Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, энэ сарын хоёрдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар дуу цахилгаантай их хэмжээний бороо үргэлжилж орох бөгөөд, зарим газар салхи секундэд 12-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Цаг уурын байгууллагын мэдээлэлд үндэслэн Онцгой байдлын байгууллагаас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх дараах анхааруулгыг гаргажээ.
- Урин дулаан аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,
- Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
- Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,
- Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
- Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.