-ЖИЖИГХЭН УМГАР ӨРӨӨНД 20 ХҮНИЙГ ХОРЬСОН. БИД БАГТАЛЦАХГҮЙ БОЛОХООР НЬ НААРАН ДООГУУР ХҮРТЭЛ ОРЖ УНТАЖ БАЙЛАА-
Автомашинтай жагсагчдын зохицуулагч Б.Цэгмэдтэй ярилцлаа. Тэрбээр жагсаалын үеэр автомашинтай Чингисийн талбай руу нэвтэрсэн тул Зөрчлийн тухай хуулиар долоо хоног баривчлагдах ялаар шийтгүүлсэн юм.
-Та жагсаалын үеэр автомашинтай төв талбай руу нэвтрэх шаардлага байсан уу?
-Жагсаал өдрийн 14:00 цагт эхэлсэн. Энэ хугацаанд Сүхбаатар дүүргээс бүртгэл зөвшөөрөл нь ирээгүй байсан. Ингээд өглөөнөөс хойш цагдаа нар маш их дарамталсан. Янз бүрийн хүмүүс ярьж, эхний удаад 30 хоног саатуулна, дараа нь тохох хэрэг чинь бэлэн шүү гэх зэргээр дарамталсан. Биднийг талбай тойроод явж байхад ачилтын машинууд олноор ирж байсан. Энэ мэт нөхцөл байдалд дүгнэлт хийгээд би баривчлагдах нь тодорхой, автомашинаа ачуулах нь ойлгомжтой юм байна гэж бодсон. Төр болон цагдаа хийж байгаа тэмцлийг зогсоохын тулд ямар арга хэмжээ авдгийг харуулахын тулд Чингисийн хөшөөний урд очиж зогсох нь зөв гэж анхнаасаа шийдсэн. Ингээд сиймхийг харж байгаад талбай руу нэвтэрч, хөшөөний урд очоод машинаа паркалж тавиад, цагдаа нарт баригдсан. Энэ үед цагдаа нар хүч хэрэглэсэн. Зодож цохисон. Би ухаан алдаж унасан. Ямар ч байсан олон нийтийн анхаарлын төвд энэ асуудлыг оруулж 50 га газрыг цуцлуулсан болохоор зодуулж цохиулсан, хоригдсон зэргээ ч тоохгүй их баяртай байгаа шүү.
-Долоо хоног хаана саатуулагдсан бэ. Саатуулах өрөөний нөхцөл, эрүүл ахуйн байдал ямар байсан бэ?
-Цагдаа нар намайг эхлээд Дэнжийн мянгын саатуулах байранд 24 цаг хорьсон. Тэнд хов хоосон. Хэд хэдэн өрөө дамжсан. Ингээд найм болон 16 ортой өрөөнд ганцаараа байсан. Сүүлд нь 4-5 хүн нэмэгдэж ирсэн. Тэнд цагдаа нар загнаж дарамталдаг юм билээ. Өрөөнд байгаа өчнөөн олон орны нэгэн дээр нь хэвтэхэд орж ирээд чи яг энэ газар суу гэх зэргээр тулгадаг. Тэндээс гараад 409 дүгээр ангийн хажууд байрлах Баянзүрхийн баривчлах төвд хүргэгдсэн. Тэнд нэг өдрийн тооллогоор 411 хоригдол байсан. Ингээд 10 орчим метр квадрат болов уу гэмээр жижигхэн өрөөнд 20 хүнийг оруулчихаж байгаа юм. Зарим өрөө нь найм болон 10 ортой. Гэтэл ийм жижиг өрөөнд тэр олон хүн багтахгүй шүү дээ. Зай засваргүй хэвтэнэ. Бүр орны доогуур орж унтаж байсан. Хүний эрх маш их зөрчигдөж, бөөнөөр нь хорих лагер бий болчихсон байна. 200 хүний багтаамжтай байранд 411 хүн чихнэ гэдэг юу гэсэн үг вэ.
Ариун цэврийн өрөө рүү нь орсон чинь бас хэцүү байсан. Хоёр давхарт нь тус бүр дөрвөн суултуур, угаалтууртай ариун цэврийн өрөө байсан. Тэрний хоёр нь ажиллахгүй. Тэгэхээр тус бүр гурван суултуур, угаалтууртай болж байна. Энэ тэргүүгээр нь бие засчихсан. Гадуур нь хүндэрчихсэн байх жишээтэй. Монгол эрчүүдийн зарим нь ухамсаргүй, дорой байна. Мөн цэвэр усны хүртээмж муутай. Цоргоос нь дусагнасан байдлаар нарийхан гоожно. Зарим үед суултуурын ус татахад цоргоос ус гарахаа больчихно. Ийм ариун цэврийн шаардлага хангахгүй газар хүмүүсийг үй олноор нь хорьж болохгүй.
-Янз бүрийн өвчин зовлонтой хүмүүс байгаа байх. Бие биедээ халдвар тараах эрсдэл өндөр байсан уу?
-Тэнд байгаа хүмүүсийн зан ааш эвдрэхээс аргагүй юм билээ. Мөн халдварт өвчин бол аймшигтай. Тэрэн дотор яр шархтай, сүрьеэтэй, адгийн наад зах нь ханиадтай хүмүүс битүү. Ийм хүмүүсийг нийлүүлээд 24 цаг хорино гэхээр юу болох уу. Би ороод нэг хоноод маргааш нь ханиад хүрсэн. Эмчтэй уулзъя гэхээр хагас, бүтэн сайн таарчихсан. Орой болохоор хоригдож байгаа хүмүүс бүгд ханиалгана. Жижиг өрөөнд цус цэрээ нийгээд хачин юм болно. Би оройдоо халуурч, ядаж сувилагчаас эм авъя гэсэн чинь эмчийн заавраар өгнө гээд өгөхгүй. Тэгсэн ч манай эмний жилийн төсөв 150 мянган төгрөг байдаг. Хоригдол болгонд эмээр үйлчилж чадахгүй гэж байгаа юм. Тухайн үед бусдаас эм гуйж уусан. Тэд нар болгож байгаа юм л даа.
Долоо хоног хоригдож өвчин аваад гэртээ очоод тараагаад нийгмийн халдварт өвчин болгох нь байна шүү дээ. Сургууль дээр сүрьеэ тарлаа гэж ярьсан. Гэтэл баривчлах байранд бүрэн утгаараа халдварт өвчин тарж байна. Халдварт өвчний ямар ч шинжилгээ хийлгүй бүх хоригдлыг хамт хорьчихож байгаа юм чинь аргагүй шүү дээ.
-Саатуулагдаж байгаа хүмүүсийн ихэнх нь Зөрчлийн хуулиар 7-30 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байгаа. Ер нь гэр бүлдээ агсам согтуу тавих, амар тайван байдлыг нь алдагдуулсан зэрэг зөрчлөөс болж залуус олноор орж ирж байгаа санагдсан?
-Тийм ээ. Тэр хүмүүсийг баривчлагдсан этгээд гэж зөөлрүүлж нэрлэж байгаа юм. Гэхдээ ялгаагүй л хоригдол шүү дээ. Хоригдож байгаа залуус эндээс гараад эхнэрүүдээсээ сална гэж ярьж байна. Тэнд байгаа 400 хүн гараад сална гээд бод доо. Хэдэн хүүхэд өнчин үлдэх вэ. Зөрчлийн хуулиар хоёр баригдаад, гурав дахь дээр нь нэг жилийн ял авдаг юм байна. Мөн цагдаа нарын дунд аян зарладаг. Ямар ч байгууллага ажлын үзүүлэлтээр нь өрсөлдүүлдэг шүү дээ. Харин цагдаагийн байгууллагад ийм уралдаан хэрэггүй юм билээ. Цагдаа нар эрүүлжүүлэгдсэн этгээдүүдийг өөрсдийн ажлын үзүүлэлтээ нэмэгдүүлэх гээд шууд шүүхээр оруулаад 30 хоногийн ял үүрүүлчихэж байна. Уг нь ээж нь хүүхдээ нэг удаа эрүүлжүүлэхэд хонуулаад хашраая гээд явуулдаг. Гэтэл нөгөөхийг нь эрүүлжүүлэхэд хонуулаад ээжтэй нь уулзуулалгүй шүүхээр оруулж 30 хоногийн ял үүрүүлчихэж байна. Зөрчлийн хуулиар ингэж шийтгэж байна. Нөгөө хүүхэд дахиад баривчлагдвал ялтан болно. Ингэж монгол залуусыг ялтан болгох бодлоготой юм шиг санагдсан. Гэтэл наана нь хорьж цагдахаас өмнө авах арга хэмжээ байна шүү дээ. Хороо болгон дээр нийгмийн ажилтан бий. Тиймээс хорихоос өмнө тухайн хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх шаардлагатай.
-Таны шийтгэлд 10 хоног зан үйлийг өөрчлөх сургалтад суух байсан. Сургалтаар юу зааж байна вэ?
-Тэнд очиж байгаа хүмүүс 10 цагийн зан үйлийн хичээлд суух шийтгэлийг давхар авдаг юм байна. Жишээ нь, би танхайн хэргээр орсон. Уг нь нийгмийнхээ сайн сайхны төлөө явж байгаад орсон болохоос өөрийнхөө ашиг сонирхлын төлөө танхайраагүй. Надад зан үйлийн сургалт заасан цагаар бүтэн ороогүй. Харин тэнд хоригдлууд бие биенийхээ зан үйлд жинхэнэ нөлөөлж байна. Хар тамхи хаанаас авч татдаг, ямар хүмүүс худалдаалдаг, шоронд хэрхэн биеэ авч явдаг, яаж нэг нэгнийгээ дарамталдаг гэх зэргээр дандаа буруу зан үйлийн сургалт 24 цагийн турш долоо хоногоор үргэлжилж байна. Тэгвэл 30 хонож байгаа хүн ямар аймшигтай зүйл сурч байгаа бол. Үг хэллэгээс эхлээд эвдэрч байна. Тэнд христийн сүмийн нэг эгч л сургалт явуулсан. Би эгчтэй ярилцсан. Зөрчлийн хуулиар шийтгэгдэж өдөрт 400, жилдээ миний тооцсоноор 10 мянган залуу тэрүүгээр дамжаад гарч байна. Гэтэл 7-30 хоног эдлүүлж байгаа ялыг нь нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх, зан харилцааны жинхэнэ сургалтад нийтэд нь хамруулах зэргээр явуулж болдоггүй юм уу. Авууштай сургалтууд зөндөө байна. Энэ чиглэлийн олон ТББ бий. Жишээ нь Христийн сүмүүд байна. Тэд нарыг очуул л даа.
-Саяхан МҮОНТелевизээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг цацсан. Тэр бичлэгийг үзээд нийгэм сэрдхийсэн. Үүнтэй харьцуулбал ямар байсан бэ?
-Юу ч биш юм байна гэж бодогдсон. Тэнд дорой нэгнийгээ доромжлоод бүр хачин болгож байна. Би анх удаа тийм газар хоригдож байгаа учир их эвгүй сэтгэгдэл төрсөн. Телевизээр гарсан бичлэгт гурван хүн дундаа дөрвөн ортой харагдсан. Гэтэл бидний хоригдсон өрөөнд гишгэх зайгүй, газраар завсар зайгүй хэвтэж байгаа юм.
-Агааржуулалт нь ямар байв?
-Жижигхэн цонхтой. Үүд хэсэгтээ сараалжин төмөр хаалгатай. Тэр хэсэгт унтахаар агаар сэлгээд арай гайгүй. Голд нь унтвал тун хэцүү. Би маргааш өглөө нь босоод ингэж болохгүй гэж өргөдөл бичээд бусдаар нь гарын үсэг зуруулахад бүгд дуртай байсан. Гэтэл хорихын зүгээс намайг үймээн бослого дэгдээх гэж байна, энэ чинь Эрүүгийн хуультай, зогсоо гэж шаардсан. Би зогсоосон л доо. Гэхдээ өргөдлөө нуусан. Тэрийг авах гэж хорихынхон их үзсэн.
Мэдээж хүн л юм хойно алдаа хийгээд ирж байна. Гэтэл алдаан дээр нь дөрөөлөөд 7-30 хоног баривчилж, ахиад алдахад нь нэг жилээр хорьж байна. Дээрээс нь тэнд хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй, хоёр гар нь хугархай хүн байна. Мөн аавынхаа машиныг жолооны үнэмлэхгүй бариад долоо хоног хоригдож байгаа охид ч байсан. Төмөр сараалжин хаалганы урдуур явахад эрчүүд нь орилж чарлаад, хачин болдог. Энэ бол шууд хүчирхийлэл явагдаж байгаа байхгүй юу. Дөнгөж насанд хүрээд байгаа охид, залуусын сэтгэхүйд энэ нь яаж нөлөөлөх нь ойлгомжтой.
-Таньд Зөрчлийн хуулийг хэрхэн өөрчлөх санал байна вэ?
-Зөрчлийн хуульд сургалт явуулдаг, албадан хөдөлмөр эрхлүүлдэг ялтай болъё. Мөн гэрийн хорионд байлгах ял ч байж болно шүү дээ. Сэтгэлзүйчтэй ажиллуулъя. Цогтсугар гэж хүний сургалтад суугаад архинаас гарсан 10 хүнийг би мэднэ. Энэ мэтээр эмэгтэйчүүд, хүүхдүүдээ хамгаалахын тулд монгол эрчүүдийнхээ зан сэтгэхүйд нь нөлөөлж, ухаарч ойлгуулах сургалтыг ТББ-ууд хийж чадаж байна. Тэднийг ашиглах хэрэгтэй. Тэгэхгүй бол хорих ангиуд чинь ачааллаа дийлэхээ болиллоо. Шүүхээс баахан хүн шийтгээд явуулдаг. Хорих газар авахгүй гэлтэй нь биш. Дээрээс нь төсөв мөнгөндөө баригдчихсан. Тэнд 200 хүнээр төсөвлөөд хоолны мөнгө өгч байгаа. Гэтэл 400 хүн байдаг. Эхний очсон хүн хоолны тоонд ороогүй гэдэг шалтгаанаар 24 цаг хоолгүй байна. Ц.Нямдорж 20 гаруй жил сайд хийлээ. Тэгтэл Дэнжийн мянгад саатуулах байр эзэнгүй хонож байна. Нөгөө байранд нь 20 хүн чихдэг. Ядаж төр менежмэнт хийж энэ бүхнээ зохицуулаач ээ.
-Маргааш (өнөөдөр) машинтай жагсаал үргэлжлэх үү?
-Маргааш өглөө машинтай жагсаал эхэлнэ. Өнөөдөр Монголын жирийн иргэд банкны зээлийн хүүнд шулуулж байна. Мөн шатахууны үнийг литр тутамд 500-600 төгрөгөөр хямдруулах боломж байхад төр юу ч хийхгүй сууна. Үүн дээр Зөрчлийн хуультай холбоотой асуудал нэмэгдлээ. Энэ бүхнийг шийдэх ёстой. Гарц гаргалгаа нь бий. Би ард түмний эрх ашгийн төлөө өөрийн биеэ үл хайхарч, хэнээс ч үл эмээж тэмцсээр байх болно гэдгээ мэдэгдье.
Г.БАТЗОРИГ