Categories
мэдээ улс-төр

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Image result for УИХ-ын чуулган

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-аар тавдугаар сарын 9-ний өдөр батлагдсан Захиргааны ерөнхий хуульд Ерөнхийлөгч Х.Баттулга V сарын 30-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг гишүүдийн олонх буюу 65,9 хувийн саналаар хүлээж авсан билээ. Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлж дуусан санал хураалт явуулахад гишүүдийн 65,4 хувийн саналаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

​Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

Дараа нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор Н.Эрдэнэцогт нар оролцсон. Хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар тус тус танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих тухай албан бичигт, Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр баталсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн хамрах хүрээг эрх зүйн шалгуургүйгээр хэт өргөтгөж байгаа энэхүү хууль нь төрийн эрх мэдэл харилцан тэнцвэртэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлал, хууль дээдлэх тухай төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, шүүхэд хандах Монгол Улсын иргэний үндсэн эрх болон хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах Үндсэн хуулиар хүлээсэн төрийн үүрэгтэй огт нийцэхгүй гэж үзэж байна” гэсэн байлаа.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6 дахь заалтуудын хамрах хүрээг хэт өргөтгөсөн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.а буюу “батлан хамгаалах, аюулгүй байдал болон гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр” гэсэн дэд заалтын хүрээнд батлан хамгаалах чиглэлээр гаргасан Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, тэдгээрийн харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа, аюулгүй байдлын салбар дахь Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа, гадаад бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр гаргасан Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Гадаад харилцааны сайдын тушаал, харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь бүхэлдээ ямар ч ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарч байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын хууль тогтоохоос бусад захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байдаг бөгөөд Улсын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийдлээр тодорхой салбар дахь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргах нь хуулийн дотоод зөрчилдөөн үүсгэж болзошгүй байна гэж дурджээ. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.б буюу “Улсын Их Хурлаас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж байгаа шийдвэр, үйл ажиллагаа” гэсэн дэд заалтын хүрээнд төрийн өмч хувьчлалын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрүүд, ашигт малтмалын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаал, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын тушаал, шийдвэрүүд, байгалийн нөөцийн удирдлагын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал, тэдгээрийн харьяа байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаа зэрэг асар өргөн хүрээний асуудал мөн л ямар нэгэн ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарч байна. Түүнчлэн уг дэд заалт нь утга агуулгын хувьд дээрх 3.1.7 дахь заалтдаа захирагдахааргүй, бие даасан хэмжээнд томьёологдсон байна. Тухайлбал, …төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор, тэдгээрийг хэрэгжүүлж байгаа шийдвэр, үйл ажиллагаа гэсэн нь 3.1.7 дахь заалтаасаа агуулгын хувьд өөр, бие даасан утга илэрхийлж байгааг анхаарах шаардлагатай гэдгийг З.Энхболд дарга танилцуулгадаа дурдсан.

Мөн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтын “тайлбар” хэсэгт буй “улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх” гэсэн томьёололд улс төрийн шийдвэр гэдгийг хэрхэн яаж ойлгохыг хууль зүйн үүднээс тухайлан тодорхойлоогүй байх төдийгүй тухайн ойлголтыг “Улсын Их Хурлын шийдвэрээр Засгийн газарт хүлээлгэсэн эрх, үүргийн хэрэгжилтийг хангах зорилгоор…” гэж “улс төрийн шийдвэр” гэх ойлголтоос тэс өөр утгаар тайлбарласан. Ингэснээр уг хуулийн 3.1.7 дахь “Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын дараах шийдвэр” гэсэн заалт нь 3.1.7.а, 3.1.7.б гэсэн дэд заалтуудаа “улс төрийн шийдвэр гэсэн агуулгын хүрээнд” хашиж, хязгаарлах боломжгүйд хүрч байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заасан. Үүний хүрээнд Улсын Их Хурал Үндсэн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа, иргэдийн баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөнд илт харшилж, зөрчил үүсгэх эрсдэлтэй хуулийг зохих ёсоор засаж, залруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа онцолсон. Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан байна.

Хууль зүйн байнгын хороо уг хоригийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийндагуу хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхбуюу 92.3 хувь нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, З.Нарантуяа. Н.Оюундарь нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Болд нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Хууль зүйн байнгын хорооны саналаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн65.9 хувь дэмжсэн ч, 3/2 хувьд хүрээгүй учир Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах болсноор чуулганы хуралдаан түр завсарлав. Үдээс хойших хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг тус тус сонсоноор өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Хуулийн төсөлд санал хүргүүлэх тухай” албан бичиг илгээж, УИХ-аар хэлэлцэж буй Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд саналаа хүргүүллээ.

ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.15 дахь хэсэгт заасны дагуу санал хүргүүлж байна.

  1. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь уг хуулийн үзэл баримтлал, суурь зохицуулалттай илт зөрчилдөж байна. Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт буй хуулийн зорилго гэсэн хэсэг болон мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт буй захиргааны байгууллагын тодорхойлолт, мөн зүйлийн 5.3 дахь хэсгийн зохицуулалтын агуулгад Монгол Улсын Засгийн газар шууд хамаарна. Учир нь, Монгол Улсын Засгийн газарт хувь иргэн, хуулийн этгээд рүү чиглүүлэн тухайлан захирамжилсан шийдвэр гаргах эрх Үндсэн хууль болон материаллаг хуулиудаар өргөн олгогджээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газрыг захиргааны байгууллага мөн гэж үзэх үзэл, хандлага Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаанд нэгэнт бүрэлдэн тогтож хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзэж болно. Үүний хүрээнд авч үзвэл хууль санаачлагчийн боловсруулсан хуулийн төсөл нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх зүйл, заалтуудад нийцэхгүй төдийгүй хуулийн зүйл, заалтуудын дотоод логик уялдаа холбоог алдагдуулахаар байна.
  1. Хуулийн төслийн үзэл баримтлалд хууль санаачлагч Үндсэн хуулийн Цэцийн 2005 оны 3 дугаар сарын 31-ний 02 дугаар дүгнэлтийг гол үндэслэлээ болгожээ. Цэцийн эл дүгнэлт нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад хамаарч байгаа бол хууль санаачлагчийн өргөн барьсан төсөл нь 2016 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулахад чиглэж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоол гараагүй байхад үйлчлэл нь дуусгавар болж хүчингүй болсон өөр хуулийн холбогдох зүйл, заалтын талаар гарсан Цэцийн дүгнэлтийг шинээр батлагдсан хуулийн зүйл, заалтад холбогдуулан шууд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэх нь хууль зүйн хувьд зохимжгүй төдийгүй үндэслэлгүй байна.

Цэцийн дээрх дүгнэлт гарснаас хойш уг дүгнэлтэд дурдагдаж буй Засгийн газар болон Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэртэй холбогдсон маргаан нь тус бүр Цэцэд бус харин иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж ирсэн байх бөгөөд ийнхүү шийдвэрлэгдсэн хэргийн тоо жилээс жилд өссөн байгаа нь 2005 онд гарсан Цэцийн дээрх дүгнэлт бодит байдалд хэрэгжих боломжгүй байсныг нотлон харуулж байна. Тухайлбал Засгийн газрын тогтоолтой холбогдуулан зөвхөн 2011-2013 оны хооронд нийт 17 хэрэг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгджээ.

Мөн хууль тогтоогч Цэцийн энэхүү 02 дугаар дүгнэлт гарснаас хойш тодруулбал 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 5 дахь хэсэг буюу Цэцэд тогтоосон хэргийн харьяаллыг бүхэлд нь өөрчилж Сонгуулийн ерөнхий хороонд харьяалуулахаар хууль гаргаж байсан бол 2015 онд Сонгуулийн тухай хуулиар хэргийн харьяаллыг дахин өөрчилж Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэртэй холбогдсон маргааныг Захиргааны хэргийн шүүхэд харьяалуулахаар хуульчилсан нь өдгөө ч хүчин төгөлдөр хэвээр байна.

Энэ талаар тухайлан Үндсэн хууль зөрчсөн гэх буюу эсхүл Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах талын санал, санаачилга гарч байгаагүй байна. Засгийн газрын шийдвэрээр эрх ашиг нь хөндөгдөж зөрчигдсөн гэж үзэж буй иргэн, хуулийн этгээд шүүхэд хандан нэхэмжлэл гаргах, шүүхээр шийдвэрлүүлэх үйл явц 1992 оноос хойш тасралтгүй гарсаар ирсэн бөгөөд цаашид ч гарах нь тодорхой юм. Ийм байхад Монгол Улсын Засгийн газрыг захиргааны байгууллага биш гэж үзэх, түүний гаргасан шийдвэрийг зөвхөн Үндсэн хуулийн Цэц хянан шийдвэрлэх ёстой гэж үзэх байр суурь, хандлага нь онолын болоод өнөөгийн хуулийн зохицуулалт, тэрчлэн шүүхийн практикаар бүрэн няцаагдаж байна.

  1. Хууль санаачлагч уг хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, түүний тайлбар болон мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалт тус тус ойлгомжгүй, хоёрдмол утга бий болсон гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэл муутай тайлбар болжээ.

Хуулийн дээрх заалтууд нь Монгол Улсын тухайд шинэлэг зохицуулалт бөгөөд эрх зүйт төрийн шаардлагад бүрнээ нийцэх юм. Шүүх эрх мэдлийн зүгээс хуулийн уг заалтуудыг шүүхийн практикт хэрэглэх явцад утга агуулгын ойлгомжгүй байдал бий болсон талаар ямарваа нэгэн шүүмж, санал гараагүй байхад Засгийн газар өөрөө санаачлан өөрийгөө шүүхийн хяналтаас гаргах хуулийн төсөл өргөн барих нь төрийн үйл ажиллагааны залгамж чанар, эрх мэдэл харилцан тэнцвэртэй байх эрх зүйт төрийн зарчимд огтхон ч нийцэхгүй байна.

  1. Хуулийн төслийн үзэл баримтлалд Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэж, түдгэлзүүлэх, хүчингүй болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Жаран долдугаар зүйлтэй тус тус зөрчилдөж байна гэж дурдсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Тухайлбал, дээр дурьдсан Үндсэн хуулийн эхний заалт нь Засгийн газрын эрх зүйн байдлыг тодорхойлсноос өөрөөр шүүхийн хяналттай огт холбогдолгүй бол хоёр дахь заалт нь Засгийн газрын гадагш буюу хувь хүнтэй холбоогүй аливаа шийдвэрийг Засгийн газар өөрөө эсхүл Улсын Их хурал хүчингүй болгохтой холбогдсон заалт юм. Харин гурав, дөрөв дэх заалт нь захиргааны маргаан бус харин Үндсэн хуулийн эрх зүйн маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой заалт тул Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалттай шууд холбогдолгүй юм.

Иймд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгийн шатанд нь зохих ёсоор засаж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтыг хөндөхгүйгээр “Үндсэн хуулийн цэцээр хянагдаж, эцэслэн шийдвэрлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнд хамаарах бусад үйл ажиллагаа” гэсэн 3.1.8 дахь заалт нэмэхийг санал болгож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг тул асуудалд нухацтай хандахыг зөвлөхийн зэрэгцээ саналыг зохих журмын дагуу хэлэлцүүлж, харгалзан шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын 2018 оны хаврын чуулганы өнөөдрийн /2018.06.27/ хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

15.00 цагаас:

-Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нарын 3 гишүүн 2018.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-“Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-“Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2018.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *