Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүд тус намын дарга С.Эрдэнийг огцрохыг шаардаж буй тухай мэдээлэл хийлээ.
Зургаан сарын өмнө 20 хувьтай байсан намын рейтинг одоо 7 хувь болтлоо буурч, намын 180 мянган гишүүн, мянга мянган дэмжигчийн итгэлийг хөсөрдүүлсэн нь АН-ын удирдлагын буруу бодлого, шийдвэрээс шалтгаалсан гэж үзжээ. Анхан, дунд шатны намуудад хөндлөнгөөс оролцон СХД-ийн АН-ын даргад Д.Батцогтыг элсүүлэх гэсэн, намын гишүүдийн саналаар сонгогдсон даргыг үндэслэлгүйгээр ажлаас нь огцруулсан, УИХ дахь намын хоёр гишүүнийг намаас хөөсөн зэргээс үүдэн АН-ын дарга С.Эрдэнийг огцрохыг шаардлаа. Мөн С.Эрдэнийг намын Үндсэн дүрмийн шинэчлэл хийн ажлын хэсгийн баталсан заалтыг өөртөө тохируулан хассан гэв.
СХД-ийн АН-ын гишүүн Т.Төрмөнх “АН бол үзэл баримтлал тогтсон, итгэл үнэмшилтэй эрийн цээнд хүрсэн нам. Гэтэл С.Эрдэнийн үйлдэл намын ажлыг унтуулж, гацааж, муухай харагдуулж байна. Үүнээс болж намын рейтинг уналаа” гэсэн юм.
Э.АМИНАА