Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил даваа гарагт эхэлнэ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам тавих ажлын нээлт даваа гарагт болно гэж ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан онцоллоо.

Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэр гаргасан. Энэ дагуу тус замын хоёр эгнээг сэргээн засварлах, шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болсон. Ингэхдээ замыг таван хэсэгт хувааж засварлахаар, гүйцэтгэгч компанийн сонгон шалгаруулалт явуулжээ. Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр хоёр эгнээ зам тавихаар гүйцэтгэгч компани сонгон шалгаруулах тендэр зарлаад байгаа юм.

Энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалангаас тодруулахад, “Дархан чиглэлийн 204 километр авто замыг нийт дөрвөн эгнээ болгоно. Хуучин хоёр эгнээг нь засварлахаар ажлыг нь эхлүүлсэн. Энэ ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэх бөгөөд одоогоор газар чөлөөлөлт, түр зам гаргах ажил явагдаж байна. Тендерт нь таван компани шалгарсан. Ерөнхийдөө энэ долоо хоногт техникүүд замын ажилдаа гарч, энэ сарын 17-нд авто замын ажлыг нээнэ. Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр тавих хоёр эгнээ замын ажлын санхүүжилтийн гэрээ хийж, урьдчилсан тендер шалгаруулах ажил явж байна. Хоёр үе шаттай тендер шалгаруулна. Энэ сарын 15-нд эхний шатны шалгаруулалт, наймдугаар сарын 15-нд хоёр дахь шалгаруулалт болно. Ингэснээр ирэх есдүгээр сарын 15-ны дотор ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөсөн. Засвар арчлалтын хоёр эгнээний ажлыг энэ жил дуусгаж, шинэ хоёр эгнээг нь ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” хэмээв.

Улаанбаатар-Дархан чиглэлийн түр зам тавих ажлыг Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Баянчандмань АЗЗА компаниуд 40-50 километрээр хуваан гүйцэтгэж байгаа бөгөөд түр замыг бүрэн хийж дууссаны дараа гол замын хөдөлгөөнийг хааж, гүйцэтгэгч компаниудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ. Одоогоор түр зам тавих ажил 60 гаруй хувьтай байгааг ЗТХЯ-ны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ мэдээллээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эхлүүлсэн замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх компаниудыг сонгохдоо, бүтээн байгуулах ажилд оролцсон туршлага, төлөвлөсөн хугацаандаа ажлаа гүйцэтгэж байсан эсэхийг гол шалгуур болгосон байна. Стандартын шаардлага хангасан, чанартай авто зам тавихын тулд, хяналтыг сайжруулж, ажлын гүйцэтгэлийг тухай бүрт нь үнэлэхийг албаныхан онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *