Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ном ярьж өгье: Долоо дахь анч нохой


Хятадын хүүхдийн зохиолч Шэнь Шисигийн “Долоо дахь анч нохой” өгүүллэгийн түүврийг уншсанаа тоймлон ярьж өгье. Энэхүү ном нь чоно, нохой, цөөврийн тухай найман өгүүллэгтэй. Эдгээр өгүүллэгүүд нь Хятад, Тайванийн хүүхдийн шилдэг бүтээлээр удаа дараа шалгарч байжээ. Зохиолч Шэнь Шиси байгаль, ан амьтанд бүх зүрх сэтгэлээ зориулдаг нэгэн. Тийм ч болохоор бүх зохиол бүтээлийнх нь гол дүр ямар нэгэн амьтан байдаг.

Номын эхний хэсгээс чонын тухай гурван өгүүллэгийг уншихад чоно гэж чухам ямар амьтан болох, хаагуур нутагладаг, хоол тэжээл нь ямар вэ гэх зэрэг баримтуудыг оруулж өгчээ. Энэ нь зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй томчууд ч мэдэхэд илүүдэхгүй сонирхолтой санагдсан. Ялангуяа чонын тухай түүхүүд нэн сонирхол татна. Чоно цадаад хэвлийгээ долоодог, нохойн төрлийн амьтан хэвтээд өгсөн бол дайрахгүй нь тодорхой, чоно сүүлээ өргөх нь хазахын дохио гэх зэрэг баримтуудыг мэдүүштэй. Азарган чоно ямар ч үед хээлтэй эмэгчнээ хаяж явдаггүй, хажууд нь тэжээн тэтгэсээр төрүүлдгээрээ бусад араатан амьтдаас ялгардаг. Үүний нууцыг амьтан судлаачид одоог хүртэл тайлж чадаагүй байгаа гэх юм билээ.

Цаашлаад хүн төрөлхтний үнэнч анд болох нохойны тухай гурван өгүүллэг бий. Нохой гэдэг амьтан хэзээнээсээ л хүнд ээлтэй байж, хүнтэй хамгийн ойр амьдарч ирсэн. Үнэнч, аюул ослыг урьдчилан мэдэж сэргийлж чаддаг, эзнийхээ эд хөрөнгийг сахин хамгаалахдаа гаргууд учир нохойг хүмүүс тэжээдэг. Нохой бол хүмүүсийн хамгийн анх гаршуулсан амьтан төдийгүй одоо үед анч, цагдаа, хоньч гээд олон төрлөөр сурган, өдөр тутмын амьдрал ахуйдаа оролцуулж байна. Ялангуяа нүүдэлчин монголчуудын амьдралыг хоточ нохойгүйгээр төсөөлөхийн аргагүй. Эл амьтан хэдий ач тустай ч гэлээ хүмүүс тэр бүр саймшраад байдаггүй. Хараахдаа хүртэл “муу нохой” гэдэг шүү дээ. Тэгвэл ийм ойлголт ганц манай Монголд ч биш, Хятадад бас байдаг байх нь.

Нохойны тухай мэдэж авсны дараа цөөвөр чонын тухай хоёр өгүүллэгийг уншихад мөн л энэ амьтны талаарх сонирхолтой баримтууд төгсгөлд нь бий. Цөөврүүд хамгийн багадаа арав, ихдээ зуугаараа нийлж сүрэглэн амьдардаг. Чоно өлсөж үхэхийн даваан дээр дорд орсон нэгийгээ барьж идэх тохиолдол байдаг бол цөөврүүд ийм үйлдэл гаргавал сүргээсээ хөөгдөнө. Сүрэггүй болно гэдэг нь ганцаараа амьд оршин тогтнох боломж тун хомс болж байна гэсэн үг. Түүнчлэн нэгнээ барьж идэх нь гутамшигтай зүйл гэж үздэг бололтой. Энэ мэт олон сонирхолтой баримтуудыг мэдэж авахаас гадна таны хүүхэд байгаль дэлхийгээ сүйтгэх биш хайрлах, ан амьтдыг агнах биш хамгаалах нь зүйтэй гэдгийг ухамсарлах болов уу. Хүн төрөлхтөн энэ дэлхийг ганцаараа эзэгнэх гэж ирээгүй, байгаль эхийн өгсөн бүгдийг амьтай бүхэн хуваан хүртэх хуультай гэдгийг ойлгох цаг хэдийнэ болсон санагддаг.

А.МӨНХЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *