Улаанбаатар хот дахь гүний гаалийн бүсэд ажиллаж буй мэргэжлийн хяналтын байцаагчдын байнгын хяналт шалгалтаар энэ оны байдлаар 63 зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох заалтын дагуу 44 аж ахуйн нэгж, 19 иргэнд 46.050.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч барагдууллаа хэмээн НМХГ-аас мэдээллээ.
Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдээс дурдвал:
- Хяналт шалгалтын явцад Материал импекс дэх гүний гаалийн хяналтын бүсээр “Некст женерэйшн хеалт” ХХК-ийн импортолсон “Аменорм” нэрийн 50400 ширхэг, 62.7 кг, 12960000 төгрөгийн үнэ бүхий биологийн идэвхт бүтээгдэхүүнийг ХАБҮЛЛабораторид шинжлүүлэхэд хөгц мөөгөнцөр, агаартан бактерийн тоо хэвийн хэмжээнээс их гарсан. Монгол экспресс дэх гүний гаалийн хяналтын бүсээр иргэн О, М нар тусгай зөвшөөрөлгүйгээр БНСУ-аас 39 ширхэг, 1.020.000 төгрөгийн тарилгын уусмал, нүдний линз импортолсон. Иймд дээрх бүтээгдэхүүнүүдийг улсын байцаагчийн актаар хурааж, устгалд оруулж, 50439 ш, 13.980.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг Нийслэлийн зөвлөл”-д шилжүүллээ.
- Туушин дахь гүний гаалийн хяналтын бүсээр “Алтан торх рус” ХХК-ийн импортолсон Реддс, Эсса хоёр нэрийн шар айраг стандартыг хангаагүй хөлдсөн тул 3440 хайрцаг, 72880 ширхэг, 64.697.000 төгрөгийн шар айргийг устгалд орууллаа.
- Монгол экспресс дэх гүний гаалийн хяналтын бүсээр БНСУ-аас “Энто” ХХК-ийн WDFU3019163 тоот чингэлгээр импортолсон “Уранитин” нэрийн 3.7 тн, 202185 ш, 140.056.200 төгрөгний үнэ бүхий 10 мл-ийн савлагаатай уусмал эм нь тээвэрлэлтийн горим алдагдсанаас хөлдсөн зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуул шийтгэвэрийн арга хэмжээ авч, улсын ахлах байцаагчийн дүгнэлт гаргаж, гаалийн горимоор устгасан. “Энто” ХХК-ийн шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр борлуулсан хууль бус орлого болох 360.000 төгрөгийн улсын төсөвт орууллаа.
- “АБТЕМА” дахь гүний гаалийн хяналтын бүсээр “Юу И Ди” ХХК-ийн АНУ-аас импортолсон 9.2 тн хатаасан жимс, цагаан будаанд хяналт шалгалт хийхэд импортын гэрчилгээг хуурамчаар үйлдсэн зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль шийтгэвэр ногдуулж, хуурамч бичиг баримтын асуудлыг шалгуулж шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Цагдаагийн газарт албан тоот хүргүүллээ.