Өнгөрсөн амралтын өдрүүдээр бороо орж үер буусан. Энэ үеэр орон нутгийн зам эвдэрч Онцгой байдлын алба, Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөнийг түр хааж арга хэмжээ авсан. Гэтэл иргэд анхааруулгыг үл ойшоож замд гарч түвэг удлаа. Бас яг энэ үеэр Хонконгоос Улаанбаатар руу нисэх МИАТ-ийн онгоц цаг агаарын нөхцөл байдлаас болж Хонконгийн Олон улсын нисэх онгоцны буудал дээр саатахад тэнд байсан монголчууд хэл ам хийж “Би ийм ч тийм ч ажилтай байсан. Онгоцоо даруй нисгэ” гэж уурлаж, үйлчилгээний ажилтнуудад нь гар хүрэхээ дөхсөн ичмээр үйл явдал болсон юм. Монголчуудын энэ адгуу зангийн талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.
-Ганц удаа бороо орж үер буухад, онгоцны нислэг саатахад л монголчуудын адгуу зан дотооддоо болоод олон улсын хэмжээнд ингэж илэрч байна. Монголчууд яагаад ийм адгуу болчихсон юм бэ. Энэ зан нь төрөлх үү, олдмол юм уу?
-Монголчуудын сэтгэл зүйн өвөрмөц байдлын тухайд авч үзвэл уг нь бид чинь тийм ч айхавтар түргэн, шуурхай, яаруу, адгуу хүмүүс биш байхгүй юу. Аажуу, тайван, юмыг боддог гэдгээрээ дэлхийд тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсад ч бидний тэр сайн талыг харж үнэлэлт, дүгнэлтээ өгдөг. Хотын амьдрал, урбан соёл, хотжилттой холбоотойгоор амьдралын төлөвлөгөөгөө зөв гаргаагүйгээс юманд яарч сандардаг. Гэтэл монголчууд маань үүн дээр “Яарвал даарна” гэдэг үгтэй. Яарсан юм болгон бурууддаг. Тиймээс юманд аажуу уужуу, тайван ханд гэдгийг нэг нэгэндээ хэлдэг. Ялангуяа ахмад настнууд энэ үгийг хэлж залуучуудаа сургадаг. Харьцангуй сүүлийн үед “Яарвал даарна” гэдэг үг маань алдагдаад байна. Монгол хүн яаруу, адгуу юу гэвэл би үгүй гэж хэлнэ. Энэ нь эргээд амьдарч байгаа орчин, дэд бүтэцтэй тодорхой хэмжээгээр холбоотой. Хүн тодорхой нэг шийдвэр гаргахдаа төлөвлөх, нөгөө талдаа эрсдэлийг тооцох гэдэг хоёр юмыг тооцоолж байж үйлдлээ хийх хэрэгтэй. Таны дурдсан дээрх хоёр тохиолдол дээр “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдгээр тэр буруу үйлдэл гаргаад байгаа хүмүүст туслах, зөв үү буруу юу гэдгийг нь шүүн тунгаах, хоорондоо ярилцах боломж нь яагаад байсангүй вэ гэж би мэргэжлийн хүний хувьд харж байна. Яагаад “Замд гарвал аюултай, эрсдэлтэй шүү” гэж хэн нэгэн нь хэлсэнгүй вэ. Жишээлбэл, Хонконгийн онгоцны буудал дээр зохисгүй зан гаргасан тэр хүнийг тодорхой хэмжээгээр яагаад тайвшруулсангүй вэ. Адгуу зан гаргаж байгаа тэр хүний хажууд байгаа хүмүүс тухайн хүнийг үнэлээд “Замд гарвал ингэнэ, тэгнэ” гэж хэлэх ёстой байсан. Нөгөө талдаа нийтийн нэгэндээ тавьж байгаа өгөх соёл буюу хоорондоо ярилцах гэдэг юм нь дутагдалтай байгаа байхгүй юу. Нэгийгээ яараад явж байхад тодорхой хэмжээгээр тайвшруулах, сэтгэл санааг нь хуваалцах нь маш чухал. Яаралтай ажил ч юм уу, тайван ажил байсан ч яарах тийм тохиолдлууд хүн болгоны онцлог нөхцөлүүдээс хамаарч өөр өөр байна л даа.
-Гэрлэн дохион дээр зогсч байхад ногоон гэрэл асав уу үгүй юу араас дуут дохиогоо хангинуулдаг нь ямар учиртай юм бол. Яг юунд тэгтлээ яараад байгаа юм бэ. АТМ дээр дугаарлаж байхад бүгд зэрэгцэж ирээд дэлгэцийг нь хараад зогсчихдог. Ийм жишээ яривал дуусахгүй шүү?
-Яараад байгаа нь юутай холбоотой вэ гэхээр нэгдүгээрт, хотжилт, дэд бүтэцтэй холбоотой. Хоёрдугаарт, хүний сэтгэл зүйн тайван, тогтвортой байдалтай холбоотой. Стресс өндөр байх тусам юманд адгах нь нэмэгддэг. Стресстэй байгаагийн нэг шинж нь юунд ч юм, яагаад ч юм яараад байдаг. Гэтэл үнэндээ яараад байх юм байхгүй байхад тэр нь өөрт нь суугаад рефлекс болчихоод байна гэж үзэхээр байгаа юм. Тийм учраас адгаж байгаа. Гэрэл дохио асаагүй байхад машинаа ухасхийлгэж хөдөлгөх, ногоон гэрэл асангуут дохиогоо дуугаргаж байна гэдэг чинь тэр хүн стресстэй бөгөөд өөрийнхөө үйлдлийг хянах чадвар нь бага байна гэж тодорхойлогдоно.
Монголчууд ингэдэг шүү дээ. Онгоц газардаж бүрэн зогсоогүй байхад л бүгд босоод зогсчихдог. Тэгээд л шамбааралдаад, дээрээс гар тээшээ авах гэж зүтгээд эхэлдэг. Тэгснээ онгоцноос буугаад ачаагаа авангуутаа л тамхиа татаад онгоцны буудлын үүдэн дээр тайван зогсчихдог. Энэ чинь юу вэ гэхээр, яарах юм байхгүй байхад тэр хүн сэтгэл санааны хувьд тогтвортой байдал нь бага байна гэсэн үг. Бид нийтээрээ тийм стресстэй байх магадлал өндөр байна.
-Нийтээрээ адгуу гэчихээр бас учир дутагдалтай болчихно?
-Нийтэд нь хамруулахад хэцүү. Нөгөө талдаа үүнийг нарийн судлах ёстой. Орон нутагт адгуу байдал ямар байгаа юм, хотод ямар байна гэдгийг судлах хэрэгтэй. Зам хаалаа гэхэд орон нутгаас хот руу гарсан машинуудын хэдэн хувь нь анхааруулга сонсоод буцаад явчихаж байгаа юм. Хот талдаа амьдардаг хүмүүс нь орон нутаг руу гарна гэж хэр зэрэг зүтгээд байгаа юм гэдэг иймэрхүү ялгаанууд бас ажиглагдаж болохоор байна. Үүнийг судлах хэрэгцээ, шаардлага байгаа юм.
-Адгуу зантай хүмүүст ямар зөвлөгөө хэрэг болох вэ. Та мэргэжлийн хүний хувьд зөвлөвөл?
-“Яарвал даарна” гэдгийг их сайн бодолцооч ээ, бүх юманд. Амьдралдаа ч байна уу, ажилдаа ч байна уу, гэр лүүгээ харихдаа ч байна уу бүгдэд нь “Яарвал даарна” гэдгийг сана. Настай хүмүүс маань “Сайн явж ирэв үү” гэж мэндчилдэг. Түүнээс биш “Чи хурдан явж ирэв үү” гэж хэлдэггүй. Тэгэхээр үүн дээр бид нэгдсэн тийм бодолтой, яарснаар ямарваа асуудлыг шийддэггүй. Яарах нь шийдэх гарц биш. Тиймээс өөрөө өөрийнхөө тайван байдлыг бодож үзэх хэрэгтэй. “Би чинь ингэхэд юу руу яараад байгаа билээ, юунд яарч байна вэ” гэж дотор сэтгэл рүүгээ өнгийж үзэх хэрэгтэй байх нь. Хэрвээ тэр хүн тайван бус, тогтворгүй байвал мэргэжлийн хүнд хандах боломж нь нээлттэй. Монголд, ялангуяа Улаанбаатарт сэтгэл зүйн олон төв байна. Мэргэжлийн хүмүүстэй очиж уулзаад өөрийгөө юунаас болоод ингээд байгаа вэ гэдэг шалтгаанаа олж гаргаж ирэх бололцоо нь бий.
-Олон нийтийн дунд адгуу зан гаргаж байгаа хүн дээр очоод зөвлөгөө өгвөл хэл амаар доромжлуулахаас эхлүүлээд бүр зодуулж ч мэднэ. Хэрвээ тийм хүнтэй таарвал, тийм хүмүүстэй хамт ажилладаг бол яаж харьцах хэрэгтэй вэ. Адгуу хүний дэргэд байгаа хүмүүс юу хийх ёстой вэ?
-Нэгдүгээрт, өөрийнхөө тайван байдлыг хангасан нь дээр. Тэр хүнээс хамаарч өөрөө стресстэх шаардлага байхгүй. Юманд наанатай цаанатай хандана гэдэг шиг “Энэ хүнд магадгүй шалтгаан байсан юм байлгүй дээ”, “Энэ хүн стресстэй байгаа юм байлгүй дээ” гэсэн өршөөх сэтгэлтэй байх хэрэгтэй. Замын хөдөлгөөнд оролцож байгаад нэгнийхээ машиныг жаахан шүргэхэд л бууж ирээд заамдалцаж авахад бэлэн явж байна. Энэ нь стресс өндөр гэдгийг харуулж байгаа юм. Нэгдүгээрт, тэр хүнийг өршөөгөөд дараа нь та өөрөө яаж тайвшрах вэ гэдэг арга замаа олсон нь дээр. Хэрвээ тэр хүнтэй харьцах боломж байвал “Уучлаарай, та жаахан бухимдалтай байх шиг байна аа. Үүн дээрээ илүү тайван байвал ямар вэ” гэж тэр хүндээ бид зөвлөмж өгөхгүй бол хүнийг яахав, яахав гээд орхих тусам стресстэй байдал нь нэмэгддэнэ. “Хүн намайг ингэж хэлж байгаа юм чинь би нээрэн юу болоод байна” гэж бодох сэтгэлийг нэг нэгэндээ бага өгөөд байна л даа. Уг нь нийгэм гэдэг чинь тэр дохионуудыг тодорхой хэмжээнд өгч байх ёстой байхгүй юу. Хэт буруу үйлдэл гэнэт яагаад гардаг вэ гэхээр, тэр хүн буруу үйлдлийнхээ хариуд тодорхой хэмжээний шийтгэл буюу ядаж үгээр “Чи буруу байна шүү” гэдгийг сонсоогүй хүн “Ийм үйлдэл гаргаад байж болох юм байна” гэж ойлгоод үйлдлээ улам давтаад байдаг. Үүнийг л сайн ойлгох ёстой.
-Япончууд эмх цэгцтэй дугаарлаж зогсч байгаад бүгд Далай ламаас адис авчихсан байхад монголчууд ямар ч эмх замбараагүй зүтгэж, дайрч хоорондоо тэмцэлдэж хашгиралдсанаас цагдаа нарын анхааралд өртөж эхний хэдэн хүн нь л Далай ламтай уулзаж чадсан байдаг. Энэ мэтээр монголчууд бид адгуу зангаасаа болж олон зүйл дээр хохирч байна?
-Адгуу зан, яаралтыг давж гарах хамгийн шилэгдсэн арга бол төлөвлөлт байхгүй юу. Зөв төлөвлөгөөтэй хүн юманд яарахгүй. Яарч байгаа хүний эрсдэл гаргах хувь нь нэмэгдэнэ. Өөрөө өөрийнхөө амьдралыг бид маш зөв төлөвлөх хэрэгтэй болж байгаа юм. Угаасаа Улаанбаатарын амьдрал, Улаанбаатарын түгжрэл ямар билээ гэдгийг бид бүгдээрээ л мэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэнд өөрөө өөрийгөө зориулж, төлөвлөх ёстой. Энэ бол хамгийн чухал арга байхгүй юу. Түүнээс биш буруу үйлдэл гаргасных нь дараа тайвшруулах нь дараагийн арга хэмжээ болчихож байгаа юм. Зөв төлөвлөснөөр юманд яарахгүй, аажуу тайван очих, эсвэл тэгж ажиллах, тэгж сурч хөдөлмөрлөх боломжийг бид өөрсдөдөө бүрдүүлнэ. Магадгүй яарсан хүнтэй таарах, машин барьж яарч яваа хүнтэй мөргөлдөх ч гэдэг юм уу, эсвэл тийм хүн таныг мөрлөснөөс үүдэж сэтгэл зүйн тайван байдал тань алдагдвал магадгүй та бас адилхан сэтгэл зүйн хувьд тогтворгүй байна аа гэдэг шинж тэмдэг байхгүй юу. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй байгаа хүнийг дагаж хямрах биш, өөрөө харин тэрэндээ тайван байх, юмаа зөв төлөвлөх гэдэг чинь л хамгийн шилдэг арга. Хүн яарснаараа хэзээ ч сайхан харагддаггүй, хэзээ ч мэргэжлийн байдаггүй. Эргээд алдаа, эрсдэл гаргах байдал нь нэмэгддэг.
-Замын хөдөлгөөнд оролцохдоо улаан галзуу дайрч, урдуураа машин оруулахгүй зүтгэдэг хүмүүс яарч давхиад гэртээ очоод удирдлагаа бариад буйдан дээрээ хэвтчихдэг. Ийм чухал биш юманд яарах хэрэг байна уу. Энэ их ойлгомжгүй?
-Юунд яараад байгаа вэ гэдгээ мэдэхгүйгээр үйлдлүүд гаргаад байна шүү дээ. Энэ нь зуршил шиг болж, тийм л байх ёстой юм шигээр, юу руу ч галзуу юм шиг зүтгэж, тайван байж чаддаггүй болчихдог. Суусан ч гэсэн хөл, гараа байнга савчиж байдаг. Байнга л утсаа оролдож, эргүүлдээд байдаг. Энэ чинь ерөөсөө тайван бус байгааг харуулж байгаа юм. Тайван байгаа хүний чинь бие эрхтэн нь хүртэл тайван байна биз дээ. Ер нь бүгд нийтээрээ л тайван бус байна. Нэг газраа тогтвортой сууж чадахгүй, хөлөө савчиж, байсхийгээд утсаа гаргаж ирээд эргүүлдэнэ. “Чи юунд яараад байгаа юм” гэхээр “Яараагүй ээ, яараагүй ээ” гээд л хөлөө савчаад байдаг. Бүгдээрээ нийтээрээ татганаад. Сэтгэл дотор байгаа нэг тийм хэлбэлзэл нь мөнхийн л нэг савчсан, татганасан байна л гэсэн үг байхгүй юу. Тиймээс сэтгэлээ хуваалцах, дотор байгаа мэдрэмжүүдээ хуваалцах гэдэг нь маш чухал болоод байна.