаас нь авч үзэх хэрэгтэй. Шүүх эрх мэдлийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн хүрээнд сонгон шалгаруулалт, томилгоо, хариуцлага, шүүхийн бие даасан байдлыг даатгаж байгаа. Томилгооны явцад УИХ, шүүхүүдийн оролцоо байгаа. Шүүгчийн хариуцлагын зөвлөлд иргэдийн төлөөлөл байна гэсэн. ШЕЗ шийдвэрээ хэрхэн гаргах журам тодорхойгүй байна. Нэг бүрэн эрхийн хугацаанд дөрвөн жил ажиллах энэ зөвлөлийн гишүүдийн сонирхлын зөрчлийг хязаарлахгүй бол захиалгат шүүгчийн томилгоо одооныхоос хумигдахгүй. Улам далд хэлбэрт орох аюултай. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ хэлэлцэн шийдвэрлэсэн тохиолдолд тухайн асуудлаар найман жилийн хугацаанд дахин өөрчлөлт оруулж болохгүй болно. Тиймээс нухацтай хандалгүй дутуу хэлэлцээд мөлийлгөж орхин, шийдэх ёстой асуудлаа шийдвэрлэхгүй орхивол удирдлагын хувьд хүсээгүй дэглэм рүү ч гулсаж орох өндөр эрсдэлтэй.