Categories
мэдээ нийгэм

АТГ-аас 2019 ОНЫ 6 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭВ

АТГ-ын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлын илэрхийлэл болгож, сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Энэ удаа 2019 оны 6 дугаар сард хийсэн ажлын талаар мэдээллээ. Хэвлэлийн хуралд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр зөвлөмж хүргүүлэв

Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, авлигын гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн буюу гарч болзошгүй шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчөөс хүргүүлсэн мэдэгдлийн мөрөөр тухайн байгууллагад авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц байдлыг хянан үздэг. 2019 оны эхний хагас жилийн байдлаар 17 байгууллагад авлигын гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг арилгах талаар мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд 6 дугаар сард Авто тээврийн үндэсний төв, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлсэн мэдэгдлийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцав.

Зарим байгууллагын хувьд гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа хэдий ч нийтлэг байдлаар шалтгаан, нөхцөлийг бодитой арилгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь хэлбэрийн төдий байгаагаас шалтгаалж, албан тушаалтан авлига, ашиг сонирхлын зөрчлийг давтан гаргах, авлигын гэмт хэрэгт өртөх эрсдэл өндөр хэвээр байна. Тухайлбал, 2017-2019 оны байдлаар иргэд, аж ахуйн нэгжээс Автотээврийн үндэсний төвийн албан тушаалтнуудад холбогдох авлигын гэмт хэргийн шинжтэй 10 гаруй гомдол, мэдээлэл бүртгэгдэж шалгагдсанаас 5 албан тушаалтан шүүхээр ял шийтгүүлсэн байна. Иймд авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөлийг арилгахад байгууллагын удирдлагын хүсэл зориг, хүчин чармайлтыг нэмэгдүүлж, идэвхи санаачилгатай байх, хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих, авлига, ашиг сонирхлын зөрчилд өртсөн албан хаагчийн бүртгэл хөтлөлт, мэдээллийн сан бий болгох, ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх зөвлөмжийг АТҮТ-д хүргүүллээ.

Мэдээллийн ил тод байдал хангалтгүй, олон шат дамжлага, хяналтгүй үйл ажиллагаа нь авлигын гэмт хэрэг гарах шалтгаан болсон байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс эрүүл мэндийн салбар дахь эрх, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой хүнд суртал, авлигын эрсдэл, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоож арилгах, цаашид эрх, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой гэмт хэрэг, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажиллав. Уг ажлын хүрээнд тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, үйлчилгээ авахад гарч буй хүндрэл бэрхшээл, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт, хяналтын тогтолцоо, тухайн асуудлыг хариуцсан албан тушаалтнуудын харилцаа, хандлага, ёс зүй болон авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөлийн талаар ярилцаж, санал хүсэлт, гомдлыг хүлээн авч судлан үзэв.

Иргэн, аж ахуйн нэгжийн зүгээс тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хаалттай, ил тод биш, шат дамжлага ихтэй, цаг хугацаа их шаарддаг, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа эрхэлж байгаа албан тушаалтнууд мэдээ, мэдээлэл дутмаг өгдөг, үл ялих зүйлээр шалтаглаж олон дахин явуулж чирэгдэл учруулдаг зэрэг асуудал авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлдөг гэж үзсэн. Түүнчлэн тус салбарт тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам нь хүнд суртал, чирэгдэл, авлигын эрсдэл үүсгэх эрсдэлтэй, үйл ажиллагааны шат дамжлага, хяналтын тогтолцоо муу зэрэг урьдчилсан нөхцөл тогтоогдсон. Зарим нэмэлт ажлууд гарсан учир үргэлжлүүлэн шалгаж байна. Эцэслэн дууссаны дараа дээр дурдсан шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр холбогдох байгууллагад зөвлөмж хүргүүлнэ.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлэг, Гэмтэл согогийн үндэсний төв, Өргөө амаржих газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төвүүдэд мөн ажиллав. Ийнхүү ажиллахдаа дээр дурдсан эмнэлгээр үйлчлүүлж, эмнэлгийн үйлчилгээ авсан иргэдтэй уулзаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад гарч буй хүндрэл бэрхшээл, дараалал, эмч нарын харилцаа, хүнд суртал, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, мэдээллийн хүртээмж, төлбөр, хураамж зэрэг асуудлаар ярилцаж, санал хүсэлтүүдийг багцлан 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр АТГ-ын Олон нийтийн төвд болсон судалгааны дүнг танилцуулах уулзалтын үеэр хийв. Үүний зорилго нь цаашид учирч буй хүндрэлийг засаж залруулах, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгахад эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай хамтран ажиллахад оршино.

Нийтийн албан тушаалтнуудад зориулсан авлигын эсрэг сургалт хийв

Нийтийн албан тушаалтнуудад зориулсан авлигын эсрэг бүтэн өдрийн хөтөлбөрт сургалтыг Олон нийтийн төвд 10 удаа зохион байгуулж 734 албан хаагчийг хамруулсан байна. Мөн АТГ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтран “Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа” арга хэмжээг Орхон аймаг дахь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрын удирдлага, албан хаагч 160 хүнийг хамруулан зохион байгууллаа.

Хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулав

“Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хүрээнд эрх бүхий албан тушаалтнуудаас ирүүлсэн мэдээлэл, шийдвэрийг хүлээн авч, нэгдсэн сан үүсгэв. Сахилгын шийтгэл ногдуулсан талаар нийтэд мэдээлэх үүргээ хугацаандаа биелүүлээгүй байгууллагуудад АТГ-аас төрийн байгууллагуудад журмын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар яаралтай арга хэмжээ авч ирүүлэхийг үүрэг болгосон.

Тухайн салбарын болон байгууллага, мэргэжлийн онцлогт тохирсон ёс зүйн дүрмийг батлан, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэрэгт холбогдох эрсдэлийг бууруулах өндөр ач холбогдолтой байдаг.

Төрийн байгууллагууд Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9-д заасны дагуу тухайн салбарын албан хаагчийн ёс зүйн дүрмийг батлан гаргахын өмнө АТГ-аас санал авах үүрэгтэй. Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор болон Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан байдаг. Дээрх заалтын дагуу Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг батлан мөрдөж байна. Уг дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “…тухайн салбар, байгууллагын чиг үүргийн онцлогийг харгалзан албан хаагчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлж болно” гэж заажээ. Зарим төрийн байгууллагуудын ёс зүйн дүрмийн төслийг хянан үзэхэд тухайн салбарын албан хаагчийн ёс зүйн шинж, онцлогийг тусгахгүйгээр хэт ерөнхий, хүлээлгэх хариуцлага болон авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх талаар тодорхой дурдаагүй, хэрэгжүүлэхэд хийдэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн байгааг анхааруулж, дахин боловсруулах тухай хариуг өгсөн байна.

Хамтарсан уриалга гарган ажиллаж байна

Шударга ёс, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх ажлыг Боловсрол, соёл, шинжлэх спортын яамтай хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд АТГ, БСШУСЯ хамтран боловсрол, соёл урлаг, спортын салбарынханд хандан соён гэгээрүүлэх ажлыг хэрэгжүүлэгч нь байх уриалгыг гаргасан. Энэхүү уриалгыг Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит 26 сургуулийн захирал, 48 цэцэрлэгийн эрхлэгч нар, Хан-Уул дүүргийн 18 сургуулийн захирал, 29 цэцэрлэгийн эрхлэгч нар дэмжиж багш, сурган хүмүүжүүлэгч хүмүүс нийгэмд соёл, шударга ёсыг түгээгч байж, манлайлал, зөв үлгэр дуурайлаараа эргэн тойрондоо нөлөөлж байх ёстой гэлээ. Бусад байгууллага, хамт олныг ч энэхүү уриалгад нэгдэн хүн бүр, иргэн бүр соён гэгээрүүлэгч байж, нийгмийн буруу хандлага, сэтгэлгээг өөрчлөх ажлыг дор бүрнээ хийхийг уриалж байна.

Иргэний хяналтын төв, авлигын талаарх гомдол мэдээлэл хүлээн авах утас ажиллаж байна

Иргэд, олон нийтээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг, хүнд сурталтай төрийн үйлчилгээний талаар гомдол мэдээлэл хүлээн авах 1800-1969 утсыг ажиллуулж, Нийслэлийн ГХУСАЗЗ-тэй хамтран Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний 4 төвд Иргэний хяналтын төвийг ажиллуулж байна. Зургаадугаар сард 1800-1969 утсаар нийт 29 гомдол, мэдээллийг хүлээн авсан. Нэгдсэн төвөөр дамжуулан нийт 5 өргөдөл, гомдол хүлээн авч, 16 хүнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, 100 гаруй хүнд гарын авлага, тараах материал түүгээсэн байна.

Авлигын эрсдэлийн үнэлгээний тайланг танилцууллаа

АТГ-аас улсын нэг, хоёрдугаар эмнэлэг, Халдвар судлалын үндэсний төв зэрэг төрийн өмчийн эмнэлгүүд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр, МУИС, МУБИС зэрэг төрийн өмчийн их сургуулиудад 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр авлигын эрсдэлийн үнэлгээний тайланг танилцуулж, хэлэлцүүллээ.

Авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлсэн бөгөөд энэ нь тус газраас иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах нэг хэлбэр болдог. Цаашид ч мөн мэргэжлийн төрийн бус байгууллагуудтай энэ маягаар хамтран ажиллах болно.

Авлигын эрсдэлийн үнэлгээ нь тухайн байгууллагад авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах чиглэл баримжаа тогтоох чухал ач холбогдолтой юм. Тиймээс үнэлгээний үр дүнг танилцуулсны дараа тухайн байгууллагуудад авлигын эрсдэлийг бууруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг АТГ-аас зохион байгуулах болно.

Төрийн байгууллагууд цаашдын авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өөрсдийн санал, санаачилгаар авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу эрсдэлээ үнэлж, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явагдах шалтгаан, нөхцөлийг тодорхойлж тэрхүү эрсдэлээс сэргийлэх, эрсдэлийг бууруулах, арилгахад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвших шаардлагатай байна.

Үнэлгээнд хамрагдсан байгууллагууд:

Эмнэлгүүд:

  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг
  • Нийслэл Өргөө амаржих газар
  • Шастины нэрэмжилт гуравдугаар төв эмнэлэг
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв
  • Гэмтэл согог судлалын үндэсний төв

Сургуулиуд:

  • МУИС
  • МУБИС
  • АШУҮИС

Төрийн өмчит компани:

  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
  • Авто тээврийн үндэсний төв
  • Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл
  • МИАТ ТӨХК
  • Монгол шуудан ТӨХК
  • Хөдөө аж ахуйн бирж ТӨХК

Шинээр томилогдсон албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэж авав

Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлийн дагуу тус газарт мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх үүрэгтэй УИХ, Засгийн газраас томилогдсон нийт 5 албан тушаалтны ХАСХОМ-ийг 30 хоногийн дотор бүртгэн хүлээн авлаа. /УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат, Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх мэт/

Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагын 81 байгууллагын цахим сайтад мөн 8 аймгийн орон нутгийн ТВ-ээр Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ашиг сонирхлын зөрчил, ХАСХОМ, ХАСУМ-ийн талаарх шторк, харандааны зураглал, 3 төрлийн шторк, сурталчилгааг /зохиомжит промо/ нэвтрүүлж иргэд, олон нийтэд авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх ойлголт мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын удирдах албан тушаалтан, эрх бүхий албан тушаалтныг чадавхижуулах чиглэлээр Цагдаагийн ерөнхий газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, Тээврийн прокурор гэх мэт байгууллагын 350 гаруй албан тушаалтанд сургалт зохион байгуулсан байна.

23 албан тушаалтны мэдүүлгийг хянан шалгав

Тайлант хугацаанд тус хэлтэст нийт 23 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж шийдвэрлэсэн байна.

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар 4 албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон. Үүнд:

  • “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Хэрэглэгчийн үйлчилгээ борлуулалтын газрын дарга Г.Тэмүүлээ
  • Дорнод аймаг дахь Монголбанкны салбарын захирал Х.Алтангэрэл
  • Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн
  • Монголбанкны Хяналт шалгалтын газрын Банкны бодлого, бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн хянан шалгагч О.Мөнгөнтуяа

Дээр дурдсан албан тушаалтнуудаас Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасны дагуу 1 албан тушаалтанд ажлаас халах, 1 албан тушаалтанд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, 2 албан тушаалтанд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1-д заасны дагуу сануулах арга хэмжээ тооцуулахаар албан бичгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 962 иргэний мэдүүлгийг хянан шийдвэрлэв

Тус хэлтэс өнгөрсөн 1 сарын хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 914 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авсан бөгөөд (өмнөх сарын үлдэгдэл орсон) 962 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна.

Шинээр хүлээн авсан
Өнгөрсөн 1 сард хянан шийдвэрлэсэн- 962
Ажиллагааны үлдэгдэл
Илт зөрчилтэй
Зөрчилгүй
Буцаасан
Анхааруулсан
174
914
6
738
24
48

Илт зөрчилтэй-6

  • Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Ц.Санчин
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн М.Ганбаатар
  • Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Ж.Доржпүрэв
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Д.Үлэмж
  • Багануур дулааны станц ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшсэн Л.Гэндэнсүрэн
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын удмын сангийн үндэсний төвийн захирлаар томилогдохоор нэр дэвшсэн П.Ганхуяг

нарыг тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй талаар хариуг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн.

Иргэдээс ирүүлсэн 107 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэжээ

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь өнгөрсөн 1 сарын хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч, 107 өргөдөл, гомдлыг (өмнөх сарын үлдэгдэл орсон) мөн хугацаанд хянан шийдвэрлэсэн байна.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн хяналт шалгалтын ажиллагаа явуулж хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна.

Түүнчлэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн нь тогтоогдсон 4 албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлээд байна.

Эрүүгийн 21 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 6 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 18 гомдол, мэдээлэл буюу 26.5 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 32 гомдол, мэдээлэл буюу 47.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 буюу 1.5 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоо 17 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 75.0 хувьтай байна.

Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 68 гомдлын 48 буюу 70.6 хувийг Улаанбаатар, 20 буюу 29.4 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 6 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 503 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 21 буюу шалгасан хэргийн 4.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 57 буюу шалгасан хэргийн 11.3 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 9 буюу шалгасан хэргийн 1.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 416 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 365 хэрэг, мөрдөн байцаалтын 51 хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 17.3 хувийг шийдвэрлэсэн.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаарх мэдээллийг олон нийтийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, төрийн болон албаны тухай хууль, хувь хүний нууцын тухай хууль, УЕПГ-аас гаргасан аргачилсан заавар, журмыг баримтлан мэдээлэл өгөх шаардлагатай бөгөөд тодорхой нэг иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн нэрийг шууд зарлах боломжгүй болохыг анхааруулъя.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *