Categories
мэдээ цаг-үе

А.Нямдолжин: Хоёр хөршийн харилцаа дотносч байгаа ийм үед манай улс “гуравдагч хөрш”-ийн бодлогодоо анхаарах ёстой

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D) А.Нямдолжинтой ярилцлаа.


-Петербургийн эдийн засгийн олон улсын чуулга уулзалтын эргэн тойронд их олон үйл явдал өрнөлөө. Энэ дундаас ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн харилцаа анхаарал татаж байна. Шинжээчдийн харж байгаа шиг манай хоёр хөрш илүү ойр, өргөн хүрээнд түншлээд эхэлчихэв үү?

-Тус чуулга уулзалтын өмнө буюу зургадугаар сарын 5-7-ны хооронд БНХАУ-ын дарга Си Жиньпиний ОХУ-д хийсэн төрийн айлчлал нь хоёр орны харилцааны чухал үед болж байгаагаараа онцлог айлчлал боллоо. Учир нь энэ онд ОХУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, түүнчлэн БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тус тус тохиож байна. Хоёр орны төрийн тэргүүнүүд энэ оны дөрөвдүгээр сард Бээжин хотноо болсон “Нэг бүс-нэг зам” олон улсын дээд хэмжээний хоёрдугаар чуулга уулзалтын үеэр уулзсан болон энэ удаагийн Си Жиньпиний айлчлал зэрэг нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцааны агуулга чанар нь дээшилж, харилцан ашиг сонирхлоо нөхөн, итгэлцлийн өндөр түвшинд шилжиж байгаагийн илрэл гэж харж байна. Онцлууштай зүйлийн нэг бол Орос, Хятадын худалдааны эргэлт өнгөрсөн онд 100 тэрбум ам.доллар давж, түүхэн дээд амжилт тогтоосон явдал юм. Энэ нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хамтын хүчин чармайлт болоод эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, сансар, агаарын тээвэр, зэвсэгт хүчин болон бусад салбарт хэрэгжүүлсэн хамтарсан томоохон төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн гэж хэлж болно. Хоёр орны төрийн тэргүүний энэ удаагийн уулзалтын үеэр хоёр улсын хооронд худалдааны 25 гэрээ хэлцэл байгуулан гарын үсэг зурж, хамтарсан хоёр мэдэгдэл гаргасан байна. Тухайлбал, “Шинэ үеийн стратегийн хамтын ажиллагаа, бүх талын түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурсан нь хоёр орны стратегийн түншлэлийг дараагийн түвшинд харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэгдэж байна.

-Манай хоёр хөршийн төрийн тэргүүнүүд бие биенээ их дотночилж, Си Жиньпин дарга дотны найзууд гэж зарлалаа. Ингэж дотночлох нь дипломат ёсонд юу гэж тайлбарлагддаг юм бол?

-ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев 2009 онд БНХАУ-д айлчлах үеэр “Орос, Хятадын харилцаа түүхэн дэх хамгийн өндөр цэгтээ хүрээд байна” гэж зарласнаас хойш хоёр орны төрийн тэргүүнүүд айлчлал бүртээ хоёр улсын ард түмний болон олон талт харилцаа хэрхэн гүнзгийрч байгаагаа илэрхийлсээр ирсэн. 2013 онд Си Жиньпин БНХАУ-ын даргаар сонгогдсоныхоо дараа анхны төрийн айлчлал хийх улсаараа ОХУ-ыг сонгож байлаа. Энэ удаа ч гэсэн хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн гэрч болон ОХУ-ыг зорьж ирсэн БНХАУ-ын дарга Си Жиньпин “Өнгөрсөн 70 жилийн хугацаанд ч гэсэн манай хоёр улс стратегийн түншүүд байсан. Харин одоо бол хоёр улсын харилцаа түүхэн дээд шатандаа хүрээд байгаа. Үүнээс гадна манай хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл нь олон улсын тавцан дээр нэгдсэн нэг байр суурь илэрхийлэхэд түлхэц болдог” хэмээн дурдаад “Ерөнхийлөгч Путинтэй ажил хэргийн нягт хэлхээ холбоо тогтоосон. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд бид хоёр бараг гучин удаа уулзсан. Орос улс миний хувьд гадаадын хамгийн их зорчдог улс, ерөнхийлөгч Путин бол дотнын найз, ажлын нөхөр” хэмээн хэлсэн. Ийнхүү Орос-Хятадын ойртолт нь орчин үеийн олон улсын харилцааны тод үзэгдэл яах аргагүй мөн. Учир шалтгаан нь юунд байна вэ гэвэл өнөөгийн Америк-Оросын болон Америк-Хятадын харилцааны сөргөлдөөнөөс үүдсэн гэж хэлж болох юм. Хоёр хөршийн дотносох явдал ийнхүү нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын хувьд гадаад бодлогын “гурав дахь хөршийн” асуудлаа эргэцүүлэн, түүнийгээ чангахан дуугаар илэрхийлэх учиртай.

-Орос, Хятадын хооронд 1907, 1908, 1910 онуудад удаа дараа хэлэлцээр хийж ирсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ингэж гэрээ хэлэлцээ хийх болгонд Монгол Улсад ямар нэг байдлаар эерэг болоод сөрөг нөлөө үзүүлж ирсэн. Тэр утгаар нь тодорхой хэмжээнд болгоомжлох ёстой гэсэн байр суурь сонсогдоод эхэллээ л дээ…?

-Орос, Хятадын харилцааны түүхэнд Монгол Улсын асуудал тэргүүлэх байр суурь эзэлж байсныг түүх гэрчилнэ. Монгол Улсын газар зүйн байршлын стратегийн ач холбогдол, их гүрнүүдийн геополитикийн бодлогын үүднээс Монголыг өөрийн нөлөөнд хамран тодорхой зорилгод ашиглах, түүний байгалийн баялгийг нээн, үйлдвэрлэл, зах зээлийн хүрээнд татан оруулахын төлөө эрмэлзэж ирсэн бөгөөд эрмэлзсээр байгаа тэмцэл өнөөдөр ч Монголын олон улсын байр суурийг тодорхойлох хүчин зүйл болж байна. Гэвч улс үндэстнүүдийн эдийн засгийн харилцан хамаарал хүчтэй болж буй өнөө үед Монгол мэтийн эмзэг, жижиг эдийн засагтай орны хувьд шинэ хараат байдал үүсэх, энэ хараат байдлынхаа улмаас эдийн засгийн хориг арга хэмжээнд өртөх гадаад хүчин зүйлийн нөлөөлөл нэмэгдэх магадлал өндөр байна. Энэ тухай Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд эдийн засгийн аюулгүй байдлыг бүх талаар хангахыг эрмэлзэн, аль нэг улсаас хэт хараат байдалд орохоос сэрэмжилнэ гэж заасан. Иймээс Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааг гадаад, дотоод орчинтой нийцүүлэн, шинэлэг өнцгөөс харах, цаашлаад хоёр хөрш орон, гуравдагч хөрш орнуудын сонирхол нэг цэгт огтлолцох болсон гео-эдийн засгийн нөхцөл байдал нь Монголын хувьд шинэ сорилт юм.

-Эсрэгээрээ манай хоёр хөрш таарамжгүй харилцаатай байх тусмаа манайд ашигтай биш үү?

-Хөрш орнуудын зөрчлийг өөрийн үндэсний эрх ашгийг хамгаалах зорилгод ашиглаж маневрлах бодлого баримтлах нь оновчтой байх гэж бодож байна.

-Манай хоёр хөрш биднийг даваад хоорондоо ингэж нягтрах нь манай улсад ямар нөлөө үзүүлэх вэ. Энэ үед бид яг ямар байр суурь баримталбал зүйтэй гэж та судлаач хүний хувьд үзэж байна вэ?

-ОХУ-ын хувьд БНХАУ-тай олон улсын болон бүс нутгийн асуудлаар үйл ажиллагаа, байр сууриа уялдуулан зохицуулж байдаг ба энэ хүрээнд Монгол дахь тэдний нийтлэг ашиг сонирхлоос үүдэн Орос улс ЗХУ-ын үеэс бий болсон Монгол дахь нөлөөллийн хүрээгээ хадгалах геополитикийн ашиг сонирхол байгаа нь тодорхой. Орос Ази руу чиглэсэн бодлогоо идэвхтэй урагшлуулж, Хятад чөлөөт худалдааны бодлогын стратегиа хэрэгжүүлснээр Монгол, Орос, Хятад гурван талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс Орос, Хятадыг холбогч тэнхлэг улсын хувьд ашиг сонирхлын нийлбэр дээр урагшлах боломж байгаагийн зэрэгцээ гурван талын ашиг сонирхол давхцахгүй тохиолдолд гацах магадлалтай боловч хоёр талын хүрээнд асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Иймээс Хятадын “Шинэ торгоны зам”, Монголын “Талын зам”, Оросын “ТрансЕвразийн бүслүүр”-ийн үзэл санааг нэгтгэн бие биенээ нөхсөн интеграцичилалын үйл ажиллагааны хүрээнд хамтын ашиг сонирхлын үүднээс үр дүнтэй хөгжих бололцоо байна гэж үзэж байна.

-Хоёр том гүрний дунд байгаа хөгжиж буй жижиг орныг жийргэвч улс, завсрын бүс нутаг гэх маягаар ойлгож хүлээж авдаг хэсэг бий. Үнэхээр Монгол Улс жийргэвч улс мөн үү. Ер нь тийм ойлголт олон улсын харилцаанд байдаг уу?

-Монгол Улс их гүрнүүдийн ашиг сонирхлыг төрүүлэх геополитикийн, гео-эдийн засгийн хүчин зүйл багатай жижиг улс боловч “бамбай” улсын гүйцэтгэдэг үүрэг хэвээр байгаагийн дээр Хятадаас Оросын Дорнод руу урсах шилжин ирэгсдийн тоо нэмэгдэж буй энэ үед Монгол нь Оросын Хятадтай хиллэх хэсгийг үлэмж багасган, Хятадаас хилээр хууль бусаар нэвтрэн ирж болзошгүй байдлыг бууруулах боломжтой юм. Өнөөдөр Монголын уул уурхайн салбарт олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхол эрс нэмэгдсэн 2000 оны эхэн үеэс зөвхөн геополитикийн хувьд их гүрнүүдийн анхааралд байсан Монгол Улс байгалийн их нөөцөө ашиглаж эхэлсэнтэй холбоотой их гүрнүүдийн эдийн засгийн ашиг сонирхлыг төрүүлэх болсон. Нөгөөтэйгүүр Хятад-Монголын хамтын ажиллагааны хөгжлийн хурдац Монгол-Оросынхоос илүү өндөр түвшинд байгаа өнөөгийн нөхцөлд Оросын ашиг сонирхлыг өөрийн нутаг дэвсгэр дээр бий болгож тэнцвэртэй хангаж байх шинэ сорилт, шинэ боломжийг бий болгож байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *