Өнөөдөр Төрийн ордны гадна лам нар УИХ-ын гишүүдэд зориулан Нолсан, Хийморийн сан, Дөрвөн уулын сан, Гандан лхавжий гэсэн номуудыг уншлаа. Тэд Төрийн ордны баруун хаалган дээр ном уншиж, арц, хомоол уугиулж сан тавьжээ.
Энэхүү ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдоржийг огцорхыг шаардаж буй жагсагчид зохион байгуулжээ. Хоёр долоо хоног үргэлжлэн тэмцэж буй уг жагсагчид Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг өөрчилсөн, түүний хүү Н.Анхбаярыг Австри улсад суух элчин сайдаар явуулахгүй байх зэрэг хэд хэдэн шалтгаан хэлж байгаа.
Жагсагчид жагсаал хийх ямар нэг зөвшөөрөл аваагүй учраас жагсаал зохион байгуулагчдыг тарааж тэдний уугиулсан арц хомоолыг төрийн тусгай албаныхан унтраасан юм.