Categories
мэдээ нийгэм

“Галдан бошигт-375” номын нээлт боллоо

Монгол улсын их сургуулийн Номын санд өнөөдөр нэгэн хүндтэй, түүхэн номын нээлт боллоо. Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн хуульч сэтгүүлч Ш.Адьшаагийн эмхэтгэсэн “Галдан бошигт” номын нээлтэнд академич Д.Цэрэнсодном, Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн профессор, зурхай судлаач Л.Тэрбиш, Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд гэх мэт олны танил хүмүүс оролцлоо. Мөн Монгол улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн, тус сургуулийн Түүхийн танхим, Ховд аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гаас хамтран Галдан бошигт хааны мэндэлсний 375 жилийн ойд зориулж, “Галдан бошигт-375” эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын их сургуулийн Номын санд зохион байгуулав.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар Монголын улс төр, цэрэг, шашин, тусгаар тогтнолын түүхэнд томоохон ул мөр үлдээсэн суут хүмүүн Ойрадын Галдан бошигт хааны түүхийг судлах, шинэ сэргэг мэдээ, мэдээллийг нээн илрүүлэх, тухайн цаг үед түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бодитоор үнэлэх, хүлээн зөвшөөрөх, үнэн худлыг дэнслэх, Галдан бошигт хааны үйлс, зүтгэлийг хойч үедээ өвлүүлэх чиглэлээр эрдэмтэд илтгэл тавилаа. Үүнд “Галдан бошигтын амьдрал, үйл ажиллагаа” сэдвээр Монгол улсын Боловсролын их сургуулийн Түүхийн тэнхимийн дэд профессор, доктор На.Сүхбаатар, “Ховд голын хөвөөн дэх төмөр боловсруулалтын ул мөр” сэдвээр Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнгийн Археологийн мэдээллийн сан, авран хамгаалах салбарын эрхлэгч, доктор Ч.Амартүвшин, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Японы Нийгита их сургуулийн доктрант Л.Ишцэрэн, “Галдан бошигын үеийн Халхын сартуул хошуу” сэдвээр Ховд их сургуулийн Түүхийн тэнхимийн багш доктор Г.Пүрэвдорж, “Галдан хааны үйл хэрэгтэй холбоотой түүхэн ямар баримт Алтан зуугийн номонд байна вэ” сэдвээр Улаанбаатар эрдэм оюу дээд сургууль, Улаанбаатар эрдэм их сургуулийн багш, олон улсын Монгол судлалын холбооны салбарын эрхлэгч, Өөлд судлал нийгэмлэгийн захирал С.Баттулга, “Галдан бошигт хааны эрдэм номын ухаарлыг шинжлэхүй” сэдвээр Хөгжлийн шүтэлцээ ТББ-ын судлаач доктор профессор Х.Дондог нар тус тус илтгэл тавив.

Т.Өлзиймаа

Н.Энхжин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *