Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Халхын голын ойг тэмдэглэх гэж хамаг байдгаа барах хэрэг байгаа юм уу

Халхын голын тулалдааны 80 жилийн ой энэ жил тохиож байгаа. Манайхан ОХУ-тай хамтран 80 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэх гэж эрвийх дэрвийхээрээ хэрэндээ л хичээж байх шиг байна. Халхын голын тулалдааны түүхт ойн баярт оросууд ч ихээхэн ач холбогдол өгч байгаа. Тулалдаан болсон Халх гол орчим, Сүмбэр суманд их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй. Шинэ сум төслийг уг суманд хэрэгжүүлэх болсноо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулж, улмаар ОХУ-ын тал 10 орчим сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг шийдвэрлэж өгчээ. “Роснефть” нийгэмлэгийнхэн Халх гол сумын бүтээн байгуулалтад найман сая евро хандивлах болсноо мэдэгдэж, дайны талбарт боссон хөшөө дурсгалыг сэргээн засварлах ажил хийж эхлээд буй. Энэ мэт уг ойн баярыг угтсан нүсэр ажил Дорнод нутагт цагтай уралдан өрнөж байна.

ХАЛХЫНГОЛЫНТУЛАЛДААНЫ ТАЛААР…

Халхын голын тулалдааны тухай хүмүүс янз бүрээр ярьдаг. Гэхдээ Японы эзлэн түрэмгийлэгчид манай орон руу халдан довтолсон, ЗХУ-ын цэрэг, зэвсгийн тусламжтайгаар дайснуудыг таслан зогсоосон гэсэн ягшмал ойлголт олонход нь бий. Мөн Монгол Улс дэлхий нийтэд тусгаар тогтнолоо зарлан тунхаглахад Халхын голын дайн ихээхэн нөлөөлсөн ч гэдэг. Ийм үзэл суртлыг олон жилийн турш иргэдийн оюун санаанд нөлөөлөхүйц хэмжээнд бодлоготойгоор явуулж ирсэн. Тэгвэл орчин цагт энэ хэвшмэл ойлголт аажим аажмаар хувьсан өөрчлөгдөж байна. Жишээ нь, “Халх голын дайн том гүрнүүдийн геополитикийн тулгаралт байсан”, “Монголчуудад огт хамаагүй шахуу дайн байсан ч манай улсыг тулгаралтад хүчээр татан оролцуулсан” гэх мэт яриа цөөнгүй. Үүнийг үнэн гэдгийг баталсан байх магадлалтай нэг зүйл нь Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнгийн хэлсэн үг юм. Тэрээр “Орос, Япон хоёр дуртайгаараа хоорондоо байлдана л биз. Үүнд Манжго, манай Монгол хоёр ямар хамаатай юм” гэсэн байдаг. Ерөнхий сайд асан П.Гэндэн энэхүү алдартай үгээ хэлэхдээ халамцуу байсан гэдэг. Түүний энэ үгийг ойр дотны нэгэн нь ЗХУ-ын тухайн үеийн удирдагчдад матаж байсан ч гэдэг. Эрдэмтэн судлаачид П.Гэндэнгийн хэлсэн дээрх үгийг эш татан Халхын голын тулалдааны талаар өдгөө ярих нь элбэг. Түүнчлэн түүхчид Халхын голын дайн бол дэлхийн олон сая хүний амийг хөнөөж, олон зуун хотыг эвдлэн сүйтгэсэн гамшигт дэлхийн II дайны эхлэл байсан хэмээн үздэг. Ямар ч түүх домог, хэчнээн төрлийн яриа байлаа ч дайн болсон нь үнэн билээ.

Тулалдаанд 120-иод мянган хүн оролцсон, хоёр талын хүчний харьцаа ерөнхийдөө ойролцоо байсан гэдэг. Барагцаалсан тоогоор Орос, Монголын талаас 57 мянга, Япон, Манжийн талаас 60 мянга орчим цэрэг, дайчид уг байлдаанд оролцсон байдаг. Байлдааны үеэр амиа алдсан цэргүүдийн тоог нарийвчилж гаргаагүй байдаг ч дайны хөлд Монголын талаас 200-300 орчим хүн амь үрэгдсэн, ЗХУ-ын есөн мянга гаруй хүн алагдаж, 15 мянга гаруй хүн шархтаж, нийтдээ 27 мянга гаруй хүн ямар нэг хэмжээгээр хохирол амссан гэх баримт байдаг. Харин Япон улсын 7-8 мянган цэрэг амь насаа алдаж, нийтдээ уг байлдаанд 19714 хүний хохирол амссан гэх тоо бий.

Халхын голын тулалдааны түүхэн 80 жилийн ойг тэмдэглэхээр манай улс ОХУ-тай хамтран ажиллаж буй. Орос ах нар энэ ойд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь тодорхой. Бүр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад хүрэлцэн ирж, амиа алдсан цэргүүдийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Тэр үеэр танк, онгоц, буу зэвсгийн үзэсгэлэн дэлгэхээр зэхэж буй.Үүнтэй холбоотойгоор дайны талбар дээрээс олдсон зүйлсийг эрэн хайж байгаа, худалдаж авна гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрч байна. Ойтой холбоотой зохиогдох олон арван томоохон арга хэмжээний тов гараад байна. Гэхдээ оросууд манайд тэмдэглэн өнгөрүүлэх Халхын голын тулалдааны 80 жилийн ойн баярт яагаад ингэтлээ ач холбогдол өгч байгаа, цаанаа улс төрийн ямар ашиг сонирхол тээж байгааг хэн хэн маань одоохондоо ухаж ойлгоогүй л байна.Манайхан энэ асуудалд нөгөө л хүнээс юм гуйдаг ядуу хоосон зангаараа хандаж байгаа нь илт. Ойн баярыг ашиглан Орос ах нараас хэд гурван юм салгаад авчих санаатай гуяа алгадаж, хөөрч баярлалдан гүйлдэж буй өнөө л дүр зураг хаа сайгүй.

Эцсийн эцэст энэ үйл явдалд төр засгаас ингэтлээ ач холбогдол өгч, хөл алдан өргөн хүрээнд тэмдэглэх хэрэг байна уу. Энд Халх голд өрнөсөн тулалдааныг үгүйсгэж, харлуулах гэсэн бодол агуулаагүйгээ тодотгох хэрэгтэй. Харин энэ ойг тэмдэглэснээр гарч болох сөрөг үг дагавар байгааг шуудхан хэлэх нь зөв. Хамгийн наад зах нь Халхын голын тулалдааны 80 жилийн ойг тэмдэглэх нь орчин цагийн, даяаршсан дэлхий нийтийн өнгө аяст хэр таарч тохирч байгааг манай удирдлагууд ухамсарлаж байгаа болов уу. Мөн энэ арга хэмжээ манай улсын сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд маш эрчимтэй явуулж байгаа гуравдагч хөршийн бодлоготой хэр нийцэж байгаа бол. Дээр нь мартаж болохгүй нэг зүйл бол монголчууд сүүлийн 20 гаруй жил Японы ард түмний тусламж, дэмжлэгийг хэчнээн удаа, хэр хэмжээгээр авснаа бодох хэрэгтэй. Тэд манай оронтой найрсаг, сайхан харилцаатай байж, олон зүйлээр тусалж, салбар бүрт харамгүй хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Гэтэл тэр бүгдийг ор тас мартчихаад л зөвхөн нэг орны нөлөөнд хэт их автан хэн нэгнээс чихэр авчихаад учраа мэдэхгүй хөөрч, догдолж байгаа жаахан хүүхэд шиг байх нь хэр зохистой вэ. Өөрөөр хэлбэл, төр засгийн дэмжлэгтэй аливаа арга хэмжээ ардчилсан үзэл санаанд хор уршиг тарих зүйл болчих вий гэсэн болгоомжлол бидэнд байх ёстой. Одоогийн төлөвлөснөөр Халхын голын 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлбэл цаашид олон улс дахь нэр хүнд, бусад хамтын ажиллагаанд хор хөнөөл нь хэрхэн сүүдрээ тусгах вэ гэдгийг дахиад тооцоолоход буруудахгүй. Монгол, Орос стратегийн түншлэлтэй.Хойд хөрштэйгөө сайдаж, муудсаар нөхөрлөж яваа арвин их түүх бий. Монгол, Япон хоёр ч ялгаагүй. Стратегийн хувьд иж бүрэн түншилсэн. Манай улсын хувьд иж бүрэн түншилж байгаа улс орнуудынхаа харилцаанд сэв суулгачихгүй явах нарийн бодлого хэрэгтэй болсны хамгийн тод илрэл энэ ойн баяр болж таарлаа. Тиймээс улс орондоо хохиролгүйгээр ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь бидэнд хэрэгтэй, ашигтай.

Халхын голын тулалдааны 80 жилийн ойн баярыг тэмдэглэх гэж хамаг байдгаа барчихвий гэж гарчиг өгсөн нь зарцуулах хөрөнгө мөнгийг хэлсэнгүй. Төдийгөөс өдий хүртэл баримталж ирсэн олон тулгуурт бодлого, үзэл санаа, гуравдагч хөршийн бодлого зэрэг гадаад харилцаанд гаргаж чадсан багахан амжилтаа баллаад хаячихвий гэсэн зовнил юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *