Энэ жил дэлхийн ноён оргил Эверестийн эргэн тойронд дэндүү их шуугиантай байх чинь. Учир шалтгааны талаар Оросын нэгэн сайтад их сайхан бичиж. Түүнийг нь хамтдаа сонирхъё.
Дэлхийн ноён оргил Эверест далайн түвшнээс дээш 8848 метрт өргөгдсөн хайрхан гэдгийг хүмүүс мэднэ. Энэ оргилын оройд мөрөө үлдээнэ гэдэг нь уулчин хүн бүхний мөрөөдөл байсан бол сүүлийн үед жирийн жуулчид хүртэл мацах болжээ. Түүн рүү очих хоёр төрлийн маршрут байдаг. Нэг нь Балба талаас, нөгөөх нь Түвдийн талаас. Хормойд нь шивэгнэж ярьдаг байсан энэхүү их хайрханы эргэн тойронд сүүлийн үед хэтэрхий их гамшиг тохиолдох болсон нь юутай холбоотой вэ. Зөвхөн тавдугаар сарын сүүлчийн долоо хоногт гэхэд арван уулчин эрсэдсэн нь учрыг тунгаах асуудал яах аргагүй мөн биз.
ЖААХАН ТҮҮХ ЯРЬЯ
Анх 1953 онд балба хөтөч Дэнзэн Норгэй ба Шинэ Зеландын Эдмунд Хиллари нар Эверестийн оргилд гарах үед тэдэнд 400 орчим хүн тусалж хэдэн арван сараар үргэлжилсэн лут урт экспедици зохиогдож байлаа.
Түүнээс хойш дэлхийн ноён оргилд гарах сонирхолтой уулчдын тоо нэмэгдэж, түүнийгээ дагаад бэлтгэл хугацаа багасч эхэлсэн. 1983 онд найман хүн оргилыг байлдан дагуулж байсан бол 1990 онд 40, 2012 онд 234, 2018 оны хавар гэхэд 715 хүн оргилд гарсан гэдэг тооноос харвал ямар их хурдацтайгаар мэргэжлийн ба мэргэжлийн бус уулчдын тоо өссөнийг анзаарч болно.
Ингэж өссөн тооны цаана Балба улсын жуулчдаас “саах” мөнгөний урсгал нуугдах аж. Уулын аялал жуулчлал нь Гималайн нуруунд орших Балба хэмээх жижигхэн улсын валютын гол эх сурвалж агаад тэр тусмаа Эверестийн оргилд гарахаар шулуудагсдаас яаж мөнгө олж болох вэ гэдгийг тэд үзүүлж өгнө дөө. Авирах зөвшөөрөл дангаараа нэг хүнээс арван мянган доллар, үргэлжлээд аяллын зам, маршрутаа заавал зуучлагч байгууллагаас авна, сургалтад сууна, хөтөч хөлслөнө, даатгал хийлгэнэ, дулаан хувцас хунар, тоног төхөөрөмж худалдаж авах гэх мэтчилэн үргэлжилсээр нэг жуулчин багаар бодоход уулын бэлд байхдаа 42 мянган ам.доллар зарцуулсан байх жишээний. Сүүлийн үед шерпа буюу хөтөчдийн ур авьяаст найдах нь ихэссэнтэй холбоотойгоор уулын ямар ч туршлагагүй хүмүүс тийшээ зүглэх нь эрс нэмэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт долоон авирагч амь эрсэдлээ. Тэдний алдаа юунд байсан бэ. Тавдугаар сарын эцэс хавьцаа уг нь Эверестэд авирах хамгийн тохиромжтой үе байдаг юм гэсэн. Тийм шуугиан, хөдөлгөөнийг нь далимдуулаад Балбын аялал жуулчлалын салбарынхан хэтэрхий их зөвшөөрөл олгочихож л дээ. Тиймээс одоо оргилын орой дөхөөд ирэх хавьцаа буюу гурван зуун метрийн дутуу байхад эгээтэй дэлгүүрт ховор барааны төлөө дугаарлаж буй мэт хэсэг бүлгээрээ зогсох хүмүүсийн тоо алдарчээ. Тийм өндөрт хэдэн цагаар зогсох нь бүү хэл хэдхэн минутыг өнгөрөөнө гэдэг ямар их аюул дагуулдгийг мэргэжлийн уулчид мэднэ. 44 настай Робин Фишер оргилоос уруудаад 150 метр явсны дараа хүчний дутагдлаас шалтгаалан нас барсан, 54 настай ирланд эр Прайс сүүлчийн отгоос цаашилж чадалгүй агаарын дутагдлаас шалтгаалан нас барсан, Энэтхэгийн гурван уулчин оргилд гарах мөчөө хүлээн 12 цаг зогссоны эцэст буцах чадалгүй болж гэх мэтчилэн эмгэнэлт мэдээнүүд цувж байна. Эд Доринг хэмээх америк эр харин амжилттай авираад буцаж ирснийхээ дараа “Хүүе, бид яг зоопаркт байгаа мэт байсан. Аймшигтай. Буцаж явахдаа хөлдөөд хөшчихсөн нэгэн эмэгтэйн хажуугаар яалт ч үгүй өнгөрөөд л алхсан. Тун их чихэлдэж байлаа” гэсэн байх юм.
Одоо Эверестийн бэл дэх үндсэн отогт(5364 метр) авирах дараалалаа хүлээгээд мянгаад жуулчин хэвтэж байна. Яаж ийгээд авирахгүй бол ийм зөөлөн цаг агаар удахгүй дуусах агаад тэр дээр гарч нэрээ мөнхлөх гэсэн туршлагатай, туршлагагүй жуулчид ноён оргилын хормойд чихэлджээ. Мэргэжлийн хүмүүс сийрэгжсэн агаарт зохицох гэж хоёр сарыг үндсэн отогт өнгөрөөж багтайгаа авиралтаа нягт ярилцан цаг минутаар төлөвлөгөөгөө гаргадаг зарчим их алдагдаж буй бололтой. Буруутан нь Балба гэж олон хүн үзэж байгаа.
Учир нь тэдний хуучин баримталж байсан хууль дүрэм буюу авирах гэж буй хүмүүсийн уулын спортоор хичээллэсэн он жил, туршлага, эмнэлгийн үзлэгээс ирүүлсэн биеийн байдлын цогц үзүүлэлт зэргийг харгалзан зөвшөөрөл өгдөг байсан зарчим бүгд мөнгөний өмнө алга болсон гэлцэх юм. Бас урьд цагт Балба улс нэг багт жилдээ ганц л зөвшөөрөл өгдөг байж. Харин одоо тэр хязгаар үгүй болж мөнгөө төлж л байвал хэдийг ч олгодог болсон нь уул руу ямар ч бэлтгэл, мэдлэг үгүй хүмүүс чихэлдэх болсон гол шалтгаан гэж ярилцаж байна.
Д.БАТ-ЭРДЭНЭ