Өнөөдөр “Улаанбаатар” зочид буудалд “Байгаль орчны эрхийг хамгаалах нь” сэдэвт Олон улсын өмгөөллийн уулзалт-хэлэлцүүлэг боллоо.
Тус хэлэлцүүлгийг Хүний эрх хөгжил төв, Нээлттэй нийгэм форум болон Олон улсын эдийн засаг нийгэм соёлын эрхийн сүлжээ ОУЭЗНСЭС байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.
Дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж байгаа ОУЭЗНСЭСбайгууллага нь 200 гаруй гишүүн байгууллагатэй. Тус олон улсын байгууллагын Стратегийн өмгөөллийн ажлын хэсгийн таван тивийн 12 орны төлөөлөгчид манай улсын хуульч, өмгөөлөгч, шүүгч, ТББ-уудын 15 төлөөлөл хамтран дөрөв хоног туршлага солилцох юм.
Энэхүү уулзалт семинарын гол зорилго нь хүний эрх болон байгаль орчны уялдааг тодорхойлох, тактикийн солилцоо болон хууль эрх зүйн хүндрэлийг даван туулах стратегийн нууцлалтайгаар зохион байгуулах, байгаль орчны хүний эрхийн зөрчлийг бий болгож буй хүчин зүйлсийг судлах юм. Нэг дор олон улсын туршлагыг солилцож дүгнэлт гаргах зорилготой.
Нийгэмд ямар нэгэн байдлаар хуулийг, хуулийг хэрэгжүүлж байгаа механизмыг, бодлогыг өөрчлөх нөлөө үзүүлэх өмгөөллийг стратегийн өмгөөлөл гэж нэрлэдэг.
Өнөөдрийн уулзалтад нээлттэй нийгэм форумаас захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлснээс хойш шийдвэрлэсэн нийтийн ашиг сонирхлыг хамгаалах хэргийн шийдвэрлэлтийн талаарх шүүхийн шийдвэрийг танилцуулж, оролцогчид дүн шинжилгээ хийж санал зөвлөмжөө хэлэлцсэн юм. Монголд нийтийн эрх ашгийн өмгөөллийг хийхэд эрх зүйн орчин ямар байна вэ.Ямар бэрхшээл тулгарч байна вэ. Тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.
Хүний эрх хөгжил төвийнтэргүүн Г.Уранцоож “Энэ хэлэлцүүлэгт хуульчид, өмгөөлөгчид, шүүгчид, ТББ-ууд оролцож байгаа учир энэ талууд олон улсын туршлагыг сонсоод манай байдал хаана явж байна, юу хийх ёстой вэ гэсэн нэгдсэн ойлголттой болох байх гэсэн хүлээлттэй байна хэмээн мэдэгдлээ.
Н. АМАРТҮВШИН