Өдрийн сонины архиваас
Өглөө наранд мөргөж, үдэш сарыг өлгийддөг, дэлхийн халуун цээжнээс дээд тэнгэрийг мөрлөсөн дэлгэр сайхан Монгол оронд минь дэлхийд эгэлгүй эрийн гурван наадам болдог нь үндэсний бахархлыг өөрийн эрхгүй төрүүлж, “Би монгол хүн” гэсэн үнэ цэнээ мэдрэх эрхэм дээд бахархлыг асаах бөлгөө. Энэхүү цог хийморь монгол хүн бүрийн цээжинд цохилж буйд үл эргэлзэнэ.Баяр наадам ч хаяанд тулав.Эрийн гурван наадамгүйгээр Монгол төр, түмний ёслол хүндэтгэлийг төсөөлөхөд бэрхтэй. Монгол наадам маань чухамдаа төр, ард түмнийг холбодог гүүр юм.
Эрийн гурван наадмыг их Шаньюй Модуны үеэс л төрийн болгон тэмдэглэсээр ирсэн эш сурвалж олдсоор байгаа. Хүн гүрний үед морь, тэмээ уралдуулж байсан мэдээ зангийг урд хөршийнхөн хүртэл гайхан биширч түүх сурвалждаа үлдээжээ. Ордос нутгаас барилдаж буй бөхийн хоёр дүрс ч олдов. Их Шаньюй Модуны өөрийн зохиосон дуут сум гэгч одоогийн пуужингийн өвөг эцэг хэмээн хэлж болохуйц. Сүүлд нь манжууд монголчуудын хөдөлгөөнтэй байг онож цэц булаацалддагийг хөдөлгөөнгүй байг харвуулдаг болгон цэрэг дайны чадавхыг нь сулруулсан тал бий. Юуны учир бага сага эрийн гурван наадмын тухай нуршив хэмээвээс уг гарлын хувьд хэдэн мянганы түүхтэй гэдгийг сануулах гэсэн юм. Басхүү төрийн наадам гэдэг утгаараа энэ бөмбөрцөгт хамгийн урт настай нь гэж болно.Монголын түүхийн мөчлөг бүрт эрийн гурван наадмаа үлэмж цар хүрээтэйгээр хийсээр ирснийг нь үнэлхүл ЮНЕСКО-д бүртгүүлэхээс ч хэтийдсэн үнэ цэнэтэй нүүдэлчдийн том соёл билээ.Суурьшмал соёлоос биднийг ялгаж, хамгаалсаар ирсэн энэ наадам маань улсын их баяр наадмаас аймаг, сум, багийн, овоо тахилгын, ургийн наадам хүртэл үргэлжлэн хэв шинжээ баяжуулж ирэв.
Олон ч баяр наадам үзэж дээ. Миний санахул багадаа үзэж байсан сумын наадам л хамгийн сортой, үзүүштэй, хээ хуартай нь байсан ажээ. Манай сум бол хуучны Засагт хан аймгийн Лу жанжин гүний хошуу буюу одоогийн Увс аймгийн Өндөрхангай гэхэд хүмүүс үл андана. Хангайн нурууны баруун салбар Хан Хөхүйн нурууг тэгнэн оршдог. Хан Хөхүйд эртнээс инагш халхын бөхийн дөрвөн сорилгын нэг нь төвлөрч байв. Билигт соён гэгээрүүлэгч, яруу найрагч С.Лувсандондов гүн (1854-1908) өөрийн бөх Ламжав аварга, сайвар халтар морио жил бүр халх долоон хошууны даншиг наадамд оролцуулан түрүүлүүлж байжээ. Тэгэхээр манай сум бол чухамхүү эрийн гурван наадмын эртний баялаг уламжлалтай. Ёндон мэргэн хэмээх мэргэн харваач нь 60 сум тавьж 60 оночихоод “Муу буу биш, онолгүй яахав” гэж байжээ. Би боддог. Монгол төрийн наадмын эх сурвалж, өвөг уламжлал нь эдүгээ сумын наадам л болон үлдсэн байх. Олон талаар энэ нь тайлагдах. Энэ удаа үүнийг үл өгүүлнэ.
Намайг 12, 13 настай байх үед манайх Ховд аймгаас уугуул нутагтаа нүүж очив. Аав маань геологийн жолооч байсан юм. Нас хэвийж, бэлчээр хумигдах үед нутгаа бараадсан нь тэр. Тураг ядрахаар уулаа гэдэг шүү дээ.Энэ бүхэн надад аз завшаан болсон юм. Дор өгүүлэх гэж буй сумын наадмаас эхлээд хөх бууцны үнэр, адуу малын унгалдаан, булаг усны хоржигноон, тайгын манан, бүргэдийн шунгалт, чонын улилт, навчсын сэрчигнээ, өвгөдийн цэц, аргалын утаа гээд хот газар үгүй ертөнцийн олон сайхантай намайг нөхөрлүүлсэн билээ.
Манайх Хан Хөхүй нутагтаа буурь засдаг тэр жил сумынхаа анхны наадмыг үзэв.Аймгийн төвийн цэнгэлдэх хүрээлэнг бодоход сумын наадмын талбай нь хүүхдийн тоглоом шиг санагдаж билээ.Дандаа дээл хувцсаар гоёсон хөдөөний наадамчид тэрхүү жижиг талбайгаа хүрээлэнхэн, алагланхан бүчсэн нь өөр мэдрэмж өдөөж байв. Тухайн үед аймаг, улсын наадмын үзэгчид дээл хувцсаар гоёдоггүй, голдуу л европ хувцсаар гангардгаас өөр байсан нь надад гайхлыг төрүүлж байжээ. Ямар сайндаа л сумын наадмыг костюм өмсөн сонирхсон аавыг маань зарим шооч хүн “Энэ нөхөр өөрийгөө дарга гэж бодоо юу” гэж байхав.Тэр үеийн сумын дарга нар нь ч дээлтэй байсан. Ийм л язгуурлаг, үндэсний хэв шинж хөдөө байдаг гэдгийг арван хэдэн настайдаа сумын наадмаас мэдэрсэн билээ. Бас наадмын талбай дахь цагаан хоолойгоор “Тэр бөх гараарай, морьдоо уралдуулах цаг боллоо” гэж зарлах нь цаанаа л нэг өөрийн донжтой.Өөр нэг сонирхол татсан нь машин тэрэг одоогийнх шиг хөлхөлддөггүй тэр цагийн мотоцикльтонгууд тоос татуулан давхиж буй байдал. Би сумын наадмаа сонирхохоосоо өмнө морь үсэргэж үзэв.Багаасаа морь биш, унадаг дугуй унаж өссөн надад хүлгийн нуруун дээр тогтож сурна гэдэг бараг л нисгэгч болсонтой адил байж. Морь олигтой ч унаж чадахгүй шахам байхад хурдны морь унасан гэж байгаа. Миний найз Мишкагийн Загаа гэдэг сахилгагүй нөхөр байв.Тэр үрээ, даага сургана, аавтайгаа Хөвсгөл хүртэл туувар туугаад үзчихсэн догь эр. Мань хүн намайг ятгасаар байгаад сумын төвийн урагш урсдаг Чигжийн голд нутаглаж буй Төртогтох гэдэг хүний морьдыг үсэргэхээр болов.Аав ч гэсэн юунаас нь айх вэ гэж байна.Тэдний морьд бор, цагаан голдуу.Би бор соёолонг үсэргэхээр болов. Үсэргээний газар очингуут найз маань ч исгэрэв, морьд эргэлээ.Золтой л морины нуруунаас холбирчихсонгүй. Бушуухан л дэлнээс нь зуураад авав.Загаа хажуунаас ойртож ирээд сайн хавчаад бай гэж байна. Хавчмар боллоо.
Ийнхүү арай л ойчилгүй шиг хүрч ирж билээ. Миний үсэргэсэн бор соёолонг улсын наадмаар өөр хүүхэд унан хоёрт давхиж мөнгөн медаль хүртэв. Нэгдлийн том ойтой жил байсан юм. Тэр үед одоогийнх шиг айрагдсан морь бүрт медаль өгдөггүй байв.Үүнээс хойш зориг орсон би морийг төдөлгүй унаж сурсан даг. Сум нэгдлийн даргаар олон жил ажиллаж байсан миний авга ах Памаж надад нэгэн бор үрээ бэлэглэж, унаа хийж аваарай гэсэн юм. Хожмоо тэр үрээ цагаан зүстэй морь болсон билээ. Түүнийгээ анх унаж наадам үзэх гэхэд үргэж бусгаад, заримдаа булгиад болдоггүй. Зарим хүмүүс чи унаж чадахгүй ээ. Номхон морь унасан нь өлзийтэй. Наадмын талбай дээр олон морьтонтой шахалдаж байж ойчно, бэртэж гэмтэв гэж байна.Шар хөдөлсөн гэж жигтэйхэн. Би өөрөө бор үрээгээ унана гэж зүтгэсээр байгаад явж билээ. Аавын төхөөрч өгсөн монгол эмээл дороос нухаад байхаар нь ялигүй займчтал бор үрээ маань булгиад золтой л хийсчихсэнгүй. Тэр үед би сумын төвд нэлээд хэдэн найзтай болсон байв. Д.Батням гэдэг аймгийн төв Улаангомоос шилжиж ирсэн ном их уншдаг хөвгүүн байлаа.Бид хоёр ном солилцож их уншина. Тэр маань бас нэг бор үрээ уначихсан явж байна.Нийлээд авав. Ер нь бидний хэдэн хөвгүүд өөрсдийн гайгүй сайн гэгдэх мориороо гоёж сумын наадам үзэж байжээ. Үүнийгээ чанчийны морь гэнэ. Юу гэсэн үг юм бүү мэд. Бодвол өөрийн хайртай шилдэг морь гэсэн утгатай юм болов уу. Үүнээс хойш арваад жил сумын наадмаа алгасалгүй үзжээ. Би дандаа л цагаан мориороо наадам сонирхоно. Цагаан сараар ч гэсэн тэр мориороо гоёдог байв. Би сүүлдээ сумын наадамд хөдөөний маягаар гоёж сурсан. Өргөн бүс бүсэлж, шляп (бүрх) малгай духдуулж, хромон гутал гармошклон сэнгэнэтэл давхиж явах сайхан шүү.
Сумын наадмаар л хол ойрын хүмүүс цуглаж мэнд усаа мэдэлцдэг байж. Энэ үеэр манай “ангижавууд” цуглацгаана. Айраг ууж, хуушуур идсэн шиг наадмын талбайн хойно байдаг сургуулийнхаа цэцэрлэгт тухалж суух жаргал байжээ.Манай ангийнхны зарим нь сумын наадамд барилддаг болов. Зарим нь морь уяад алга болцгооно. Миний хувьд наадмын талбайн цагаан хоолойгоор шүлэг унших, магтаал “айлдах” товчхон ажилтай. Өндөрхангай сум бүр 1940-1950 оноос хойш урлагийн авьяастнуудаараа алдартай. Манай буурал аав Төмөр хошуу ноён, Богд хаант Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд Л.Гончигдамбын дуучин нь байсан юм билээ. Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл, Ж.Лхамхүү нар манай сумын уугуул. Авьяастны өлгий энэ нутгийнхан наадмын талбайдаа Элжигэн халхын дуу хуур, бүжгээс өргөнө.Орчин үеийн цахилгаан гитар мөрнөөсөө зүүсэн хамтлагийн залуус ч байлаа. Юм юмтай сум гэдэг нь наадмын үеэр тод мэдэгдэнэ. Жил бүрийн сумын наадмаар яруу найргийн тэмцээн зохионо.Манай сумыг улсдаа ганцхан утга зохиолын нэгдэл, усан цахилгаан станцтай сум гэж орон даяар шагшин магтаж байсан цаг саяхан мэт. Тэр тэмцээнд нь миний бие нэлээд хэдэн түрүү авсан.Шагналынхаа мөнгөөр ангийн андуудтайгаа зад наадацгаана даа. Наадам тарсны дараа манай ангийнхан тарна гэж үгүй. Манай сум хангайн сум болохоор аль нэг уулын аманд очиж хорхог боодог хийнэ, наадмын сонин хачныг хуучлана.
Социализмын үеийн төгсгөлөөр бид дунд сургуульд байсан болохоор их л дэг журам сахидаг байв.Наадмын талбайд зарим нэг багш нартайгаа таарвал шууд зугтаж орхино. Багш нараасаа айна, хүндэлнэ гэж жигтэйхэн. Нэг удаа бид наадмын талбайн хойхно айраг ууж байгаад багштайгаа тааралдав. Багш хэлж байна.Айраг бол архинаас ялгаагүй.Та нар ундаа, хуушуур л ууж, ид гэж байна. Толгойгоо илцгээгээд л мордоод пижигнэцгээж билээ. Бас болоогүй ээ, зэргэлдээ сум, аймгийн төв, хотоос ирсэн охидыг шохоорхох нь бидний сумын наадмын нэг өнгө төрх байв. Морьтой явахад нь хашина, гэзэгнээс нь татна, морийг нь ташуурдана.Одоогийнхоор бол эргүүлж, өдөж байгаа нь тэр. Ер нь тэр үед аав, ээж, ах дүүстэйгээ ирсэн хотын хүүхдүүд содон харагдана. Би нэг удаа яруу найргийн тэмцээнээр нийслэл хотод ирээд буцахдаа жийнсэн өмдтэй болчихсон юм. Хүүхдүүд их сонирхоно. Манай ангийн Д.Одонбаяр бид хэдээс өөр ийм гоё өмдтэй нэгэн байгаагүй байх. Одоогийн хүүхдүүдэд энэ нь сонин санагдах авч социализмын үеийн бөглүү сууринд ийм л байдалтай байсан юм. Тэр өмдөө өмсчихөөд дээлээ шуугаад давхичихна даа.Амихандаа хүмүүст харуулах гэж, охидуудад тоогдох гэсэн хөөргөн зан байсан юм болов уу. Багийн ийм гэнэн мөрөөдөл, цагаан араншинг одоо бодохоор хүний амьдралын хиргүй тунгалаг хээ угалз лугаа адил тунардаг.
Сумын наадмын хамгийн үзүүштэй зүйлүүд нь мэдээж морь харах, бөх үзэх. Мөн сумын клубийн уран сайханчдын тоглолт, үдэшлэг багтана. Манай сум тэр үед бөх ихтэй байжээ.Хожим улсын начин болсон С.Дангаасүрэн, аймгийн арслан Л.Мижиддорж, аймгийн заан Т.Батжаргал нарын 5-6 бөх голдуу түрүүлдэг байсан санагдана. Манайхтай айл хөрш зусч өвөлждөг аймгийн заан Ц.Гонгор гуай нэг жил бөх засч байсан нь санаанаас ер гардаггүй. Аав маань ч бөх засч байсан юм. Манай ангийн Д.Нямбаяр сумын наадамд зодоглов. Гайгүй гэгдэх гурван бөхийг тэнгэр харуулаад дөрвийн даваанд өвдөг шороодчих нь тэр.Цаад бөх нь цол хэргэмтэй болохоор аархаж булхайцаад манай хүнийг “жийж” орхив.Тэгтэл Д.Нямбаярыг маань засч байсан Гонгор гуай бөөн уур унтуу болж хөлийн цэцтэй нь “Ардын хүү давж болдоггүй юм уу” гэж хэрүүл уруул хийлээ. Бид хэр чадлаараа л “Болиоч дээ, луйвар боллоо” гэж орилолдов. Нэмэр болсонгүй. Гонгор ах Нямкад хэлж байна. Ах нь аймгийн заан болтлоо элдвийг үзсээн.Дараа жил сайн барилдаарай гэж билээ. Нямкагийнхаа дээлийн захыг мушгиж суусан манай ангийнхны урам ёстой л хуга үсэрч, наадмын талбайг орхисон доо.
Хан Хөхүй нутгийнхан бол баруун халхын онцгой нэгэн ястан гэж хэлж болно.Найр наадмаа “Зээ баян Хан Хөхүй” дуугаар заавал эхэлнэ.Хантарган хэмээх Элжигэн халхын үндсэн бүжгээ усны урсгал мэт хөвөлзүүлнэ.Хоорондоо уулзахдаа “Юу аялж байна даа” хэмээнэ.Энэ нь эртнээс дуу хуурын голомт байсныг илтгэж буй хэрэг. Сумын наадамд гоёхдоо эрэгтэй нь хөх дээл өмсч, хөх бор морь унана. Эмэгтэйчүүд нь ногоон дээл өмсч, халиун мориор гангарна. Жороо морийг голдуу эмэгтэйчүүд унадаг байв. Энэ бол бүр эрт дээр үеэс уламжилж ирсэн Элжигэн халхын заншил билээ. Угсаатны зүйчид үүнийг онцлон судалсан нь бий. Хар хөх хаяавчтай гэр бол Элжигэн халхын бусдаас ялгарах онцлог.Сумын наадмын үеэр энд тэндээс ирсэн зочид гийчид үүнийг юун түрүүн ажиглан хэлэлцдэг байлаа. Мартсанаас бид сумын наадмын үеэр л жинхэнэ патиар зургаа татуулна шүү дээ. Хотоос ирсэн төрөл садангуудтайгаа ч зураг авахуулна. Хөдөөнийхөн жилдээ ганцхан цугладаг сумын наадмын маргаашнаас л хадлан тэжээл гээд өвлийн бэлтгэлдээ гардаг болохоор тэрхүү хоёр хоногт л бүхнийг амжуулж цэнгэнэ. Шавайгаа ханатал кино, концерт үзнэ. Нэгэн сэтгэл хөдлөм хөдөөний уянга бол наадмын талбайгаас хурдан морины хүүхдүүд бурхны номын мэгзэмийг аялгуулан дуулсаар гарах агшин байдаг. Төв, зүүн халхын морь унаач хүүхдүүд голдуу гийнгоо хадаадаг билээ.Манай баруун халхад арай өөр ёс заншилтай байжээ.Наадмынхаа талбайг 20-30 тойрчихоод уйдсан жаалууд сумын төвийн хоёр талаар урсах Баруун, Зүүн, Дунд хэмээх гурван голын хөвөөнд алаглан буусан майхан асруудаар хэсдэгсэн. Эсвэл сумын төвийн хойдох Хар толгой дээр гарч хавь ойрыг дурандацгаана. Ах нар хатуу дарс ханзалж, эгч нар энд тэнд гоёж гоодон гунхалзахыг харж нүд хужирлана. Улаан зээрд болчихсон нутгийн хөх өвгөд морин дэл дээр найган явж буй нь бидэнд гоё санагдана. Одоо нэрмэл уугаад халахаараа найган ганхаж, нэгэн цагийн мода үзүүлж буй хүн ховор л болов уу. Хэзээ бид нар ингэж явах бол доо хэмээн хоорондоо төсөөлж ярилцана шүү дээ.Ингэж явсаар наадмын хоёр, гурван өдрийг харвасан сум шиг өнгөрөөдөг байв.
Ай даа, униар татсан хөдөөгийн диваажинд сумын наадмаа үзэлгүй арав гаруй жил болжээ. Аглаг газрын жаргал гэдэг чухамхүү тэр билээ.
Эрийн гурван наадам Монгол газрын чимэг
Энэ ертөнцийг гоёсон нүүдэлчин түмний бахархал
Нар хур тэгшрэх нь мянган оны үзэсгэлэн
Настан, үрсээ дээдлэх нь манай Монголын заншил
Битогтохын ЦОГНЭМЭХ 11.07.06. Дарь-Эх